Буддын шашны урсгалууд

 

 

Бурхан багш нь өөрийн шавь нарын билиг оюунд тохируулан өөрийн номоо номлосон нь Их хөлгөн, Бага хөлгөн хэмээх урсгалыг үүсгэсэн. Жирийн хүмүүст орчлонгийн зовлон түүнээс гарах арга замыг өөрийн сургаалиар дамжуулан айлдсанаар “бага хөлгөний ёс”, хурц ухаантай шавь нартаа билиг ухааны тухай айлдвараа айлдсан нь “их хөлгөний ёс” үүсэх зам мөр болжээ. Харин “очирт хөлгөн буюу нууц тарний ёс”-ыг хамгийн билиг ухаантай шавь нартаа айлдсан нарийн номлол юм.

Бурханы шашны бүх урсгал хоорондоо харшлах зүйлгүй бөгөөд бурхан болох буюу гэгээрэх замыг олох өөр өөрийн арга замыг боловсруулсан юм. Энэ нь хүн бүрийн ухааны цар хүрээ, бие сэтгэлийн тэвчээр харилцан адилгүй тул түүнд тааруулсан дэг ёс юм. Хүн бүрийн ном үзэх нь харилцан адилгүй тул түүнтэй адилаар бурхан багшийн шавь нартаа заасан номлолд урсгал гэх зүйл гарсан. Харин Энэтхэг оронд урсгал байхгүй “тогтсон таалал” бий болж Төвдөд бол олон урсгал бий болсон.

Энэтхэг оронд:
Бясалгал, тогтсон таалалд тулгуурласан Бурхан багшийн зам мөрөөр даган явдаг ба өөрийн гэсэн бүхнээ орхин бусдын өглөгөөр амьдарч, бясалгалд анхааран явагчид бөгөөд монголчууд тэднийг “Азарууд”  хэмээн нэрлэсэн.

Төвд оронд:

  • Нимаба урсгал: Анхлан YIII зуунд Энэтхэгийн хувраг Ловон Бадамжунайгаас дамжсан Нимаба урсгал бий болсон юм. Эл урсгал дотроо шинэ ба хуучин гэж ангилагдана. Анх үүсээд Төвдөд шашин тасрах хүртэл байсныг нь хуучин, харин эргээд IX зуунд дэлгэрснийг шинэ ёс хэмээн нэрлэдэг. Нимаба ёс нь “улааны урсгал” бөгөөд судар тарнийн хүчээр бурханы хутагийг олно хэмээн үздэг. Энэ улааны урсгалд “Лүйжин” хэмээх зодын ёс хамаардаг. Ядам бурхад, ханд дагинасыг бясалгаж тарнийн ёсоор бурханы зам мөрт орох, эр эм тэргүүтэн буюу арга билэг хосолсон номлол гэж үзэж болно.
  • Гаадамба урсгал: Энэтхэгийн Жову балдан Адиша үндэслэсэн. Төвдөд Ландарам хаанаас болж шашин тасраад 70 орчим жил болсон ба эргэн сэргэхдээ Энэтхэгээс Жову Балдан Адиша ламыг залж сургааль номыг авсан. Гаадамбын ёсоны гол ялгаа нь судрын ёсыг баримтлан винайн ёс буюу сахил санваарийг хатуу сахин зарлигийг шүтэж, таалал, номлол бүрийг гүйцэд ухааран бурханы хутагийг олохыг номлосон. Гол сургааль нь “Бодь мөрийн зул” хэмээх ном бөгөөд эл номд үндэслэн Богд Зонхов өөрийн “Бодь мөрийн зэрэг”-ийг зохиожээ. Эл ёсоноос Гажүдба, Гармаба зураг урсгалууд салаалан гарсан.
  • Гажүдба урсгал: Зарлиг ба уламжлалд үндэслэсэн бөгөөд Гамбоба (1079-1153) Мила богдоос Дандарын аймгийн сургаалийг авсан бурханы зарлигийг уламжлан авсан гэсэн утгатай. Цагаан өнгийн өмсгөл хувцастай ба дотроо Шанба-гажүдба, Дагва-гажүдба хэмээн салаалсан. Дагва – гажүдба урсгал нь гарма-гажүд, цалга-гажүд, варом-гажүд, пагдаг-гажүд гэх мэтээр 8 жижиг салааг үүсгэсэн.
  • Гармаба урсгал: Гажүдба урсгалаас салаалсан бөгөөд Дүйсэмчинбо (1110-1193) Гарма хэмээх газар 1147 онд Гармаданса хийдийг байгуулснаар бий болсон.
  • Сажаба урсгал: 1073 онд Хон Гончигжанцан (1034-1102) Төвдийн Сажа буюу Цайвар шороот хэмээх газар хийдээ барьсанаар эл урсгал үүссэн. Гол ёс нь мөн адил судар тарнийн ёсоор бурханы хутагт хүрнэ хэмээн айлдсан ба Юань гүрний үед Монгол оронд дэлгэрсэн. Улааны ёсоноос гаралтай учраас монголчууд Нимаба ч гэж нэрлэж байжээ.
  • Жонанба урсгал: Юүмо Мижиддорж XI зуунд жонан хэмээ хийдийг барьж хоосон” хэмээх зарчмыг тогтоосон бөгөөд энэ ёсоор явагчдыг жонанба хэмээх болсон. Энэ урсгалын алдартай хутагт бол Жавзундарнат ба түүний дараагийн дүр нь Монголд ӨНДӨР ГЭГЭЭН  хэмээн мэндэлсэн.
  • Гэлүгба урсгал: Богд Зонхаба ламтан Төвд оронд 1409 онд Гандан хийдийг байгуулснаар үүссэн. Богд Зонхаба нь Лхас хотноо Төвдөд дэлгэрсэн олон урсгалууд хоорондоо зөрчилдсөн байдлыг халж шинэчлэл хийхдээ бусад урсгалуудаас аль хэрэгтэйг нь авч үүсгэн байгуулсан бурханы шашны шинэ урсгал юм. Гэлүгба ёсон Монгол оронд хамгийн өргөн дэлгэрсэн урсгал билээ.

Монгол оронд дээрх урсгалууд тодорхой цаг хугацаанд дэлгэрч байхдаа Монгол бөө мөргөлийн зарим зүйлсийг авч Төвдийн шашнаас ялгагдах болжээ. Харин Японд Зэн буддизм, Хятадад Чан буддизм хийгээд Хөхийн урсгал хөгжсөн. Солонгос нь Хятадаас буддын шашин авч дэлгэрүүлсэн байдаг.