XVIII-XX зууны үеийн Монголын түүх, соёлын хосгүй дурсгал болох “Муу бүхнээс хамгаалах халхавч хэрэм” буюу янпай гэдэг нь хятад хэлний “yingbi” хэмээх үгнээс гаралтай бөгөөд судлаачид ихэвчлэн “халхавч хаалга”, “халхавч хэрэм” хэмээн тайлбарлсан байдаг. Түүнчлэн “zhabi” хэмээн нэрлээд “хаалт хана” гэх нь байдаг байна. Янпайг чулуун хавтан тоосгоор урлаж ордон, сүмийн өмнө босгосон нь нэг талаар самбар тэмдэг гэлтэй. Yanpai хэмээх гү нь хятад хэлний yan-чулуун, pai- пайз, самбар хэмээх үг бөгөөд урьд нь чулуун самбар, хөшөөг ийнхүү нэрлэдэг байна. Одоогоор Монгол Улсад 3 томоохон хийд, орд өргөөний өмнө янпай дурсгал сүндэрлэн байдаг. Найралт төв хаанаас Өндөр гэгээнд зориулан босгосон Амарбаясгалант хийд (1727), Нарангэрэлт түмэн наст VIII Богд хааны орд өргөө (1893), Өршөөлийг хөгжүүлсэн сүм буюу Чойжин ламын сүмийн (1904-1908) өмнө сүр хүчийг үзүүлсэн оршсоор байгаа билээ.
Янпайн гарал үүслийг нь авч үзвэл эртний Хятадын Жоугийн үед мод, чулуу, тоосго хавтан зэргээр хаад, ихэс ноёдын орд өргөө, сүмийн өмнө барих болсон байна. Янпай нь цогцолбор барилгаас тусдаа тусгаар, сүм хийд, орд өргөөний гол хаалганы чанх урд голлон орших бөгөөд элдэв муу муухай, аюул зэтгэр, гай тотгороос хамгаалан сайн сайхан, ариун эрхэм бүхнийг урин бэлэгдсэн уран барилгын дурсгал юм.