Дүйнхор бурхан

Цаг хугацааг захирагч бурхан бөгөөд монголоор Цагийн хүрдэн хэмээдэг. Будда багшийн айлдсанаар Боталла, Утай, Үржинханд, Дорждан, Шамбал хэмээх таван ариун орон байдаг гэнэ. Цагийн хүрдэн бурханг анх Бурхан багш Шамбалын их хаан Даваасамбуу болон бусад 96 хаадад номлосноор дэлгэрсэн түүхтэй ажээ. Дүйнхор бурхан нь эргэн орших цаг улирлыг бэлгэддэг дөрвөн өнгийн тэргүүнтэй бөгөөд улаан нь зун, цэнхэр нь хавар, цагаан нь өвөл, шар нь намрын улирлыг тус тус илэрхийлдэг. Лянхуа суудал дээр босоо байрлалтай, тэргүүн бүр духан дээрээ гуравдагч мэлмийтэй, бие биеэ таалж буй хос бурхадын дүрээр залардаг. Өөрөөр хэлбэл, гэрлэсэн бурхан бөгөөд бурхадын гэргийг “юүм” гэж цээрлэн нэрлэдэг. Дүйнхор нь юүм Нацагнямын хамт дүрслэгдэх бөгөөд энэ нь эцэг эхийн хамтдаа байх таашаал баяслын хүчээр хорвоогийн амьдрал ертөнцийн залгамж холбоог үүсгэн амьтанд тусыг бүтээдэг хэмээх бэлгэдэлтэй ажээ. Юүм нь газар эхийг бэлгэдсэн шар өнгөтэй, дөрвөн зүг найман зовхисыг бэлгэдсэн найман мутартай. Дүйнхор бурхан өөрөө хөх, улаан, цагаан өнгийн мөр тус бүрдээ 4 буюу нийт 12 мутартай байх агаад энэ нь жилийн 12 сарыг бэлгэдэж байдаг. Хоёр талын бүх мутарууд нийлээд 24 байх агаад энэ нь хоногийн 24 цагийг илэрхийлдэг. Нэг хурууны 3 үе, гарын арван хуруунд байх бүх үе нь 30 болж нэг сарын хугацааг илэрхийлдэг. Нэг мутарт байх 15 үеийг бүх мутарын тоо болох 24-өөр үржүүлээд 360 болгож, дөрвөн тэргүүн, лагшин биеийг нь нэмж 365 буюу нэг жилийн хоногийн тоог гаргадаг. Дүйнхор бурхан нь Балданлхам, Очирваань бурхадтай адил догшин хүч чадал, илбэ шидийг агуулдаг байна. Гурав дахь мэлмийн тухай домог нь, эрт урьдын цагт Шива тэнгэр Праватти хатантайгаа тоглон зугаацаж байгаад хатан нь хоёр мутараараа Шива тэнгэрийн хоёр мэлмийг таглахад орчлон хорвоо хав харанхуй болжээ. Хүн амьтан туйлгүй айн балмагдаж, бүх юмны сүр сүлд хийсэн алга болох шиг санагджээ. Орчлонг харахын тулд Шива хоромхон зуур духан дээрээ гурав дахь мэлмийг бий болгосон ажээ. Ийнхүү гурав дахь нүдийг авралын мэлмий гэдэг болжээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах