Бөө бөөлөх утга учир: Тэнгэрийн онгод, уул усны лус савдгуудад хүндэтгэл үзүүлэн, тэдний хүч чадлаар дамжуулан зовлонд унасан, аз жаргалгүй хүмүүсийг аврахын тулд хийж байгаа үйл юм. Бөөгийн тахилга ёсоор бол хүнд учирсан азгүй явдал, өвчин зовлонгийн учир шалтгааныг эзэн тэнгэрээс эхлээд сонсож мэдэх явдал бөгөөд учир шалтгааныг мэдэж авсны дараа түүнийг байхгүй болгож номхотгох ёслол үйлддэг. Эл үйлдлийг хийх явцад тухайн зовлонд учирсан хүний уур хилэнг ашиглаж оюун санаанд нь нэвтрэн зовлонгийн үндсийг арилгаж, учир шалтгааныг намжаадаг бөгөөд бөөгийн хүч чадал нь үүнд оршдог гэж үздэг. Хараал хариулах, хараал хийх, лусын хорлолыг буцаах, зайлуулах үед онгод хатуу догшин орж ирдэг. Мөн удаан хугацаанд дуудахгүй байх, цайлж дайлж, даллага авах ёсыг алдсан үед их ширүүн догшин морилж ирдэг байна. Онгод гэдгийг нүдэнд үл үзэгдэх, дүрс хэлбэргүй бие гэж төсөөлж болно.
Дэлхийн шашнууд өөрсдийн үзэл баримтлал бүхий сургаалийг багтаасан судартай байдаг. Тухайлбал, буддын шашинд ганжуур, христосын шашинд библи, исламын шашинд коран гэх мэт судар байдаг бол бөө мөргөлд судар гэж байдаггүй. Бусад шашин үндэслэгчтэй. Жишээ нь, буддын шашинд Будда Шагжамуни, христосын шашинд Есүс Христос, исламын шашинд Мухамед гэж байхад бөө мөргөлд үндэслэгч, номлогч гэж байхгүй, тухайн өвөг дээдсээс уламжилж ирсэн зан үйлийн дагуу тахилга үйлддэг. Бусад шашинд байдаг шиг мөргөл үйлдэх сүм дуган, мөргөлийн суварга гэх мэт элдэв хэлбэрийн барилга байгууламж байдаггүй. Буддын шашнаас эхлээд бусад бүх шашинд үүссэн тодорхой хугацаа байдаг бол бөө мөргөл хэзээ үүссэн тодорхой хугацаа, он тооллын тэмдэглэл байдаггүй. Түүнчлэн сургалт хичээл гэх ойлгол байхгүй бөгөөд үе уламжлах хэлбэрээр дамжуулдаг. Бусад бүх шашин урсгал чиглэлтэй байдаг бол бөө мөргөлд байдаггүй.
Бөө гэдэг нь эл шүтлэг мөргөлийн ерөнхий нэр юм. Бөөг “удмын бөө”, “залги бөө” гэж хоёр ангилдаг. Бөөгийн үүргийг гүйцэтгэж буй хүнийг “улаач” гэнэ. Харин улаачийн биед оршсон онгодын үгийг дамжуулан хэлж буй хүнийг “түшээ”, “хэлмэрч” гэх мэтээр нэрлэдэг. Удмын бөө нь удам дамжсан бөөг хэлдэг бөгөөд залги бөө гэдэг нь гэнэтийн цочролоор буюу гэнэт онгод орсон бөөг хэлдэг. Онгод орно гэдэг нь хий юм харах, оюун санааны ертөнцдөө сүнстэй уулзах гэх мэтээр тайлбарлагддаг. Өөрөөр хэлбэл, энгийн хүний нүдэнд үл үзэгдэгч их эрчим хүч биеэр нь гүйж байна гэсэн үг ажээ. Эрчим хүчийг эзэмшиж түүнтэй харьцах ур чадвар авъяас билэгтэй болсон хүнийг “бөө хүн” гэдэг. Бөө хүн өмсгөлөө өмсөн хэнгэргээ дэлдэн онгодоо дуудахад өөрийнх нь сүнс гарч орон, тэнгэрт заларсан эцэг өвгөдийнх нь сүнс биенд нь шингэн орж хол ойр, ирээдүй хожмын явдлыг тайлагч болдог ажээ. Монгол бөөг ерөнхийд нь хар болон цагаан зүгийн бөө гэж ялгадаг. Хар зүгийн бөө нь умар зүгийн догшин тэнгэрүүдийг шүтдэг. Харин цагаан зүгийн бөө нь хүч үл хэрэглэх номлолоороо хар зүгийн бөөгөөс ялгардаг. Эрэгтэй бөөг зайран, эмэгтэй бөөг удган гэнэ.
Бөөгийн хувцас ба хэрэглэл. Бөө хүн дээл, малгай гутал өмсөхөөс гадна хэл хуур, хэнгэрэг, цохиур, толь, таяг сэлтийг хэрэглэдэг. Бөө нар сар бүрийн сондгой тоотой өдрүүдэд бөөлдөг. Дээлээ хуяг гэдэг бөгөөд бөөлөх үед үүсэх элдэв янзын дайрлага муу юмнаас хамгаалах хуяг нь болдог. Эрт үед бор гөрөөс, зээр, ямааны элдсэн арьсаар хийдэг байв. Бөө дээл нь бие манжиг, мөргөл манжиг, хормой, хонхинуур, уяа, суга, бүч, сүүл, нуруу, товч, ханцуй, далавч, хошмог, энгэр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Эдгээр хэсгүүд нь тус бүрдээ өөрийн утга бэлгэдлийг агуулдаг. Малгайг улаачид залагдан ирж буй онгод тэнгэрийн тэргүүн хэмээн үздэг. Нүүр самалга, малгайн өд, хараа, чих зэргээс бүрдэнэ. Малгайдаа шар шувуу, бүргэд, сойрын өдийг хатгадаг бөгөөд өдний тоо нь шавийн тоо болон удам угсааны үеийн тоог илэрхийлдэг. Гутал нь бөөгийн онгод, өөд болсон бөөгийн сүнс, лусын хөл болно. Бөө гутлыг гурын элдсэн арьсаар хийнэ.
Бөөгийн хэнгэрэг нь тухайн бөөд залагдаж ирсэн онгодын унаа хэмээн тайлбарлагдана. Хэнгэрэг дээрх зураг дүрслэл нь онгодын унаа болж өгдөг учраас унаагаа унаад халин дүүлэн нисэж байгаа утгыг хадгалдаг. Цохиур нь онгод тэнгэрийн хүлгийн ташуур, онгодын хэлмэрч бөгөөд толгой, иш гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Хуур нь бөөгийн хөгжим бөгөөд шүдэндээ зуух буюу нааж баруун гарын дунд хурууг эрүүний тус газар тулгуурлан долоовор хуруугаар цохиж ая оруулан тоглодог зэмсэг. Үүнийг хэл хуур, аман хуур гэдэг. Хуур нь онгод тэнгэрийн улаач буюу бөө хүний унаа, зам заагч, хэлмэрч, онгодоо дууддаг хэрэгсэл гэх мэтээр тайлбарлагддаг. Толь нь бөөгийн чухал хэрэгсэл бөгөөд хүрэл юмуу гуулиар хийгдсэн байдаг. Элдэв хараал зүхэл, онгодын халдлагаас бөөг хамгаалах хамгаалагч болдог.
Бөө нар нь эртнээс нааш эрхэмлэн шүтдэг юм бүхнийхээ сүнсийг хийсвэрлэн дүрсэлж, түүнийгээ малын үс ноос, эсгий бөс даавуу, мод зэргээр дүрслэн бүтээж иржээ. Гурван янзын хэлбэр байдаг. 1. Чулуу, мод, бөс даавуу, эсгий, ноос, өвс зэргээр тусгай бие болгон хүүхэлдэй маягаар дүрслэн бүтээсэн онгодын хэлбэр. 2. Ямар нэгэн амьтан хүн дүрслэлгүйгээр олон өнгийн даавуу хадаг, булга хэрэмний арьс зэрэг эдээр хийсэн урт богино бүхий дүрслэлтэй сэтэр онгодын хэлбэр. 3. Дүрслэн бүтээх, хийсвэрлэн бүтээх хоёрын хэлбэрийг хослуулан хэрэглэсэн хэц онгодын хэлбэр.
Эх сурвалж: Монгол орны лавлах