Монголд дэлгэрсэн түүх

 

Эхэн үе: НТӨ үеэс эхлэн хамаарах бөгөөд эртний Энэтхэгийн Маурын эзэнт гүрний Ашока хааны үед Бурханы шашин Кашмираас - Дорнод Туркмен хүрч тэндээсээ Монголд оронд дэлгэрсэн гэж үздэг. НТӨ 121 онд Хүннүгийн зүүн өмнөд хэсэг болох одоогийн Ганьсу, Хөх нуурт Хан улсын жанжин Хо Чучин Өмнөд Хүннүгийн Тань ванд цохилт өгч Тэнгэрийн шүтээн Алтан хүнийг олзлон авсан байдаг.  

Хүннү гүрний ихэс дээдэс, хаадын ордны хүрээнд бурханы шашин орж ирсэн ч тухайн үедээ тэлж чадаагүй байна. Түүнээс хойшхи Монголын эзэнт гүрнүүдэд тодорхой хэмжээгээр бурханы шашин бага хэмжээгээр шүтэгдэж байжээ. Жишээ нь:

- Сяньби улсын үед зарим хаад нь буддын шашны цол хэргэмтэй байснаас гадна Туюханы улсад 5 давхар суварга барьсан байжээ.

- Тобагийн Вэй улсад (386-535 он) Тоба хаан зарлиг гарган бурханы номыг орчуулж байжээ.

- Жужаны хаант улсад /(IY - YI зуун) 420-450-аад оны үед амьдарч байсан Дхармаприя гэдэг энэтхэг ламыг төрийн их багшаар өргөмжилсөн. Цагаан Лянхуа судрын олдсон хэсэг нь Жужаны 468 оноор өндөрлөсөн байдаг.

- Түрэгийн хаан Табо (Таспер 572-581) буддын сүм бариулж судар номыг түрэг хэл рүү орчуулж байсан ба түүний дараах хаан Ишпара (Шэту 581-587), мөн Билгэ хаан (710-740) бурханы шашинтан байжээ.

Уйгур, Кидан зэрэг гүрний үед бурханы шашин нь төрийн шашны хэмжээнд хүртэл хөгжсөн ба Уйгарын нийслэл Хар балгасаас олдсон археологийн дурсгалууд баталдаг. Бий булагийн сүм, Хөгнө хаан уулын Өвгөн хийд, Арж уулын агуй зэрэг түүхэн газрууд холбогддог байна.

Дунд үе: XIII зуунд Хархорум хотноо бурханы шашны сүм хийдүүд байсан нь малтлага судалгаа, түүхийн эх сурвалжуудаар батлагддаг. Мөн Энэтхэгийн Гач нутгийн Наму ба Оточи хэмээх ах дүү нар Гүюг хааны ордонд ихэд хүндлэгдэж Наму нь “Улсын багш”-аар (Го Ши) өргөмжлөгдөж байжээ. Өгөөдэй хааны дүү Годан ноён Хөх нуурыг эзэлж Төвдийг захиран суухдаа Сажаба ёсны Саж бандид Гунгаажалцантай (1182-1251) 1247 онд Ланьчоуд уулзаж улмаар түүнийг Төвдийн шашны тэргүүнээр өргөмжилсөн юм.  

Мөнх хаан Төвдийн Гармаба урсгалын тэргүүн ламд хар малгай шагнасан нь “хар малгайтны урсгал” хэмээн алдаршихад хүргэсэн. Мөн Эрдэнэзуу орчимд хийгдсэн археологийн малтлагаар олдсон гэрэлт хөшөөнд “Мөнх хаан Цогт-Асар хэмээх том сүмийг 1256 онд бариулсан”  гэх агуулга тэмдэглэгдсэн байдаг.

Хубилай хаан 1260 онд Пагва ламыг “Улсын их багш”-аар өргөмжилж, шашин төрийг хослон барих ёс тогтоож, түүнээс хойш Юань гүрний хаад аль нэг эрдэмт ламыг улсын их багшаар өргөмжлөх онцгой эрх хэрэгжсэн байдаг. Энэ уламжлал Тогоонтөмөр хааны үе хүртэл үргэлжилсэн. Дараа нь Түмэн Засагч хаан (1558-1593) Төвдийн IX Гармаба Ванчигдорж (1553-1603) ламыг залж Зүүн зургаан түмний дотор бурханы шашинг дэлгэрүүлсэн.

Түмэдийн Алтан хаан (1507-1582) Төвдийн Гэлэгба урсгалын Содномжамцтай 1578 онд  уулзаж “Очирдара Далай лам” хэмээн өргөмжилснөөр өнөөг хүртэл уламжилсан “Далай лам” хэмээх цол бий болсон. Тэр цагаас эхлэн Монголд Төвдийн Гэлүгба урсгал нэвтэрч XX зууны эхэн үе хүртэл сүм хийдийг хөгжүүлж төвд хэл дээрх ном зохиол олныг туурвисан. 1904 онд XIII Далай лам Түвдэнжамцыг дагаж ирсэн төвдийн эрдэмт лам нар монгол лам нартай ном хаялцаж 2 удаагийн их мэтгэлцээнд ялагдсанаар Далай лам монгол ламд шавь орсон түүх бий.