Христосын шашны тухай ойлголт

Христос буюу монгол хэлэнд орчуулан нэрлэдгээр “загалмайтны шашин” бол дэлхийн гурван том шашны нэг хэмээн нийтээрээ хүлээн зөвшөөрдөг билээ. Энэ шашин христосын тооллын өмнөх I зуунд Ромын эзэнт улсын дорнод мужуудын дарлагдсан олон түмний дунд анх үүсчээ. Христосын тооллын 311 онд Ромын эзэн хаан христос шашныг хүлээн зөвшөөрч дагаар орсноор 324 онд төрийн албан ёсны шашин болж хүлээн зөвшөөрөгджээ. Шашны санваартнууд цуглаж ард түмний дунд дэлгэрсэн домог үлгэрийг нэгтгэн цэгцэлж христосын шашны нэгдсэн сургаал бүхий “Библи”-ийг гаргаж, “загалмай”-г нэгдсэн шүтээн болгожээ.

Ромын эзэнт гүрэн задралд орж өрнө, дорно гэсэн хоёр хэсэгт хуваагдсанаар Y-XI зуунд христосын шашин католик ба үнэн алдартны гэсэн хоёр үндсэн чиглэлд хуваагджээ. Үнэн алдартны шашин нь төрийн эрх мэдэлд шашны эрх мэдэл захирагдаж байхыг зөвшөөрдөг байр суурийг илэрхийлсэн бол католик нь шашны эрх мэдэлд төрийн эрх мэдлийг захируулах ёстой гэдэг байр суурийг хамгаалжээ. Хүн төрөлхтний түүхэнд папын засаглал нь төрийн ба шашны аль аль салбарт дэлхийн ноёрхлыг тогтоох санаархалыг нэг биш удаа гаргаж байсан байна. Католик шашны зүгээс бүхнийг захирах гэсэн ийм үзэл санаа, байр суурь нь протестант гэдэг нэртэй шинэ чиглэлийг бий болгож, улмаар XYI-XYII зуунд тасран гарсан байна. Христос шашны ийм гурван чиглэл өөр өөрийн онцлог болон өөрсдийгөө зөвтгөдөг янз бүрийн сургаал нь XX зуунд бий болжээ. Өнөө үед дэлхийн хүн амын 17.4 хувь нь христос шашинтан ажээ.

Католик шашны неотомизм: Неосхоластик философийн орчин үе дэх хамгийн нөлөө бүхий чиглэл нь неотомизм бөгөөд католик сүм хийдийн албан ёсны номлол юм.




XX зууны өрнөдийн философийн энэхүү нөлөө бүхий нэг чиглэл нь Итали, Франц, Испани, ХБНГУ, АНУ, Австри, Швейцар, Латин Америк зэрэг католик шашныг шүтдэг орнуудад өргөн тархжээ. Эл философи дундад зууны үед баруун христос шашны номлолд үндэслэн философийн ба шинжлэх ухааны мэдлэгийг тайлбарлах замаар анх үүссэн ажээ. XIII зуун бол европ дахь схоластик цэцэглэлтийн үе бөгөөд эртний Грек, Ром, Араб, Еврейн ард түмний философи, урлагийн бүтээлүүдийг латин хэлнээс орчуулж, олон сургууль байгуулагдаж, тэдгээр нь шашны онолын мэдлэгийг гадаад хэлнээс орчуулан сурталчилж эхэлжээ.



Үнэн алдартны шашны номлол: Үнэн алдартны шашин католик шашнаас тасран гарч, христос шашны хүрээн дэх бие даасан нэг чиглэл болжээ. Католик шашин нь шашны онолын оюун ухааныг дээдэлдэг үзэл буюу рационализмыг Фома (1224-1274)-гийн сургаалаар баталгаажуулан сурталчилдаг бол үнэн алдартны шашны үүднээс үнэн бол оюун ухаанаас урьд “зүрх сэтгэлээр” мэдрэгдэж, хүмүүст өгөгдсөн буян хишиг болж байдаг. Католик шашны бишрэл тодорхой бие хүн рүү хандан зан үйл гүйцэтгэхэд хүргэдэг. Харин үнэн алдартны шашин нь бие хүнээс дээгүүрх сүмийн хамтлаг шинж рүү хандах байдалд хүргэдэг. Эл шашны философи баримтлал нь XIX зуунд жинхэнэ ёсоор төлөвшсөн ажээ.


Неопротестантизм: Протестантизм бол христос шашны дотор католик шашин, үнэн алдартны шашин хоёрын дараа ордог нэг салбар шашин мөн. Эл шашин Европын олон улсад феодализм, түүнийг зөвтгөн хамгаалдаг католик шашны эсрэг тэмцэж байсан хөрөнгөтнүүд, тариачид, хотын ядуусын үзэл санааны зэвсэг болон XYI зууны эхний хагаст анх үүсч, XYIII зууныг хүртэл нийгэм улс төрийн дэвшилтэт үзэл санааг хамгаалж байжээ. Католик шашин, үнэн алдартны шашин хоёроос ялгарах нэг чухал онцлог гэвэл энэ шашинд хүн бурхан тэнгэр хоёрын харилцаа сүм хийд, лам нараар дамжилгүй шууд холбогддог. Өөрөөр хэлбэл, бурхан тэнгэрийн хайр ивээлийг хүн хүртэхдээ католик сүм хийдээр дамжуулалгүй хувийн бишрэл, бурхан тэнгэрийн хүсэл эрмэлзэл хоёрын ачаар шууд хүлээн авч болно гэдэг байна. Ийм баримтлал нь улс төрийн нам байгаагүй, нам байгуулагдах түүхэн нөхцөл бүрдээгүй үед католик сүм хийдийг үгүйсгэн, шинээр төрж буй хөрөнгөтний нийгэмд ардчилсан шаардлага тавих үүд хаалгыг үзэл санааны хувьд нээн өгч байжээ. Европод XYIII зуунаас хойш ертөнцийг үзэх иргэний үзэл өргөн дэлгэрсэн тул протестантизм эл түүхэн нөхцөлд зохицон шинэ хэлбэртэй болжээ.

 

Христийн шашны үүслийг товчоор үзүүлбэл,

Йудейн шашин → Христийн шашин → Үнэн алдартны

                                                           → Христийн       →  Протестант

                                                                                                →  Католик

 

Ертөнцийн эзэн анх Израйльчуудыг сонгон аваад Синай хэмээх уулан дээр Мөшэхэд номлосон 10 чухал сургаал хууль бий. Үүнийг хүмүүс цаг ямагт санаж явбал амьдралаа зөв жолоодож чадна хэмээн сургадаг. Тэрхүү 10 сургаал нь, 1. Ертөнцийн эзнээс өөр ямар ч юмыг шүтэж болохгүй. 2. Хиймэл бурхан хийн хүндэтгэж болохгүй. 3. Ертөнцийн эзнийг харааж болохгүй. 4. Долоо хоногийн нэг өдөр ажил хийж болохгүй. 5. Эцэг эхээ хүндэлж бай. 6. Хүн бүү ал. 7. Хэзээ ч бүү завхайр. 8. Хулгай бүү хий. 9. Худал бүү хэл. 10. Бусдын эд хөрөнгө, эхнэрт бүү санаарх хэмээн сургадаг ажээ.

 

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном