Гомбо бурхан

Монголоор Зургаан мутарт итгэл гэнэ. Шарын шашныг хамгаалагч гол Чойжин бурхан бөгөөд Жанрайсиг бурханы догшин дүр юм. Гомбо сахиус нь зургаа, арван зургаан мутартайгаар дүрслэгддэгээс монголд зургаан мутартай дүр нь өргөн тархсан байдаг. Гомбо бурхан нь дөрвөн соёог сэрийлгэсэн, гурван улаан мэлмийтэй, сахал үс нь гал мэт бадарч, баруун гурван мутартаа хүний гавлан эрих, очир дигүг, дамар барьсан. Зүүн гурван мутартаа цуст гавал буюу тодов, очирт сэрээ, цалам барьсан, хөх могойгоор үсээ ороолгон зангидсан, барын арьс нөмөрсөн, ходоод нь цүдгэр, 50 нүгэлтэн хүний толгойгоор эрих хэлхэн лагшиндаа өлгөсөн, зүүн хөлөө гадагш жийсэн, баруун хөлөө дотогш нугалсан, улан доороо Ганэшя хэмээх заан бурханг гишгэсэн, орой дээрээ Мижодба бурханыг залсан, бадарсан их галын дунд наран мандалт бүхий лянхуа цэцгэн сэнтий дээр заларсан байдаг. Гомбо сахиусыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл гүйцэтгэдэг болно.