Монголоор Аюулган үйлдэгч хэмээнэ. Шашныг хамгаалагч арван хангал бурханы нэг бөгөөд оюун билэгийн бурхан Манзуширын догшин дүр нь ажээ. Шарын шашинд тахилга үйлдэхдээ эхэнд нь залж тахидаг ёс заншилтай. Хөмсөг сахалаас нь гал бадарсан, хурц соёотой, хэл нь мушгирсан, луугийн дуугаар дуугарсан, цусан дусал бүхий эрих хийж лагшиндаа өлгөсөн, хар могой болон хүний ясаар чих, бугуй, шилбээ чимэглэсэн, бадамлянхуа цэцэгт дэвсгэр дээр өөрийн юүм Доржсолонма хэмээх цэнхэр өнгөтэй баруун мутартаа гавал барьсан нүцгэн эмийг тэвэрч зогссон дүртэйгээр залардаг. Арван хангал бурхадын дотор хамгийн хүч чадалтай бурхан бөгөөд 9 тэргүүн, 34 мутар, 16 хөлтэй байдаг нь түүний хүч чадал газар бүрт зэрэг илэрч байдаг гэсэн утгатай, шашин номын дайснуудыг номхруулан дарах шидтэй.
Эх сурвалж: Монгол орны лавлах