Буддын томоохон сүм хийдүүдэд Махранзын сүм гэж байхаас гадна гол сүмийн үүдэн хаалганы баруун, зүүн талд хоёр хоёр хаан бурханыг залдаг уламжлалтай. Буддын шашныг хамгаална хэмээн бурхан багшид ам тангараг өгсөн Дөрвөн их махранз буюу Дөрвөн их хаан сахиусыг сүм хийдэд залан тахиж, гадаад дотоодын саад тотгорыг арилгаж, шашны дайснаас хамгаалдаг байжээ. Махранз гэдэг нь “Махаража” хэмээх санскрит үг бөгөөд монголоор Их хаан гэсэн утгатай.
Ёлхорсүрэн: Цагаан лагшин биетэй, ертөнцийн зүүн зүгийг сахин хамгаалагч. Хуяг дуулга өмссөн баатар дүртэй, мутартаа бийбаа хөгжим барьсан байдаг бөгөөд өөрийн амнаас гарах хорт дууг бийбаа хөгжмөөр хаана гэсэн домогтой.
Пагжийбуу: Хөх лагшин биетэй, өмнө зүгийг сахин хамгаалагч, аварга биет чөтгөрүүдийг захирагч хаан юм. Хуяг дуулга өмсөн, илд далайн, уурлан хилэгнэсэн дүрээр залардаг. Мутартаа барьсан сэлмээр айлган, өөрийн хорт биенд амьтдыг үл хүргэнэ гэсэн домогтой.
Жамийсан: Улаан лагшин биетэй, баруун зүгийг сахин хамгаалагч, лус савдагийг захирагч хаан юм. Хуяг дуулга өмсөн, зүүн мутартаа могой, баруун мутартаа алтан суварга барьсан байдаг бөгөөд өөрийн нүдэнд байх хорыг өөр бусад амьтан харахаас өмнө алтан суваргаа дээш өргөн хаана гэсэн домогтой.
Намсрай: Алтан шаргал лагшин биетэй, хойд зүгийг сахин хамгаалагч бурхан бөгөөд өвчин эмгэг авчрагч ягчис чөтгөрүүдийг захирагч хаан сахиус. Баруун мутартаа ялан дийлэхийн бэлгэдэл болсон хиур туг, зүүн мутартаа эрдэнээр бөөлжигч хулгана барин, амаа жимийсэн дүрээр залардаг. Түүний амьсгал нь хортой тул амаа ангайхгүй жимийдэг гэсэн домогтой.