Монголоор Морин толгойт хэмээх бөгөөд хурдан морины уяач, унаач хүүхдүүдийн сахиус бурхан. Адууны тэнгэр ч гэж нэрлэдэг. Гурван тэргүүнтэй, зургаан мутартай, найман хөлтэй, найман лус буюу найман могойг гишгэсэн зогсоо дүртэй. Гурван тэргүүн нь өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэдэж тус бүрдээ морин толгойтой байдаг. Нимава ёсны Ядам бурхан байсныг Богд Зонхов Гэлүгва ёсны Ядам бурхан болгожээ. Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдүүд эл бурханы зүрхэн тарни болох “Ум марзий нам сууха” хэмээх тарнийн шидийг агуулсан “Гийнгоо” дуулж мориныхоо сүр хүчийг нэмэгдүүлж, хийморийг сэргээдэг.