Лус савдагийн тухай ойлголт

Монголчууд эрт дээр үеэс байгаль эх, уул хайрхан, дов толгод, нуур тойром, гол горхи, мод чулуу, газар шороо болгон амьтай, эзэнтэй бөгөөд тэдгээрийн эздийг нь ЛУС, САВДАГ хэмээнэ ойлгож ирсэн.

Байгаль дэлхийтэй буруу харьцсанаас үүдэн лус савдаг хилэгнэж, улмаар тэдний хорлолд өртдөг. Лус нүдгүй учраас буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь (ген) олж хорлон шийтгэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн муу үйл хийсэн хүний үр удам нь сайн үйл хийсэн ч харахгүй бөгөөд зөвхөн ураг удмынх нь үнэрээр нь олж очоод хэдэн үеэр нь ч хамаагүй хорлодог учраас лусын хорлолыг удам дамждаг хэмээн ярьдаг. Лусын хорлол голчлон биеийн өвчин болж илэрдэг аж.

Лусын 8 аймгийг үндсэн гурван төрөлд хуваадаг.

Хар лус: Бүх уул хайрхан, мод чулуу газрын эзэн тэнгэр. Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг. Хар лус нь хүний биеийн 5 цул эрхтэнг барьж өвчлүүлдэг. Элэг, ходоод, эмэгтэй хүний сав, өндгөвчний өвчлөл нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг.

Цагаан лус: Газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр. Ан амьтан, тэдгээрийн үр төл, ганцаар яваа амьтан, содон зүстэй амьтан агнавал цагаан лусын хорлолд өртдөг. Голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу, эрэмдэг, саажилттай болгохоос гадна амь насыг ч авдаг байна. 

Хөх лус: Булаг шанд, гол мөрөн, далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр. Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир зүйл хийх, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороовол хөх лусын хорлолд өртөх бөгөөд усан хаван, бөөрний өвчлөл, арьсан дээрхи элдэв тууралт, яр шархны өвчлөлөөр өвддөг.

Лусын хорлолд өртсөн хүмүүс элдэв амьтан, ус гол, уул мод зүүдлэх, хавар намрын цагт өвчлөл нь идэвхиждэг онцлогтой. 3, 5, 7 дахь жилүүдэд лусын хорлол биелдэг гэж үздэг.

Бөө улаач нарт лус савдаг нь хүний дүрээр, билгийн мэлмийтэй лам хувраг хүнд амьтны дүрээр харагддаг ажээ. Лус нь нүдгүй, амгүй, ус урсах мэт үстэй, үүл мэт хөнгөн, хөвөн мэт зөөлөн, эрэмдэг нүүрээ нуудаг байна.

Лусын амьтан: Бөөгийн ертөнцөд ус чийгний бүх амьтдыг хэлнэ.

Лусын гүйдэл: Тодорхой орон зайн усны гадаргуу дээр зам нь өөрчлөгддөггүй, шулуун замаар тогтмол гүйдэг хол ойрын гэсэн хоёр зай байдаг бөгөөд үзүүр ёзоортой ажээ. Лусын гүйдэл өвөл унтдаг байна.

Лусын овоо: Усны бэлчир, булаг шандны эх хавьд байрлуулсан, өмнө зүг рүү харуулсан орох үүд бүхий чулуун болон модон овоог хэлнэ.

Лусын өнгө: Бөөгийн онгод тэнгэрийн дуудлагад “Хар лус хамжаатангууд, хөх лус хөлтөнгүүд, цагаан лус дуудианчууд” хэмээдэг. Хар лус нь газрын хар шороо, хөх лус нь ус, цагаан лус нь хий гэсэн санааг илэрхийлдэг.

Лусын хаад: Бөөгийн ёсонд лусыг “лусын хаад” гэж ярьдаг. Ертөнцийн 6 их хаадын нэг нь лусын хаан буюу аварга загас хэмээнэ.

Лус савдагтай нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг газар лусаар хөллөсөн бөө хэмээнэ, тийм бөөгийн увидасын хүч чадал харьцангуй өндөр хэмжээнд байдаг. Лусын эздийн дүр төрх бөө бүхэнд үзэгддэггүй ч гэсэн зарим бөөд үзэгдэхдээ хүний, амьтны дүрээр харагдах тохиолдол байдаг ажээ.

Өргөл өргөнө гэдэг нь тэнгэртэйгээ харьцаж буй үйлдэл бөгөөд өөрийнхөө үйлдлийг хянаж өөрөө өөрийгөө засдаг үйл юм. Өргөл өргөхдөө хөлдөө бүтэн гуталтай, биендээ бүрэн хувцастай, толгойдоо малгайтай байх учиртай. Малгайтай очоод малгайгаа авч магнайгаа харуулж өргөдөг нь эртнээс уламжилсан ёс юм. Өргөл өргөхдөө юунд хэнээс өргөж байгаагаа, ямар хүсэл зорилго хүсэж байгаагаа хэлэх учиртай. Эргэн тойронд нүдэнд үл үзэгдэх олон тооны энерги байдаг бөгөөд бүгд сайн сайхан энерги байдаггүй. Өргөж буй өргөлөө юунд зориулж байгаагаа хандаж дуудаж өргөхгүй бол болох болохгүй завсрын сүнснүүд өргөлөөр тань хооллоод хүч орохын зэрэгцээ өргөл тань эзэндээ хүрэхгүй хий дэмий өргөл болдог байна.

Тухайлбал: 

........... хайрханы олон овооны эзэд минь ээ, хатан их лусууд минь ээ

............ жилтэй ......... овогтой ............ би /хөвүүн үр нь, охин үр нь/

Идээ цайныхаа дээжийг өргөж байна аа

Гал голомт үр хүүхдийг минь ивээлдээ авч хайрлана уу, ажил үйлийг минь дэлгэрүүлж хайрлана уу ... гэх мэтээр хүслээ хэлнэ.