Арван хангал бурхадын нэг бөгөөд буддын шашны нууц увидасын хаан хэмээн алдаршсан. Монголоор Мутартаан очирт гэдэг. Амаа ангайж, дөрвөн соёог ярзайлган, хэлийг хуйлруулсан, гурван мэлмийг догшруулсан, баруун мутартаа таван үзүүрт очирыг огторгуйд далайж, зүүн мутараа зүрхэн тус газраа хумиж, хөх өнгийн цээживч, барын арьсан хормогч өмсөн, зүүн хөлөө сунгаж хилэнцэт догшин амьтдыг даран гишгэсэн сүрт байдлаар, бадарсан их галын дунд оршино.
Анх Абтай сайн хан Төвд оронд морилж Далай ламаас залж ирсэн хэмээдэг. Монголчууд Отгонтэнгэр уулыг Очирваань хэмээн сүсэглэн дээдэлж ирсэн бөгөөд байдлыг нь үзвээс хар хөхөмдөг уул ажээ. Баруун хойд биед оршдог бага Отгонтэнгэрийн Дөрөө хэмээх салбар уул нь баруун гараа огторгуйд мандаан таван салаатай очир барьсан дүртэй ажээ. Ар биеийн үргэлжлэл болох Хүрэн ороонго хэмээх уул нь зүүн гараа зүрхэндээ авсан байдалтай харагдана. Зүүн урд орших Цаст хан уул нь зүүн хөлөө жийсэн янзтай. Баруун бэлд нь Эрээн, Чулуут хэмээх асга мод байдаг нь барын арьс нөмөрсөн мэт донжтой. Оргил зүмбэрийнх нь зүүн дороос өглөөний наран мандаж, баруун доод биед нь оройн галт наран титэмлэн жаргадаг нь гал ноцох мэт харагддаг учраас Очирваань бурханы бүрэлбаа хэмээжээ. Монгол орныг даасан Ядам бурхан учраас айл өрх бүр хоймортоо залдаг. Очирваань бурханы зүрхэн тарни нь “Ум базар ваани хум пад, Ум дүра гани сууха, Ум жилаа тэү сууха” бөгөөд арван зүгийн хар хорыг тасалж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулна.
Эх сурвалж: Монгол орны лавлах