Үнэн алдартны шашин Монголд

Түүхэн баримтаас үзэхэд, Чингис хааныг залгамжлагч Алтан ордны улсын хаад бусад шашныг ивээх бодлогыг Орост үргэлжлүүлж, үнэн алдартны шашныг дэмжин хүлээн авчээ. 1270 онд Мөнхтөмөр хаан “Орост сүм хийдийг гутааж, үнэн алдартны шашны хамба лам болон тэдний санваартнуудыг гомдоож болохгүй. Тэдний хот тосгон, газар нутаг, ан амьтан, ой мод, ногооны талбай, цэцэрлэг, тээрэм, сүүний аж ахуй бүх төрлийн албан журам, татвараас чөлөөлөгдөх болно. Энэ бүхэн бурханых бөгөөд тэд өөрсдөө ч бурханых юм. Тэд бидний төлөө ч залбирах болно” хэмээн зарлиглаж байжээ.


Оросын ван Александр Невский монголчуудтай тэмцэх хүч байхгүйгээ ойлгон тэдэнтэй нэгдсэнээр католик шашинтнуудаас үнэн алдартны шашинтны эсрэг хийсэн дайнд ялсан юм.


1860 онд Орос, Хятадын “хуурай замын худалдааны журам”-ын тухай гэрээ байгуулагдсанаар орос худалдаачид Монголд арилжаа наймаа эрхлэх, Нийслэл Өргөө хотод Оросын консулын газар нээх боломж бүрджээ. Ийнхүү 1861 онд Оросын консул, гишүүд, нарийн бичгийн дарга, орчуулагч, бага эмч нарын бүрэлдэхүүнтай ирсэн байна. Консулын барилгын зэрэгцээ хажууд нь үнэн алдартны жижиг сүм барих ажил өрнөж, 1864 оны 4 дүгээр сарын 4-нд Өргөө хот дахь Троицкийн сүм нээлтээ хийжээ. Хэсэг хугацааны дараа 1883 онд Николай Шастин сүмийн байнгын ламаар томилогдон ажиллажээ. Сүмийн хоёр дахь ламаар Эрхүү хотоос феодор Парняков ирсэн бөгөөд түүний санаачилгаар халамжийн газар нээгдэж, монголын түүхэнд анх удаа тусгай дунд мэргэжлийн байгууллага болох Худалдааны сургуулийг нээжээ. Тэрбээр, монголын хамгийн алслагдсан хязгаар нутгаар мориор 1.5 мянган км аялан явж монголчуудын амьдрал байдлыг судалж байжээ. феодорын Монгол дахь Оросын оршин суугчид ба орон нутгийн хүн амын амьдралыг тодорхой дүрслэн бичсэн бүтээлүүд нь ХХ зууны эхэн үеийн Монгол Оросын харилцааны түүхийн талаар үнэт сурвалж болдог ажээ. Эцэг феодор Парняков 1921 оны 1 дүгээр сарын 28-нд барон Унгерн Штернбергийн гарт амь үрэгджээ.




Эцэг ламыг таалал төгссөний дараа Троицкийн сүмийн амьдрал аажмаар бөхөж, 1927 оноос хаагдаж өөр зориулалтаар ашиглагдах болсон байна. Хожим 1998 оны 1 дүгээр сард Улаанбаатар дахь Троицкийн сүмд шинээр томилогдсон лам Анатолий фесечко иржээ. Тэрбээр сүмийг 2005 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд тэргүүлж байсан бөгөөд түүний ажлыг лам Алексей Трубач хүлээн авчээ. Эдүгээ шинээр байгуулсан үнэн алдартны сүм нь Жуковын гудамжны замын нөгөө талд урьд нь оросын худалдааны төлөөлөгчийн газар байсан байшингаас холгүй сүндэрлэж байна.

 

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном