1823 онд Өвөрбаясгалант Хамарын хийддээ газар орныг тэтгэх их суварга бүтээсэн. Анхны суваргын өндөр ба өргөн нь тус бүр 15 алд байжээ. Жил жилийн цагаан сараар элдэв дарцаг, хадаг зэргээр чимж, бурхадын дүр хийморийн бэлгэдлийг байрлуулан тусгай зан үйл гүйцэтгэдэг байжээ. Өвгөн суварга нь 115 жилийн дараа 1938 онд Хамарын хийдийг нураахад эвдэгдэн нурсан ажээ. 1990 оноос тус хийдийг хурал номын үйл сэргээж хийдийн орчны үл хөдлөх дурсгалуудыг сүсэгтэн олны дэмжилгээр дахин бүтээн цогцлоож байна. Үүний нэгээхэн нэсэг нь энэхүү Өвгөн суваргыг дахин цогцлоосон үйл хэрэг байв.
Эдүгээ сэргээн босгосон Өвгөн суваргын өндөр нь 32м, суурийн голч нь 32м бөгөөд тал талдаа язгуурын таван бурханы дүр бүхий монгол гэр хэлбэртэй, дээд цамхаг нь төмөр хийцтэй, оройдоо монгол түмний шүтээн соёмботой, доод суурийн хэсэгтээ баатар дагинасын дүр бүхий чулуун сийлбэр ханатай, олон бүтээлч бодьсадва нарын дүрийг залсан мөргөлийн танхимтай их шүтээн юм.
Монголын анхдугаар дүрийн өндөр гэгээн Занабазарын намтар түүхээ, түүний гүн бясалгалын агаарт бүх монголчуудын амин шим нэгдэн хураагдаж, улмаар бурханы номын лугаа хагацалгүй явахын бэлгэдэл болж өөрөө аяндаа тодорсон тул “Соёмбо ” хэмээн нэрийдэх болсоныг монгол түмэн сайн мэдэх билээ. Монголчууд энэхүү соёмбоо дээдлэж явсан цагт Бурханы номоос хагацахгүйгээр үл барам, хэзээ ямагт туурга тусгаар явах болно хэмээн айлдсан тухай ч бас бий. Энэ мэт олон зүйл учир шалтгааны улмаас дээдсийн зарлигийг баримтлан эл суваргын оройд эрхэм бэлгэдэл болгон оршоосон байна.
Гэр хэлбэрийн тухайд бүхэл үеийн туршид монголчуудын орон гэр болсоор ирсэн тул үүнийг арван зүг, гурван цагийн хамаг Бурхан, Бодьсадва нарт “Бурханы орон” болгон өргөхийн сацуу Монгол орон хэзээ ямагт дээдийн номын орон газар байх болтугай хэмээн ерөөлийг хамтатган өргөж буй утга учир юм. Монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг гэр таван ханатай байдаг. Тиймээс суваргын их биеийг таван ханатай гэрээр бэлгэдэж түүний хана тус бүрд язгуурын таван бурханыг залжээ. Эдгээр таван бурханы ачаар “хамаг амьтан бурханы номын үнэн мөнд жаргах болтугай” хэмээн бэлгэдэн залсан.
Суварганы дотор хананд Ловон Бадмажунай бурханы найман хувилгаан дүр голлосон Энэтхэгийн 81 шидтэний цадиг түүх болон Ноён хутагтын нууцын хоёр дүрийг бүтээн залсан гэдэг. Хаалганы зүүн талд Бурхан багшийн нэгэн бодьсадва дүр болох эрдэнийн зааныг эрхшээгч, баруун талд урт насны бэлгэдэлт цагаан өвгөний дүрийг бүтээжээ. Гол баганын өмнө зүгт эе эвийн бэлгэдэл эвтэй дөрвөн амьтан, баганыг тойроод тахил өргөсөн таван дагинасын дүрийг бүтээн нууц тарний ёсны ил болон далд бэлгэдэл бүгдийг жигдэлсэн байна. Суварга урт нас, удаан жаргал, өлзий учрал бүхий уртыг шингээсэн Их соёмбот ёслолын хаалгатай.