Буддын шашин бол дэлхийн гурван том шашны нэг юм. Шүтэх, эс шүтэх эрх чөлөөг олгосон дэлхийн хамгийн ардчилсан шашинд тооцогддог. Олон бурхадын зарчмыг тунхагладаг онцлогтой. Анагаах ухаан, дуун ухаан, урлахуйн ухаан, хэл шинжлэл, орчуулга, зурхайн ухаан гэх мэт их бага таван ухааныг номлодог шинжлэх ухаанч шашин юм. Үзэл санаа нь арга билгийн нэгдлүүд дээр тулгуурласан байдаг. Эдүгээ дэлхий даяар 700 сая хүн эл шашныг шүтдэг гэсэн тоо баримт бий. Буддын шашинт Энэтхэг, Төвд, Монгол гурвыг Номт гурван улс гэж нэрлэдэг. Банчин-Эрдэнэ, Далай лам, Богд гэгээн гурав буддын шашны гурван оргилыг бүрдүүлж бие биенийгээ тодруулдаг. Монголчууд буддын шашны тогтолцоог системтэй болгоход гол үүрэг гүйцэтгэж хийдүүд дотор шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлсэн дацангуудыг бий болгожээ.
Будда гэж юу гэсэн үг вэ. Санскритаар “будда”, Төвдөөр “санжаа” хэмээх үг бөгөөд “нойрноос сэрсэн” гэсэн утгыг илэрхийлдэг. Буддын шашин НТӨ Y зуунд Энэтхэгт үүсч, IY зуунд тархжээ. Энэтхэгийн хааны хунтайж Ситхарта Гаутама зовлонгийн шалтгааныг олохын тулд 7 жил даяанчилж, бясалгасны эцэст муу үйлийн шалтгааныг олж Буддын шашны нэгдсэн онолыг бий болгожээ. НТӨ I зуунд буддын шашин хиндү шашнаас албан ёсоор салж бие даан хөгжиж, хиндүгийн брахманизмын урсгалаас олон бурхадын зарчим, карма буюу үйлийн үр, сансарагийн номлолыг, шайнизмын урсгалаас сүм хийдийн зохион байгуулалт, өөрийн биеэр бурханд хүрэх сургаал буюу бясалгалыг авч хөгжүүлжээ.
НТӨ I зуунаас эхлэн Буддын шашин Азид маш хурдацтай тархахдаа улс бүрийн соёлын онцлогийг тусгасаар НТӨ 380 онд хоёр үндсэн урсгалд хуваагдсан. Энэ нь махасанкхи буюу махаяна (их хөлгөн), тихоравада буюу хинаяна (бага хөлгөн) гэсэн хоёр хүчтэй урсгал бөгөөд Монголд махаянагийн номлол дэлгэрсэн. Махаяна нь “Будда бол хүний дүрээр амилсан бурхан бөгөөд түүхэн хөгжлийн явцад газарт ирсэн бурхан юм” гэж номлон хоосон чанарын онолыг үүсгэжээ. Гэгээрэх замаар кармагаас гарч чадна, өөрөөр хэлбэл, хүн нирваанд хүрвэл үйлийн үрийн тойргоос гарч зовлонгоос ангижирна гэж үздэг. Зовлонг хийсвэр, хүний өөрийн санаагаар үүсдэг гэсэн үзэл санаа ноёлдог. Хинаяна нь “Будда бол бодит хүн тул түүний сургаалийг дагаж мөрдөн гэгээрэлд хүрч чадна” гэж номлодог. Өөрөөр хэлбэл, амьд хүн байж гэгээрэлд хүрсэн юм чинь энгийн хүмүүс ч бас гэгээрэлд хүрч болно гэж үзжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах