Энэтхэгийн буддын шашныг шинэчлэн Төвдөд дэлгэрүүлсэн хүн. Өөрөөр хэлбэл, Төвдийн шашин буюу шарын шашныг үндэслэгч юм. Жинхэнэ нэр нь Лувсандагва бөгөөд 1357 онд Төвдийн Хөх нуурын Шинян орчимд Зонха гэдэг газар төрж, 1419 он хүртэл амьдарч байжээ. 17-37 нас хүртэл шашны номыг үзэж, буддын шашны хямралд дүгнэлт хийж шинэчлэл явуулан шинэ сахилуудыг бий болгожээ. Тухайлбал, эхнэр авахгүй, архи уухгүй, худал хэлэхгүй, амьтны амь таслахгүй, худалдаа наймаа ба төрийн хэрэгт оролцохгүй байх тухай заажээ. Түүний хоёр шавийн өргөсөн нэр нь Далай лам, Банчин-Эрдэнэ, харин номын нэр нь Жалцавжи, Хайдавжи юм. Будда Шагжамунигийн хойт дүрийг тодруулаагүйн адил Богд Зонховын дараагийн дүрийг гаргаж ирээгүй байна. Богд Зонхов буддын шашны анхдагч судруудыг судалсны үндсэн дээр бурханы шашинд томоохон шинэтгэлийг хийж, Бодь мөрийн зэрэг хэмээх алдартай судрыг зохиож гэгээрэлд хүрэх шат дамжлагыг заажээ. Богд Зонхов таалал болохынхоо өмнө шавь нартаа хандан “Миний сургаалыг уншин дагаж байгаа хэн боловч надтай уулзаж, миний шавь болж байна” гэсэн үг хэмээн гэрээсэлжээ.
Зонхов богдын талаар домог өгүүлэхүй: Юан улсын хааны зарлигаар Сонгинотод даргаар тохоогдсон Лүбүнх гэгч буурай, олон хүүхэдтэй ядуу айл байжээ. Зонха буюу Сонгинот голын хөвөөг дагаж аж төрдөг байжээ. Цөөн хэдэн хонь, ганц алаг үнээтэй юмсанжээ. Гэтэл үнээ нь тугалах гээд шилрэн алга болжээ. Эх нь бие давхар боловч алаг үнээнийхээ хойноос явж гэнэ. Үнээ нь харин Зонха голын эхэнд тугалласан байсныг олж, үнээгээ хөтлөн, тугалыг нь тэврэн, гэр рүүгээ явж байтал өөрөө төрөхөөр өвдөж, Зонха голын хөвөөнд нэгэн хөвүүнийг төрүүлжээ. Эх Шинжээ хүүгээ аваад явбал тугалаа авч чадахгүй, тугалаа тэвэрвэл хүүгээ авч явж чадахгүй гацаанд ороод бодсон нь: “Манайх олон хүүхэдтэй айл хүүгээ орхиё, манай олон өлөн амыг үнээ маань тэжээдэг, тугалаа авч харих нь зөв” гээд нярайгаа хээр орхиод, тугалаа аваад харьжээ. Маргааш нь Лүбүнх өвгөн “Ямар ч байсан бидний үр, яасан бол” гэж бодоод үнээ тууж ирсэн мөрөөр яваад Сонгинот голын ар хөвөөнд хүртэл нэгэн том шувуу сууж байгаад ниссэнд “за энэ шувуу ч хүүг маань тоншчихсон байхдаа” гэж бодон очвол хүүг нь тэр шувуу харин далавчаараа бүтээн хоносон байжээ. Үүнд аав нь баярлаж, ниссэн шувууны араас залбираад, энэ онцгой хувь заяатай хүүхэд байна гээд хөвүүнээ аваад харьжээ.
Зонхов (Зонха гэдэг нь Сонгинотын ам гэсэн төвд үг, Зонхова гэдэг нь Сонгинотын амын хүн гэсэн утгатай) билгийн улирлын зургадугаар жарны улаагчин тахиа жил буюу аргын тооллын 1357 онд Зонхад эхийн алтан хэвлийгээс унасан ажээ. Аав нь Бумлхүмбэ гэж Юан улсын хаанаас томилогдсон даргач хүн байжээ. Даргачаар зөвхөн монгол хүнийг л тавьдаг байжээ. Тэрхүү Бумлхүмбэ нэр хятадаар сунжирсаар Лүбүнхэ болсон гэж үздэг байна. Зонхов богдын багын нэрийг Гунгаанямбуу гэдэг байжээ. Долоон настайдаа Донровринчен хувилгаанаас гэцэлийн санваар авчээ. Түүнчлэн Ямандаг, Дэмчиг, Чагдар зэрэг ядам бурхадын тарнийн авшиг хүртжээ. Донжиддорж гэдэг нууц нэртэй болсон байна. Энэ үед төвд хэл бичиг сурч, бурханы олон зүйлийн судар тарнийн ном заалгаж, эрдмийнхээ суурийг тавьсан байна. 16 насандаа Түвдэд ирж Сарва гүнтэнгээс анагаах ухаан, Ричинамжир гүүш ба Сажбад Банчингаас дуун ухаан, Нэхсамбуу гүүшээс уянга, утга зохиолыг сурчээ. Мөн Сахъяа хийдийн Рэндаваа, Цонорүбжи багшаасаа “Төв үзэл”, “Винайн аймаг сав”, “Шалгадагийн тайлбар” сэлтийг сурсан байна. Хорин найман насандаа гэлэнгийн санваар хүртжээ. Зонхов судар тарнийн хуваргуудыг хэнийг ч болов цөм сахил санваарыг чанад сахиж, гэргий авалгүй, шар малгай өмсөж, сүмд шавилан суухыг номлож, архи, тамхийг цээрлэх, ужид цэнгэлийг тэвчих, амьтны амь хороохгүй байхыг номложээ. Шар луу жил буюу 1401 онд Зонхов богд “Бодь мөрийн зэрэг” бүтээлээ эхэлж, дараа жил нь дуусгажээ. 1406 онд “Тарнийн мөрийн зэрэг” гэдэг том бүтээлээ туурвисан ажээ. Энэ хоёр том бүтээлээрээ шарын шашин буюу Гэлүгвэгийн аймгийн онолын үндсийг тавьжээ. Их мэргэдийн оройн чимэг Их богд маань унасан газар, угаасан усныхаа нэрээр Зонхов гэж даян дэлхийд алдаршжээ.