Балданлхам (Лхам) бурхан

Монголоор Төгс цогт охин тэнгэр хэмээнэ. Шашныг хамгаалагч арван хангалын нэг, урлагийн бурхан Янжинлхамын догшин дүр юм. Төвдийн ард түмнийг зовоож байсан мангасыг даруулахын тулд бурхан багшийн бүтээсэн эм бурхан бөгөөд мангасыг дарахын тулд түүнтэй ханилдаг. Тэд хоёр хүү төрүүлсэнд нэг нь эцгээ дуурайсан мангас болжээ. Балданлхам бурхан мангас хүүгээ идэж хөнөөсний дараа эцэг мангасыг дарж устгасан гэдэг. Баруун мутартаа сэрээ далайсан, зүүн мутартаа гавал барьсан, амаа ангайлган дөрвөн соёог ярзайлгасан, гурван мэлмийг эргэлдүүлсэн, баруун сонороо арслангаар, зүүн сонороо могойгоор тус тус чимсэн, барын арьсан хормогч өмсөж, хонгор халзан луус хөлөглөж, их цусан далайг дүрэлзэн асах галт шуурган дундуур гаталж буй байдлаар залардаг.


Монголчууд Лхам сахиус хэмээн алдаршуулсан бөгөөд оны сүүлчийн өдөр болох битүүнд айл бүрээр айлчлан ирж, мянган бурханы номыг номлон, шашныг дэлгэрүүлэн, гадаах хорлол саадыг дарж, сахин хамгаалаад буцдаг хэмээнэ. Лхам бурханы хонгор халзан хөлөг нь нэгэн эгшинд 3000 удаа ертөнцийг эргэх шидтэй ажээ. Урьд цагт сүм хийдүүд битүүний шөнө тусгайлан бэлдсэн сүмд Лхам бурханыг тахиж, сүмийнхээ үүдэнд элс асгадаг байжээ. Өглөө гэгээ орох үед элсэн дээр луусны мөр гарсан байхыг хардаг байсан гэлцдэг. Лхам бурхан ийнхүү битүүний шөнө хүний ертөнцөд зочлон ирж амьд бүхний зовлонг нимгэлдэг тул өрх айл болгон гэрийн тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьдаг байжээ. Энэ нь хонгор халзан луусыг нь услах гэсэн санаа бөгөөд бие, хэл, сэтгэлийн өргөл болгож тавьдаг байжээ. Шинийн нэгний өглөө эртлэн босож ургах наран руу харан зогсож байгаад Лхам бурханы зүрхэн тарни болох “Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум” хэмээх тарнийг долоон үе болгон  уншихад тэр жилийн гай барцад бүгд арилж нас буян нэмдэг гэж үздэг. Долоон үе болгон уншиж байгаа нь дээд тахил болдог нууц увидастай ажээ. Балданлхам бурханы зүрхэн тарни нь шашны дайснуудыг номхруулж, хатуу үйлийг буцаан, муу хувь тавилангаас гэтэлгэнэ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах