Долоон бурхан

 

 

БААТАР ДОЛООН БУРХАН: Бурханы шашинд дөрөв буюу таван махбод мандал болж бүрэлдэн найрч энэ галав эхлэн тогтсон тэр цагт даяаны тэнгэр нэрүүд ирж, үүсэж буй шинэ галавын байдлыг шинжин үзэхэд дэлхийн усан мандал болох их далайд мянган шар цэрэг ургасан байсан ажээ. Түүнийг үзсэн тэнгэр нэрүүд “Энэ юуны ёр вэ?” хэмээн шинжин өгүүлснээр “сайн галав” хэмээн энэхүү галав нэрлэгдсэн гэдэг.

Энэхүү галавт Замбуутивд хамгийн анх ирсэн бурхан бол Хорвоон жиг, түүний дараагаар Сэртүв, Одсүрэн нар ээлж дараалан заларч бурханы сургаал номлоод ертөнцөд байх хугацаагаа дуусгаад явцгаасан бөгөөд хүн төрөлхтөн бид бүхэн Шакиамунийн эрин үед амьдарч байна. Харин өгүүлж буй “Баатар долоон бурхан” гэдэгт энэхүү сайн цагийн Хорвоон жигээс эхлээд одоо цагийг эзэлсэн Шакиамуни бурхан багшийг хүртэлх дөрвөн бурхан болон урьдын галавт заларсан Намсэг, Жүгдэржан, Тамжиджав гэсэн гурван бурханыг нэгтгэн баатар долоон бурхан гэдэг. Долоон бурхадын ерөнхий дүр байдлыг тоймловол,

  1. Долоон баатар бурханы гол дунд эрдэний ширээ, цэцэг, саран мандалд Шакиамуни бурхан ном номлох занлага зохиосон, бодь модонд лагшингийн араар түшсэн байдалтай байна.
  2. Зүүнд нь Намсэг бурхан: Санскритаар Випаши, Пиваши буюу монголоор “дүр болгоох” нь газар дарсан, тэгш агуулсан, нинанцагын модтой.
  3. Зүүн хойно нь Жүгдэржан бурхан: Санскритаар Шикхин, Ушниса буюу Усника, монголоор “үс нэрт” нь дээдийг өгөх занлагатай, тэгш агуулсан, цагаан цэцгийн модтой.
  4. Зүүн урд буй Тамжиджав буюу Ловгор дадсэл бурхан: Санскритаар Вишвабху монголоор “хамгийг аврагч”, “буруу сүжгийг арилгагчнь авралыг өгөх занлагатай, салаан модтой.
  5. Баруунд нь Хорвоон жиг бурхан: Санскритаар Кракучанда, Гаринуцэнда, монголоор “орчлонг эвдэгч нь ном номлосон занлагатай, ширкан модтой.
  6. Урд буй Сэртүв бурхан: Санскритаар Канакамуни, Гагамуни, монголоор “Алтан чадагчнь ном номлосон занлагатай, тэгш агуулсан, удамборын модтой.
  7. Баруун хойно буй Одсүрэн бурхан: Санскритаар Кашьяпа, Гашиба, монголоор “гэрэл сахигчнь баруундаа дээдийг өгөх занлагатай, зүүндээ номын хувцсыг гөрөөсний чих мэт барьсан дээдийг өгөх занлагатай, наяадода (урт ба өргөн нь эн тэнцүү) модны дэргэд оршино.

Бүгд алтан өнгөтэй, номын хувцас гурван зүйлийг соёрхсон, гэрэл хязгааргүй цацарсан, очир завилгаагаар эрдэнийг ширээ хийгээд цэцэг, саран дэвсгэрт оршино хэмээн “Урлахуй ухааны үсний үзүүрийн усан дусал” номонд бичжээ. Нэг зүйлийг тодруулахад “Сайн цагийн мянган бурхад”-ыг гурав хуваах бөгөөд Намсэг, Жүгдэржан, Хорвоонжиг гурвыг өнгөрсөн цагийн бурхан, Бурхан Шакиамунийг одоо цагийн бурхан гэх ба Майдараас цаашхи 1000 хүртэлхи бүх бурхадыг ирээдүй цагийн бурхан хэмээдэг.