Бурхан багшийн намтар бөгөөд түүнийг “бурханы арван хоёр зохионгуй” гэдэг. Зохионгуй гэдэг нь зохиосон гэсэн үг биш “үйл явдал” гэсэн үг юм. Сайн цагийн мянган бурхадын дөрөв дэх бурхан, цөвүүн цагийн хамаг амьтдыг гэгээрэлд хөтлөгч, Энэтхэгийн Шакиа омгийн манлай, Гаутама угсааны ханхүү, ялж төгс нөгчсөн Бурхан багшийн амьдрал нь хүнд бэрх зовлон зүдгүүрийг туулж хүсэл зорилгодоо хүрсэн гайхамшигт явдлаар дүүрэн юм. Энэхүү 12 явдлыг Бага хөлгөний ёсонд эхний арав нь амьтны явдал, сүүлчийн хоёрыг нь бурханы явдал гэдэг бол Их хөлгөний ёсонд арван хоёулаа Бурханы зохиол гэж үздэг ажээ.
Бурхан багш Тушита Орноос Замбутивд заларсан нь: Бурхан багш Тушита буюу Төгсбаясгалант хэмээх тэнгэрийн оронд урьдын ерөөлийн хүчээр Дамбадугар, санксритаар Светакету, монголоор Дээд цагаан охь хэмээгч болж төрөөд тэнгэрийн оронд ном сургаал хайрлаж байжээ. Энэ бол манай ертөнцөд мэндлэхийн өмнөх насны явдал ажээ. Дамбадугар бодьсад өнгөрсөн галавын адилтгашгүй хүчит Дивангар бурханы иш үзүүлсэн дагуу Замбуу тивд бууж амьтны тусыг бүтээх ерөөлтэй байсан гэдэг. Тийм учраас Дамбадугар бодьсад өөрийн очих бүх нөхцөл бүрдсэнийг мэдээд урьдчилан таван зүйлийг сонгожээ. Үүнд:
Цагт болгоосон нь таван цөвүүн дэвэрсэн
Оронд болгоосон нь Замбативийн дунд орших Кабалиг хот
Язгуурт болгоосон нь олноо өргөгдсөн хааны язгуур
Ясанд болгоосон нь Шагжа овог язгуур
Эхэд болгоосон нь арга заль бүхнээс ангижирсан Махамаяа
Таван цөвүүн гэдэг нь насны, үзлийн, нисваанисын, амьтны, цагийн гэсэн таван зүйл цөв бөгөөд насны гэдэг нь хүн ба амьтны нас богиносгох, үзлийн гэдэг нь буруу үзлээ зөвд баримтлах, нисваанисын гэдэг нь нүгэлт үйлийн шалтгаан болох сэтгэлийн гэмээр хорлогдох, амьтны гэдэг нь хүн ба амьтны дотоод сэтгэл муудах, цагийн гэдэг нь хүн ба амьтны сэтгэл муудсанаас нийгмийн ёс суртахуун болон байгалийн тэнцвэрт байдал алдагдах гэж товч тайлбарлагддаг. Дамбадугар бодьсад гүн төвлөрөлд орж дараах сонголтуудыг хийсний дараагаар тэнгэр нарт хандаж: Би Замбативд залрах цаг боллоо. Та нарт Майдар бурхан номын багш болох тул түүнийг мэдэгтүн хэмээн номлож өөрийн оройн чимгийг Майдарын тэргүүнд өргөж, өөрийгөө орлохыг хүсчээ. Энэ үед Одсүрэн бурхан Дамбадугарт хандаж Замбативд тэрсүүдийн ёс дэлгэрч, Гүндү жуна лхайжибу, Яндагжалбажин тэргүүтэн гурван зургаа арван найман барамсай буюу бярманы багш нар энэ цагт заларсан тул чамд залрах үе байхгүй хэмээн хэлжээ. Дамбадугар бодьсад Одсүрэн бурханы үгийг эс тоож “ганц нар олон одны гэрлийг сүрээрээ дарах адил, ганц арслан олон араатныг айлгах адил, ганц очир олон уул хадыг эвдэх адил, ганц хурмаст олон асураг дарж үйлдэх адил, миний ном тэдний номтой жишихийн аргагүй” хэмээн айлджээ.
Эхийн хэвлийд оршсон нь: Махамаяа эх нэгэн сонин зүүд зүүдэлжээ. Гэрлийн гилбэлгээн дунд олон бодьсадва нар нэгэн хөвгүүнийг үүл хөлөглөсөн зургаан соёот цагаан зааны дүрээр хэвлийд нь залж байх юм гэнэ. Тэр цагт дэлхий хөдлөн доргиж, ертөнцөөс гэгээн гэрэл түгэх тэргүүтэн гайхамшигт ёр олон гарсан гэдэг. Өглөө хатан бие нь маш хөнгөн, сэтгэл санаа нь амгалан босч иржээ. Олон шивэгчин эмсээ дагуулан явж хаантай ойн хаалганы дэргэд уулзах болжээ. Эзэн хаан Шудходана төдөлгүй ирэхэд хатан урд шөнийн зүүдээ хэлжээ. Хаантан жирийн бус ер бусын бэлэг дэмбэрэлтэй зүүд байна хэмээн билэгшээж даруй ордны шинжээч бярмануудыг дуудаж асуувал, “хаантан, та тайвшир, хатан хүү төрүүлнэ. Хөвгүүнийг их хувь заяа хүлээж байна” гэж хэлжээ. Хаантан ийм баяртай мэдээ сонсоод хотынхоо дөрвөн хаалганы дэргэд ард олондоо маш их идээ, эдээр өглөг буян үйлджээ. Ийнхүү Бурхан багш эхийн хэвлийд оршсон өдөр нь зуны адаг сарын 15 байсан учир энэ өдрийг бурханы шашинтнууд “дүйцэн өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг.
Эхээс мэндэлсэн нь: Бурхан багш эхийн хэвлийд арван сар бойжиж зуны адаг илүү сарын шинийн арван таван буюу пүрэв гаригт долоон тоот од огторгуйд зэрэгцсэн бүтээлт сайн өдөр тухайн үеийн заншилаар Махамаяа бэр төрхөмдөө очиж амаржихаар сүйх тэргэнд заларч олон зарц, шивэгчид дагалдан хөдөлжээ. Хатан Лүмбини цэцэрлэгт хүрэх үед сүйх тэргээ зогсоов. Лүмбини цэцэрлэг нь нэгэн түүхтэй. Махамаяа хатны эмээ нь Лүмбини хэмээх нэртэй бөгөөд Дивадарис хотын хаан Субирабади гэгчийн үзэсгэлэнт эхнэр байжээ. Лүмбини хатан өөрийн хотод буй нэгэн баян хүний цэцэрлэгийг үзээд Субирабади хаанд “Тэнгэр минь, энэ цэцэрлэгийг авч өгөгтүн” хэмээхэд хаан “Би бүгдийг өөрийн хүү мэт энэрэн хайрладаг тул бусдын харъяатыг булаан авахгүй. Харин үлэмж дээд нэгэн цэцэрлэг байгуулж өгье” хэмээн амлаад бүтээж өгсөн цэцэрлэг нь “Лүмбини цэцэрлэг” болон нэрлэгджээ. Махамаяа хатан нярайлах болсноо зөнгөөрөө мэдээд тус цэцэрлэгт саатжээ. Сүйхнээс буугаад ашока модны нэгэн мөчрөөс бариад гараа алдлан зогстол баруун суганаас нь хөвгүүн мэндэлж, тэр агшинд дээд тэнгэрүүд цэцгэн хур оруулж, дөрвөн нүүрт Эсура хийгээд 33 тэнгэрийн хаан Хурмаст нь хив хадган дээр тосон авчээ. Мөн Лусын хаан Нанди, Үва хоёр биед нь угаал өргөлөө. Тэр цагт “Энэ нь миний төрлийн сүүлч бөгөөд төрөх, өвдөх, өтлөх, үхэх, эцэс болох цаг иржээ” хэмээн айлтгаж дөрвөн зүгтээ долоо долоо алхваас алхаа бүрээс нь нэжгээд лянхуа дэлгэрч хувилгаан хүчийг үзүүлсэн гэдэг. Үүний дараа Махамаяа хатан хүүгийн хамт нийслэл хот руугаа буцжээ.
Энэ агшинд хотын ойролцоох ууланд нэгэн даяанч явж байтал хааны ордны дээр од харагджээ. Даяанч ихэд билэгшээж ямар нэгэн гоц сайн явдал боллоо хэмээн мэдэрч уулнаас бууж хааны ордны дэргэд иртэл од алга болжээ. Харин хотынхоны ярианаас Шудходана хааны их хатан Махамаяа эхээс хөвгүүн төрснийг мэдэв. Ашита мэргэн даяанч хаанд бараалхахад “Хутагт мэргэн арш минь таны морилж ирсэн хэрэг юутай сайн хэрэг вэ” гэхэд тэрээр “Танайд сая мэндэлсэн хүү чинь өөрийнхөө мэндэлснийг надад олон шинж тэмдгээр мэдэгдүүллээ. Би бүх насаараа гэгээн хутагтыг үзэх гэж явсан тул танай хөвгүүнийг үзэхээр яаран зорьж ирэв” хэмээжээ. Хатан хүүг авч ирэхэд Ашита нялх ханхүүг үзсэнээ өөрийн эрхгүй буурал сахал дээгүүр нулимс дуслан мэлмэрүүлжээ. Тэрээр “Хүү чинь хаан төрийг барих аваас Хүрдэн эргүүлэгч Чакравартин хаан болно. Тойн болвоос үнэхээр туулсан бурхан болно” гэж хэлжээ. Тэр цагт Хүрдэн эргүүлэгч хаан гарахгүй тул аргагүй туулсан бурхан болох юм гэдгийг нь тэрээр мэдэж байв. Ашита мэргэн хэдийгээр бурхан мэндлэхийг харсан боловч сургаал номлолыг нь сонсож чадахгүйгээ мэдэж уйлсан байна. Хожим Ашита мэргэн арш сүсэг бишрэлийнхээ ачаар тэнгэрийн оронд төрсөн гэдэг. Шинэ мэндэлсэн хөвүүнд Сиддхартха хэмээх нэр өгсөн бөгөөд харамсалтай нь Махамаяа хатан долоо хоногийн дараа таалал болж гучин гурван тэнгэрийн оронд төржээ.
Урлахуйн ухаанд мэргэжсэн нь: Сиддхартха хүү хэдийгээр баян тансаг амьдралын дунд өсөж бойжсон боловч бага наснаасаа аливаа зүйлийг эргэцүүлэн боддог ухаалаг хүүхэд байв. Таван настайд нь даахийг нь авч, зургаан настай болмогц гэзэг тавьжээ. Долоон настайгаасаа эхлэн цэргийн, урлаг болон уран зохиол, хэл бичиг, тоо бодлого, олон улсын хэл зэрэг бүхий л эрдэм ухаанд суралцаж эхэлжээ. Ингээд 13 насанд хүрэхэд оюун билэг, авъяас чадвар нь хэнтэй ч адилгүй болон тодорч урлахуй ухаанд бүгдэд мэргэн болсон байна. Хүү Сиддхартхаг 13 настайд нь нэгэн алдарт багшид шавь оруулсан боловч тэр үед нэгэнт 16 улсын хэл мэдэж байсан тул шинэ багшид заах юм байгаагүй гэдэг. Тэрээр сум харвах, усанд сэлэх, заан номхотгох тэргүүтэн ид шидийг эзэмшиж үеийн хөвгүүдээр барахгүй тэр үеийн хүч чадалтангуудыг давах хүчийг эзэмшжээ. Бие бялдарын хувьд гайхамшигтай байсан ба нас ахих тутамд биед нь 32 найраг, 80 лагшин тодорч маш үзэсгэлэнтэй сайхан биетэй хүчирхэг эр болон хувирчээ. Биеийн хэмжээ нь ерийн хүнийхээс гуравны нэг дахин томорчээ. Хүчирхэг биетэй, эрдэм боловсролтой, элбэг дэлбэг амьдралтай хан хүүг хаан эцгийнхээ ширээг залгамжлах сайхан ирээдүй хүлээж байсан боловч тэрээр ертөнцийн үнэнийг танин мэдэхийг хүсч, өөрийгөө бус бусдыг жаргалтай байлгах, хүн төрөлхтөнд ач тустай зүйл бүтээхийг эрмэлзэж байв. Гаднаас нь харахад жирийн мэт боловч бурхан учраас бусдыг аврах энэрэнгүй сэтгэлээр шаналдаг байжээ. Нэгэн иш татахад, “Дэвадатта харваж унагасан нэг шувууг Сиддхартха амийг нь аварч асарч тэжээсний хойно нэг өдөр уг шувууг хэн авах талаар бяцхан маргаан үүсчээ. Тэр хоёр үеэл ах дүү боловч зан төрх нь огт өөр байжээ. Сиддхартха төрөлхийн цагаан зантай уужим сэтгэлтэй бол Дэвадатта нь ширүүн догшин, муу санаатай гэнэ. Шувууг харваж буулгасан хүн би болохоор түүнийг би авах ёстой гэж. Уг хэргийг хааны шүүх тасалж шувууг Сиддхартхад өгөхөөр болжээ”
Хатан нөхдийг баясгаж цэнгэсэн нь: Шагжа овгийн ахмадууд хаант төрөө хүчтэй байлгахын тулд ханхүүд хатан авч өгвөл мэргэдийн айлдсанаар Хүрдэн эргүүлэгч их хаан болбол манай овог даян дэлхийд сүр хүчээ дуурсгах болно хэмээн хэлэлцэж хаан эцэгт нь айлтгахад хаантан санал нийлж “Залууд тохирох ямар хатан байгааг шинжигтүн” гэжээ. Тэгтэл тэр тухай сонссон Шагжа овгийн таван зуу орчим хүн бидний охин болно хэмээн өгүүлсэнд, хаантан ханхүүгээс асуусанд ханхүү 7 хоноод хариулъя гээд хатан таалахгүй учир шалтгаан олныг өгүүлжээ. Гэвч хаан эцэг болон Шагжа овгийн язгуурын олон хөгшчүүл хатан авахыг шаардсаны эцэст ханхүү ертөнцийн жамтай бодьсадын явдлыг зохицуулж болох үүднээс үзэсгэлэнт дүртэй, журмыг сахисан, башир мэх бага, жам ёс шударга, цаг үргэлж номын явдалтай эхнэр байваас авна хэмээн айлдсанд эцэг хаантан түшмэлдээ “Чи явж залуугийн хэлсэн тэдгээр эрдэм төгс эхнэр хаа байгааг судалж мэдэж ир” гэж айлтгажээ. Түшмэл эрсээр Супрабудда хааны охин Ясодхара гэгч эрдэм төгөлдөр охиныг олж ордондоо буцаж очоод хаантанд айлтгажээ. Хаантан түүнд итгээгүй бөгөөд ордондоо үзэсгэлэнт залуу эмэгтэйчүүдийг цуглуулж ханхүүгээр өөрөөр нь шинжүүлэхээр болжээ. Ясодхара хожимдож ирээд бэлэг сэлтгүй хоцорсонд инээмсэглэж “надаас юунд эмээв” хэмээжээ. Ханхүү “чамаас эмээсэн бус бэлэг барагдсанд гэмшиж байна” гээд төд удалгүй буман лангийн үнэтэй эрдэнийн бэлзэг, бугуйвч хоёроо мулталж Ясодхарад соёрхжээ. Түшмэл сэтгэл амарч хаантанд очоод “ханхүү Ясодхарад хараа тусгаж өөрийн үнэт эрдэнийн бэлзэг, бугуйвч тэргүүтнийг хайрласан бөгөөд цөөн үг ярилцан тааллаа” хэмээн айлтгажээ. Энэ явдлын дараа Шудходана хаан Супрабуддад элч явуулж бэр гуйлгасанд “ханхүү ордонд жаргаж номонд оршдогоор ид хав мэдэхгүй тул охиноо өгөхгүй” хэмээн хариу хэлжээ. Элч эргэн ирж хаанд учрыг хэлтэл хааны сэтгэл амгалангүй болжээ. Ханхүү эцгийнхээ байдлыг мэдээд “эцэг минь та юунаас болж санааширсныг надад хэлэгтүн” гэсэнд хаантан элчийн хариуг хэлжээ. Ханхүү “тэгвэл ид хаваар тэмцэлдье” хэмээн эрс шийдэмгий хэлсэнд хаан эцэг ихэд баясаж тэмцэлдэх зар тараажээ.
Ингээд долоо хоногийн дараа Шагжа язгуурын 500 орчим залуу цугларч ид хаваа гайхуулан тэмцэлдэж ялалтын тугийг Ясодхара охинд бариулж түүнийг эцэгийнх нь хамт шүүгчийн гол ширээнд суулгажээ. Уг тэмцээнд уралдах, барилдах, хүндийг өргөх буюу шидэх, нум сумаар бай харвах, олон улсын хэлээр ярих, унших, 128 оронтой тоо бодох, эмнэг хангал морь буюу заан булгиулах гэх зэрэг 64 зүйлийн тэмцээн явуулжээ. Хүү Сиддхартха нь хүндийг өргөх ба буу шидэх тэмцээнд цагаан зааныг гурван давхар хашаан дээгүүр давуулан шидсэнд буусан газрын хөрс хонхойсон бөгөөд энэ нь “Заан хонхорхой” гэж алдаршжээ. Мөн нум сум харвах тэмцээнд таван мянган алд газар буюу арван жандаг газарт байрлуулсан төмөр байг зад харваж сум нь алсад бууж, шигдсэн газраас нь ус гарч тэр усыг нь “суман усны худаг” хэмээн нэрлэжээ. Мөн бичгийн багш Гүнжининг суулгаж бичгээр тэмцэлдсэнээр залуугийн бичсэн бичгийн нэрийн төдийг ч бусад нь өгүүлж үл чадсан бөгөөд дараа нь нэг шилдэг зурхайчаар хянуулж зурхайн ухаанаар тэмцэлдсэнээр мөн л ханхүү ялжээ. Энэ мэтчилэн тэмцээн бүрд ханхүүгийн авхаалж самбаа олонд ил байсан бөгөөд эцэст нь ялалтын тугийг Ясодхарагаас авсан юм. Супрабудда хаан нь ч түүний ялалтыг хүлээн зөвшөөрчээ.
Гэрээс гарч тойн болсон нь: Сиддхартха хүү ингэж 16 насандаа гэрлээд 29 нас хүртэл хааны ордонд тансаг амьдралыг өнгөрүүлжээ. Хэдийгээр тансаг амьдралд умбаж байвч хэзээ ч жинхэнэ аз жаргалтай байсангүй, хүссэн бүх зүйл бэлэн байсан боловч тэрээр ямар нэг хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлийг хийхийг хүсч байжээ. Ингээд 29 нас хүрэхэд нь зурхайч нар төөргийг нь зурж үзээд “Долоон сарын дараа нэг бол гэрээс гарч гэлэн болно, нөгөө бол дөрвөн тивийг эзэлсэн Загарбардин хаан болно” гэж шинжилжээ. Гэтэл тойн болж гэрээс гарах цаг ирэх дор хөгжмийн ая эгшиглэн дор бурхадын уншлага чихэнд нь ийнхүү сонсогджээ. “Та зовлонгоор дүүрсэн олон амьтныг үзээд тэдний аврал итгэлийн орон болж, тусалж үйлдэх итгэл, өмөг садан нь болох ерөөлийг таны урьдын насанд тавьсан билээ. Аршийн дээд адил гэрээс гарахыг хичээгтүн, яруу үг нь зөөлөн эгшиглэнтэй Дивангар бурханы иш үзүүлсэн дагуу илт гарах оюуны таалал биелэх тэр цаг одоо нэгэнт болжээ” хэмээн уриалан дуудсан дуу хоолой сонсогджээ.
Сиддхартха энэ дууг сонссоны дараа алдарт дөрвөн аялал хийсэн юм. Нэгэн өдөр хотынхоо өмнөд хаалгаар гарч явтал нэгэн эмгэг өвчтэй хүн тааралджээ. Өвчиндөө шаналж өнгө зүс алдсаныг хараад ханхүүгийн сэтгэл өвдөж морин тэрэгний хөтчөөс “хүн бүхэн ингэж өтөлж хөгшрөх үү” асуусанд ертөнцөд мэндэлсэн хүн бүхэн хэзээ нэгэн цагт өтлөх нь хорвоогийн жам” хэмээв. Элбэг дэлбэг амьдралд умбаж өссөн ханхүү “би л мэдэхгүй явж” гээд өөрийн эрхгүй гуниглажээ. Дараа нь өрнө хаалгаар гадагш гарч явтал хэдэн хүн үхсэн хүнийг дамнан явахыг нь харлаа. Ханхүү “энэ юун хүн бэ? Яагаад хүмүүс дамнаж явна вэ, өвдсөн юм уу, аль эсвэл өтөлсөн хүн юм уу” гэж асуусанд “энэ бол аль нь ч биш ээ. Үхсэн хүн байна. Үүнийг гол дээр аваачиж галд шатаан үнсийг нь чандарлаж мөрөнд юүлдэг юм. Энэ хүн нэг бол өвдөөд, үгүй бол өтлөөд, аль эсвэл санамсаргүй тохиолдлоор үхсэн байж болно. Үхнэ гэдэг бол бие нь амьгүй болж хэнд ч хэрэггүй болсон гэсэн үг шүү дээ” гэж хөтөч нь дэлгэрэнгүй хариулжээ. Сиддхартха “Чи надад үнэнийг хэлж өг, хүн болгон үхэх үү” хэмээн асуусанд, “үхэх гэдэг нь хүн бүрд тохиолдоно. Хорвоод мэндэлсэн хүн бүр хэзээ нэг цагт зайлшгүй үхнэ” гэж хаан эцгийнх нь нууж байсан амьдралын үнэнийг ядуу дорд хөтөч Чанна хэлж өгчээ. “Тэгэхээр хөтөч минь чи, би, хаан эцэг маань бүгд л үхэх юм бол амьд явахдаа энэ үнэнийг яагаад хэн ч мэдээгүй юм шиг хээв нэг амьдарч байдаг юм бэ?” гэж ханхүү үнэн сэтгэлээсээ дуу алдав. Эцэс сүүлд нь 4 дэх удаагаа хотоос гарахдаа умард хаалгаар гарч нэгэн хуварга явж байхыг харав. Ханхүү бусдаас өөр хүн болохыг хөтчөөсөө асуусанд, “энэ хүн амьдралын үнэнийг эрж олохоор даяанч болсон хуварга хүн байна. Ийм хүмүүс орчлонгийн өдөр тутмын жаргал цэнгэлээс татгалзаж үнэн мөнийг эрэн өөрийнхөө замаар амьдардаг” гэж мэдэж авчээ. Ханхүүд амьдралын үнэнийг эрж буй хуврагийн зам таалагдав.
Энэ мөчид анх төрсний дараагаар “энэ нь миний төрлийн сүүлч бөгөөд төрөх, өвдөх, өтлөх, үхэх цаг эцэс болох цаг ирлээ” гэж хэлээд хувилгаан чадлаар дөрвөн зүгтээ долоо долоо алхсан гэж өөрийнх нь тухай ахмад хүмүүс ярьдаг байсныг санажээ. Тэрбээр даяанч болж амьдралын үнэнийг олж мэдэх хэрэгтэйгээ ухаарчээ. Тэр цагт зүүдэнд нь “Сүмбэр уулын дэргэд арслангийн нуруун дээр өөрөө орших бөгөөд түүнд тэнгэр нэрүүд ирж мөргөл үйлдэн хүндэтгэж байна” гэж оржээ. Сиддхартха цаашид хааны ордонд суух сонирхол огт үгүй болж хаан эцэг дээрээ очиж:
Би гэрээс гарч тойн болох цаг минь нэгэнт болжээ. Та үүнийг минь сайшаахгүй юм гэхэд саад тотгор бүү хийгтүн хэмээн айлдсанд эцэг нь:
Хүү минь, аав чинь чамд юу хүссэнийг чинь өгье. Гагцхүү орон гэртээ оршигтун хэмээн айлдвал хүү нь:
Та тэгвэл надад өвдөхгүй, өтлөхгүй, үхэхгүй тийм амьдрал өршөөгтүн гэжээ. Эцэг өгүүлрүүн:
Тэдгээрийг өгч чадахгүй, бусдыг нь гуйгтун хэмээсэнд:
Тийм бөгөөс амьдралын зовлонгоос ангижруулж ертөнцөд дахин төрөхгүй мөнх амьдралыг хайрлагтун хэмээн хэлээд хариуг нь сонсохгүй өргөөнөөс нь гарч одов.
Ханхүү төрсний эцэст өтөлдөг, өтөлсний эцэст өвддөг, өвдсөний эцэст үхдэг хатуу жамтай энэхүү хуурамч ертөнцийн жамыг би ч бас дагах нь гарцаагүй гэдгийг ойлгож нэгэнт ертөнц ийм болохоор би гэрээс гарч аглагт дияаныг бясалгаж үнэнийг ухааръя гэж гэсэн шийдвэр гаргаж аль нэг сайн өдөр ирэхийг хүлээх боллоо.
Ханхүүгийн шийдмэг байдал хааныг гүн хямралд оруулжээ. Тэрээр хүүгийн санаа ингэж хувирсаныг мэдээд энэ байдлыг нь Шагжагийн өвгөдөд хэлж зурхайд харуулбал “долоо хоногийн дараа гэрээсээ гараад явчихгүй бол гарцаагүй Загарбардин хаан болно” гэжээ. Тэгээд хөвгүүнийг гэрээс гаргаж хэрхэвч болохгүй хэмээн үгсэн тохирч хааны хотын хамгаалалтын дөрвөн талын хэрмэнд буй дөрвөн их хаалганд тус бүр таван зуун харуул тавьжээ. Мөн гурван замын дөрвөн бэлчир тус бүрд хөгшчүүл харуулдан танадахаар үүрэг авч төмөр хүрээ мэт бат хяналт тогтоожээ. Ингээд 7 дахь шөнө Ясодхара хатантай дэр нийлүүлэн хэвтсэн боловч сэмээрхэн босч өргөөнөөс гараад өөрийн үйлчлэгч Чаннад хандан: “Чимэгтэй морь нэгийг өгөгтүн” гэсэнд Сайшаалт гэх чимэг сэлттэй итгэлт хөлгийг нь өгчээ. Тэр шөнө тэнгэрт долоон од ургасан байсныг ихэд бэлгэшээв. Учир нь түүнийг эхээс мэндэлсэн шөнө тэнгэрт мөн ижил долоон од ургасан гэдэг билээ. Энэ мөчид ханхүүгийн гэрээс гарахыг Хурмастын 33 тэнгэр тэргүүтэн мэдэж байсан тул дөрвөн махранз хөлөг өргөхөөр зэхжээ. Замбативийн хүн ард мунхагийн харанхуй нойронд бөх бат унтаж байсан цаг тул тэдэнд аврагч бурхан илүү хэрэгтэйг зургаан зүйл хамаг амьтнаас зөвхөн оюун ухаанаараа өндөр түвшний тэнгэрүүд л мэдэж байсан юм.
Тэр шөнө тэнгэрүүд харуул манааныхныг ховсдон унтуулсан ба Сиддхартха шилдэг морио унаж итгэлт хөтөч Чаннаг дагуулан хотоос гарчээ. Энэ шөнө гэргий Ясодхара нь жирэмсэн болсон гэдэг. Дөрвөн махранз тэдний үйлсийг дааж, Эсүруа Хурмаст хоёр замчилж, гэгээ гэрэл гарган харанхуйг арилгаж, хөгжмийн эгшиг өргөн хүндэтгэлийг үзүүлжээ. Сиддхартха орд харшаасаа гарч явах замдаа эргэн хараад “Би бодийг олох хүртэл Шагжаан энэхүү хотод яасан ч эргэж ирэхгүй” гэж хатуу тангаргалсан гэдэг.
Өөрийнх нь эзгүйд эцэг, эхнэр зэрэг ойр дотныхныг харж хандах хүмүүс хангалттай олон тул Сиддхартха хүү хамаг амьтны тусын тулд жинхэнэ үнэнийг олж нээх итгэлтэйгээр зөвхөн өмссөн аар саархан хувцаснаас өөр юу ч авалгүй гарсан гэх бөгөөд энэ гайхамшигт үйлсийн хүчинд хүн төрөлхтөний өв уламжлалын нэг болсон агуу их шашин бүрэлдэн тогтсон юм. Тэр хоёр дорно зүгийг барин явсаар арван хоёр бээр газрыг туулан хатуужилд оршигчдын орон болсон нутаг, сэтгэл зохистой мөрний захад очив. Ингээд хамт ирсэн үйлчлэгч Чаннад хандан: “Гэрээс гарч тойн болох гэсэн хүсэл минь биеллээ. Надад тусалсан чамд талархал илэрхийлье. Морийг минь аваачиж хаан эцэгт минь хүргэж өгөөд намайг тойн болсныг минь хэл” гээд гэзгээ авч тойн болжээ. Тэрээр өөрийн зүүж явсан бүх чимэг, унаж явсан хөлөг морь сэлтээ Чаннад өгч зөвхөн өмсөж байсан хувцастайгаа үлдэв. Удалгүй тэрээр торгон хив хувцсаа өөр нэгэнд өгч хуварга хүнд зохистой эгэл хувцас авчээ. Тэр цагт Сиддхартха тойн боллоо гэсэн дуу агнистын орон хүртэл тархсан байна. Тэнгэрүүд эл явдалд талархаж бидэнд зовлонгоос аврагдах сайн цаг ирлээ хэмээн баярлалджээ. Итгэлт хөтөч Чанна нь хаанд хүрэлцэн очиж Сиддхартха хөвгүүн тойн болсон гэж хэл хүргэсэн ба чухам хаашаа явсныг нь мэдэхгүй байсан хаан, хатан, нөхдийн сэтгэлийг тайтгаруулжээ.
Хатуужил зохиосон нь: Тойн олон хот, тосгон, уул хад, ой модоор хэсүүчлэн явсаар эхлээд бярманы багш Багава даяанчид, дараа нь Арада калагиа болон Удрака Рамапутра нараар бясалгалын увидас заалгажээ. Энэ үед хаан аав нь хүүгийнхээ байдалд санаа зовж хүнд өвчтөн лугаа өдөр бүр хүн явуулж хүүгийн тухай мэдээг үргэлж авдаг байжээ. Тэр үед Сиддхартхаг хааны хүү атал хүний нутагт ганцаар тэнэж яваа тэнүүлчин гэж нутгийн хүмүүс муучлан ярилцдаг байсныг хаан эцэг нь дуулаад хүүдээ үйлчлүүлэхээр 300 хүн, мөн нагац ах нь 200 хүнийг тус тус явуулсан боловч хүү тэдгээр 500 хүнээс дөнгөж таван хүнийг авч хоцроод бусдыг нь буцаажээ. Хүү Сиддхартха таван үйлчлэгчээ дагуулан явсаар Нираанзана гэдэг үзэсгэлэнт сайхан голын дэргэд очжээ. Тэгээд таван цөвүүн дэвэрсэн энэ бэрх цагт хатуужил эдлэхгүйгээр тэнцэшгүйн хутагийг олохыг хүсэгчдийг хашраах зорилгоор тэрээр “Түгээмэл огторгуй” гэдэг дияаныг таван нөхдийн хамт хийжээ. Тэрээр зургаан жил дияанд оршихдоо цөөн тоот будаа, цөөн балга ус уух зэргээр амь аргацааж бусад хоол хүнсийг тэвчсэн гэдэг. Ийм хүнд нөхцөл байдлын улмаас тэрээр машид турж хатаж биеийн өнгө нь хар болсон учир түүнийг “Хар шрамани” гэх болжээ. Хоёр нүд нь хонхойн ширгэж, царай зүс нь тоос шороонд дарагдан харлаж, халуун нар, хүйтэн салхи, бороонд ямар ч хамгаалалтгүй оршсоноор эрүүл мэнд нь ч их мууджээ. Энэ үед тосгоны хүүхэд багачууд “үхээрийн чөтгөр” хэмээн шороо чулуугаар шидэх, зарим нь хамар, ам руу нь өвс шургуулж шоглон тохуурхдаг байжээ.
Ийм байдлаар Сиддхартха зургаан жил болоход Шудходана хаан болон нагац ах хоёр нь өдөр бүр элч илгээж мэдээг тасралтгүй авсаар л байжээ. Хүүгийнхээ биеийн байдал маш хүнд байна гэдгийг сонсоод хаан эцэг, хатан эхнэр нар нь туйлын ихээр харамсаж нулимс асгаруулан уйлж аав нь хүүгийнхээ, хатан нөхрийнхөө зовлон зүдгүүрийг хуваалцах гэж чимэг зүүлтүүдээ тайлаад өвсөн дээр хэвтэж нойр хоолоо хасдаг байжээ. Хань нөхрийнхөө төлөө санаа зовсноос хатны хэвлийд байсан хүүхдийн өсөлт зургаан жилээр саатжээ. Энэ үед хойт эх нь Сиддхартха дээр ирсэн бөгөөд тэр үед үнэхээр Сиддхартхын бие хатаж үхсэн мэт болсныг өөрийн нүдээр үзэж “Зурхайч нарын шинжсэн худлаа байж” хэмээн уйлж орилж хашгирчээ. Гэвч Сиддхартха түүнд:
Нар сар одод боловч мөхөж болно
Эгэл төрөлхтөн хэдий боловч бие минь үхсэнгүй
Тиймийн тул та бүү гасал
Өнө удалгүй бурханы бодийг үзэх болно ... хэмээн өгүүлснээр өрлөг эх нь тайвширч хааны хот руу буцжээ. Ингээд хатуужил төдийгээр гэтэлсэн бурхан болно гэдэг бүтэхгүй юм байна гэж бясалгалаа зогсоожээ. Хатуужлаас ангижран хоол унд идэж буйг нь харсан таван даяанч эр “Бурхан болно гэсэн зорилгоосоо буцаж эгэл амьдралд орлоо” гэж үзээд түүнийг орхин оджээ.
Бодь модны дэргэд заларсан нь: Сиддхартха бясалгалд өмсөж өнгө алдсан хувцсаа угааж цэвэрлэн тэнгэр нэрийн өргөсөн хуварга хувцсаа өмсөж ойролцоох хотод заларлаа. Тэнгэр нарын сануулснаар Сужатагаар мянган сайн үнээний сүүний цөцгийгээр балтай тараг хийж алтан саваар дүүрэн өргөсөнд түүнийг ууснаар лагшин нь алт арчсан мэт хүч орж өнгө зүстэй болжээ. Санскритаар Сужита, төвдөөр Лигжиймаа, монголоор Сайн эх гэх энэхүү эмэгтэйн ач буяныг өгүүлж баршгүй билээ. Ингээд хүч тэнхээ орж тэнхээлэг хүчирхэг биеэ сувилж байгаад Нираанзана мөрнийг гаталж баруун эрэг дээр гараад Бодь модны зүг явжээ. Түүний замыг салхи хийгээд хураар цэвэрлэж царджээ. Түүний замд өвс худалдагч нэгэн даша нэрт өвс хадаж байсанд:
Даша өвснөөсөө надад түргэн өг
Өнөөдөр өвс надад их хэрэг болно
Өмөг сэлт шуламыг дарж
Бодийн дээд нирваанд хүрнэ
хэмээн хүссэнд өвс худалдахаар хадаж байсан хүмүүн түүнд сахлаг зөөлөн хөх өвс өргөжээ. Тэрээр өвсийг өргөн явсаар Бодь модны дэргэд ирж тэрхүү модыг гурвантаа эргэж өвсний үзүүрийг дотогш хандуулан дорно зүгт харж биеэ шулуусгаж завилан суужээ. Тэгээд “Бие минь хатаж ч болох, яс мах минь эвдэрч ч болох боловч олон галавт олдохуйяа бэрх бодийг олох хүртэл энэ дэвсгэрээс биеийг бүү хөдөлгөсүгэй” хэмээн Сүмбэр уул мэт бат тангараглан зохиовоос тэнгэр нар хүрэлцэн ирж түүнийг сахин хамгаалахын тулд арван зүгт нь суужээ.
Шулмасын аймгийг дарсан нь: Шулмаст мэдэгдэлгүйгээр бурхан болох зохисгүй хэмээн үзэж гүн төвлөрөлд орж хөмсөгнийхөө завсраас хурц туяа цацруулан шулмасын орныг дарах гэрлийг түгээснээр шулмын оронгынхон бүгд үймэн сандарцгаав. Нүгэлт шулам өөрийн орон бүгд хоосрон харанхуй боллоо хэмээн хар даран зүүдэлж хашгирч орилон босоод үзмэрийн аргаар харвал бодь модны дэргэд сууж бясалгал үйлдэн буй Сиддхартхаг олж харжээ. Тэгээд нөхөддөө бодь модны дэргэд сууж буй тойныг хорлон хөнөөе гэж мэдэгдэв. Тэрээр олон шулмуудтай хэлэлцэж шулмын сартваах ноён гэгчээр буцаах гэсэн боловч буцааж чадсангүй. Шулмын аймгийнхан тоо тоймгүй олон цэргийг цуглуулжээ. Тэдний дунд ягчис, гүнбанди, махора, ракчис, бишази, бирд тэргүүтэн үзэшгүй муухай догшин дүртэй шуламнууд бүгд оржээ. Тэд бодьсадвагийн дэргэд ирээд зарим нь их бага уулыг хаяв. Зарим нь том чулуу хийгээд элдэв оньсон хүрд, зарим нь сум хийгээд жад тэргүүтэн элдэв мэсийг харвах нь харваж, шидэх нь шидэж дээрээс унагаах нь унагааж буй сүрт үзэгдэл бодь модны орчимд бий болсон ч тойн асралын дияан бясалгалд гүн орсон байсан учир тэдгээр мэс бүгд тойны биед хүрэлгүй цэцгэн хур болж эргэн тойрон нь цэцгээр хучигджээ. Тэр үед шулмын хаан Папиясын дуун гарч “Чи өчүүхэн төдий буянаараа гэгээрэлд хүрнэ байх даа” гэж тавлан асуув. “Чи тахил өглөг нэгхэн өргөөд амармагийн орны эзэн болсон бол би ашдаас тахилын өглөг тоолшгүй үйлдсэн тул бодийг олоход бэрх буй за” хэмэээн өгүүлбэл тэр үгийг амдан авч, “Тиймээ, миний нэг удаагийн тахил өглөг үйлдсэнийг чи гэрчилж байна. Тэгвэл таны үйл хэргийг хэн гэрчлэх болж байна” гэж ялагчийн дүрээр бардам асууж гэнэ. Тойн бээр “энэ газар дэлхий миний гэрч болой” хэмээн айлдаж баруун мутраар газарт чичээд “энэ газар хамаг амьтны орон мөн бөгөөд хамаг амьтанд тэгш ханддаг. Энэ миний гэрч бөгөөд би худал хэлээгүйг нотолж өгөөч” гэсэнд газар зургаан удаа хөдөлж завсраас нь газрын тэнгэр Стивара (төвдөөр Дама, монголоор Бат эх) биеийн хагасыг гарган алгаа хавсарч “Таны юу өгүүлсэн бүгд үнэн бөгөөд энэ нь надад тодорхой” хэмээн өгүүлээд үзэгдэхгүй болов.
Тэгтэл нүгэлт шулмын охид тэргүүтэн эмэгтэйчүүд царайгаа хувирган хүсэл булаах мэх олныг үзүүлсэн боловч тойн гоо бусын даяанд оршиж тэдгээрийг харах боловч хөгшин зөнөгт үзсэн бөгөөд хуурч эс чадсанаар шулмасын аймгийн арга тасарчээ. Сиддхартхагийн хувьд шулмасын охидыг битгий хэл үзэсгэлэнт хатнаа орхиж даяанч замыг сонгосон учир шулмасын энэхүү башир арга бол аргаа барсан зүйл байсан юм. Үүнээс хойш тэдгээр шулмас дахин үзэгдсэнгүй.
Туулсан бурхан болсон нь: Ийнхүү шуламын аймгийг дарсны дараа зуны тэргүүн сарын шинийн арван тавны үүрээр очир мэт дияанд шүтэж Бодь модны дэргэд очирт сууринд гэнэт гэгээрснээр түүнийг “Будда буюу Бурхан багш” гэж нэрлэх болжээ. Энэ агшинд Бурханы гэгээрлийг хүлээж байсан олон тэнгэр цэцэгсийг өвдөг шигдтэл цацаж тахил өргөлөө. Эх газар маш их хөдөлж ертөнцийн орон бүгдэд гэгээ гэрэл түглээ. Мөн энэ өдөр Ясодхара хатнаас хүү мэндэлсэн ба тэр үед сар хиртсэн учир хүүгийн нэрийг Рахула хэмээн нэрлэжээ. Бас тэр өдөр Сиддхартхаг очирт суурины дэргэд нас нөхцөв гэсэн худал цуу үг дуулснаар аав Шудходана хатан Ясодхара нар болон бусад ах дүү нар бүгд уй гашуу болсон боловч тэр зүйл худал болохыг мэдээд бүгд баясацгаажээ. Мөн энэ өдөр Шудходана хааны дүүгийн гэрт бас нэг хүү мэндэлсэн нь Ананда гэж нэрлэсэн нь “Бүгдээр баяссаны” дурсгал болсон юм.
Шудходана хаан Ясодхара хатны хэвлийд зургаан жил саатсан явдалд эргэлзээ төрж “Миний хүүгийн хүүхэд биш байх” гэсэнд Ясодхара хатан ихэд гомдож хадам эцэгтээ хэлсэн нь “Миний нөхөр Сиддхартхагийн гэртээ байхдаа очиж тоглодог байсан нуурын захад өөрийнх нь биеийн хэмжээтэй чулуу одоо ч байсаар буй. Хүү Рахулаг тэр чулуутай барьж хүлээд нуурын усанд би хаясугай. Хэрвээ Сиддхартхагийн хүү биш бол тэр усанд живж үхнэ байх. Тэр цагт чухам хэний хүү болохыг нь бүгдээрээ мэдэцгээнэ биз.” гэж олны өмнө батлан хэлээд тэр ёсоор хүүг чулуутай хамт барьж хүлээд усанд түлхэн оруулсанд тэр чулуу нуурын усан дээр хөвөн хөвсөөр нуурыг бүтэн тойроод чулуунд баглуулсан хүү эхийнхээ дэргэд иржээ. Энэ явдалд хаан аав нь бэрээсээ уучлал гуйн ач хүүгээ өвөр дээрээ авч энхрийлэн үзэх болжээ.
Сиддхартха Бурхан болоод 49 хоног тэгш суудалд оршиж, гэгээрлээр агуу их хүчин чадлыг олсон байлаа. Ийм учраас эхний долоо хоногт Бодь модныхоо дэргэд оршив. Хоёрдугаар долоо хоногт гурван мянган орноор явав. Гурав дахь долоо хоногт “Би зовлонгийн эцэст гарсан болой” хэмээж боди зүрхнээ нүдээ цавчилгүй үзэв. Дөрөв дэх долоо хоногт дорно ба өрнө зүгийн далайн захад хүрэлцэн очив. Тавдугаар долоо хоногт лусын хааны орноо оршив. Зургаадугаар долоо хоногт нядодо модны дэргэд оршив. Долоо дахь долоо хоногт Должу модны дэргэд оршиход худалдаачин Гагон, Вадра хэмээх ах дүү хоёр бал бурам өргөж, дөрвөн махранзын өргөсөн дөрвөн аягыг нийлүүлж нэг болгон хувиргаад дотор нь бал бурам хийж хүртэв.
Номын хүрд эргүүлсэн нь: Бурхан багш юуны өмнө өөрийнх нь сургаалийг хүлээж авч чадахаар боловсролыг олсон хүмүүст эхэлж айлдах нь зохистой гэж үзсэн. Ингээд Бенарас (одоогийн Варанаси)-т очиж хамт даяан хийж байсан таван даяанчаа хайж, хотын ойролцоох Арш унасан гөрөөсний ойд заларсныг нь мэдэж авсан. Өөрсдийг нь эрж явааг мэдсэн таван даяанч хоорондоо ийн хэлэлцжээ. Самидаас буусан түүнийг ирэхээр хэн ч угтаж бүү үйлд, босож бүү үйлд, номын хувцас хийгээд бадар аягыг нь авч бүү үйлд, урд байгаа илүү дэвсгэр дээр суугтун хэмээн хэлэхээр тогтжээ. Гэтэл Бурхан багшийг заларсанд тэд өмнөх хэлэлцсэнээ умартаж зарим нь босч угтан, зарим нь дэвсгэр дэвсэж, зарим нь хөлийг нь угаах ус бэлтгэх зэргээр ихэд хүндэтгэн залжээ. Бурхан багш дэвсгэрт оршиж, тэдгээр таван даянчийг бишрүүлэх үг олныг айлдсанд тэдгээр даянч: “Амин гавъяат Гаутама та билэг билгүүнийг илт зохиожээ” хэмээхэд, “Та нар Бурханыг амин гавъяат гэж бүү өгүүлэгтүн. Би бол хамгийг айлдагч бурхан, иймд та нар тангараг үйлдэгтүн” хэмээсэнд тэд гэмээ наманчилж Бурханы өлмийд сөгдөн бишрэлийг үүсгэлээ. Ийнхүү сургааль айлдаж анхдугаар номын хүрдийг эргүүлсэн нь гэсэн нэрээр алдаршжээ. Энэ айлтгалаар Кондана, Бхаддича, Маханама, Ассажи, Ваппа нэрт таван даянч сургаалийг нь сонссон анхны сонсогчид болов.
Бурханы сургаалийг сонсоод үнэнийг ухаарагч хоёр дахь нь Конданна нэрт шавь нь болов. Бурхан багшийн анхны айлтгал нь лам нарт зориулсан сургааль бөгөөд тэрбээр эхлээд “Хоёр хязгаарыг тэвчигтүн, энэ бол эхнийх нь дорой буурай байдалтай битгий яв, хоёр дахь нь дээрэнгүй ширүүнээр битгий яв” гэжээ. Дараагаар нь хутагтын дөрвөн үнэний номыг тайлбарлан таниулжээ.
Энэ сургаалийн үндэс суурь нь Бурхан багшийн амьдралаас үүдсэн бөгөөд “зовлонг таньж мэд, зовлонгийн шалтгааныг тэвч, зовлонгоос илт ангижран үйлд, үнэн мөнийг бясалга” гэхийн зэрэгцээ “таньж мэдэх зовлон байхгүй ч зовлонг таньж мэд, тэвчих юмгүй ч зовлонгийн шалтгааныг тэвч, огоорох юмгүй ч огоорох итгэл төгс бай, бясалгах юмгүй ч үнэн мөрийг бясалга” хэмээн сургажээ.
Үүний дараа нь Тасын цогцост ууланд ирээд шавь нар болох дундын ухаан билэгтнүүдэд, юм бүгдийг үнэнээр нь хоосонд үзэх хоосон чанараас эхлэн завсрын билэг чанаргүй номын хүрдийг эргүүлэв.
Хамгийн сүүлд буюу гурав дахь удаад нь сэтгэл төдий баригчдад хоосон чанарын бүдүүвч төдийгөөс эхлэн дараагаар нь сайтар асар ялгагч номын хүрдыг эргүүлсэн бөгөөд энэ нь сайтар ялгагч номын хүрд гэсэн нэрээр алдаршсан юм.
“Бурхан багш гэгээрлийн хутгийг олсноосоо хойш амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл биеийн амарыг бүрмөсөн огоорч шавь нартаа үнэнийг таниулахад бүх цаг хугацаа, бүх хүч чадлаа дайчилсан бөгөөд түүнийхээ үр дүнд дараа дараагийн олон зуунуудад ач холбогдлоо бүрэн таниулсан агуу их номлолыг бий болгосон юм.” Бурхан багш алс хол өргөн уудам нутгаар аялан явж ядуу дорой, баян чинээлэг, хаан язгууртай хэн бүхнийг ялгалгүй сурталчилан таниулжээ. Тэрээр бор турхан хувцаслаж борог хоол идэж, орон гэр гололгүй ой тайгад ч амьдарчээ. Ийм амьдралыг түүний хамт дагалдан явсан олон шавь нар ч туулсан байна. Түүний нөр хичээнгүй зүтгэл, эрдэм билгийг нь биширсэн шавь нарын хүрээ ихсэж, нэр алдар нь Энэтхэгийн бөглүү нутагт хүртэл сонсогдох болжээ. Тэр үеийн олон хаад түүний номонд орсон гэдэг. Бурхан багш бол зовлон хэмээгч их далайд төөрч, зүг чиг алдан явж буй хүмүүсийг нирвааны эрэг дээр гаргагч агуу их багш мөн.
Нирваан дүр үзүүлсэн нь: Дөчин таван жилийн туршид Бурхан багш ном сургаалаа айлдан нэг л мэдэхэд цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч 80 нас хүрчээ. Тэр үед түүний үндэслэсэн шашин нь хэдийн бүрэлдэн тогтсон байлаа. Тэгээд нэг өдөр шавь Анандыг дуудан “Энэ өдрөөс цааш гурван сарын дараа нирваанд орно” гэж хэлжээ. Бурхан багш шавь нарынхаа хамт умар зүгийг чиглэн Капилавастугаас холгүй орших Кушинагар тосгоны дэргэдүүр өнгөрч яваад “энд саатаж амарцгаая” гэжээ. Ингээд салаа модны хооронд ширээ засаж дээр нь залрахад шавь нар нь тойрон хүрээлэв. Шавь нарынхаа ирээдүйн сайн сайханд зориулж сүүлчийн айлтгалаа айлдаж баруун тал руугаа эргэж хэвтээд нүдээ анин нирваанд орсон гэдэг. Ийнхүү бурхан багш нирваанд оршсоноос хойш 2500 гаруй жил өнгөрсөн боловч өнөөдөр түүний үүсгэсэн шашин дэлхийн бараг бүх оронд дэлгэрч олон сая хүн шүтэж байна.