Бурхан багшийн шавь нараас хамгийн шилдэг хоёр нь Шарибу болон Моголжибу хоёр юм. Бурхан багшийн баруун талд нь Шарибу, зүүн талд нь Моголжибуг зогсоож дүрсэлсэн байх нь олон. Тэр хоёр баруун мутартаа дулдуй, зүүн мутартаа бумба барьсан байна. Тэдгээрийн түүхээс өгүүлэх нь: Эртний Энэтхэгийн Зискан Шинбу хааны үед Наслен жибу гэдэг эрдэмтэн брамсай, өөр нэг брамсай хоёр ном хаялцаж тэрхүү маргаанд эхнийх нь ялжээ. Түүнд хаан шагнал болгож Наланда гэдэг хотыг өгсөнөөс хойш тэднийд хүү, охин хоёр төрөв. Өндөр нуруутай хүүд нь Тодрин, Шакира шувууны нүд адил нүдтэй төрсөн охинд нь Шакира гэдэг нэр өгчээ. Хожим өмнөд Энэтхэгээс нэг Каржил нэрт брамсай ирж Наданда хотноо шавилан сууж байгаад Шакира охинтой суужээ. Тэр хоёроос нэг хөвгүүн төрсөнд эцгийн нэрийн хагасаар Нэржал, эхийн нэрийн хагасаар Шарибу гэсэн хоёр нэр өгчээ. Энэ хүүгийн эрдэм эцгээсээ давсан тул эцэг нь Ригведа заалгадаг 500 шавь нараа хүүдээ шилжүүлжээ. Хүү нь дуун ухааны олон сайхан ном бичиж сайн багш болохоо харуулжээ.
Синтагканд Дүзин нэрт нэгэн баян чинээлэг брамсай гэргий Моголын хамт амьдран суудаг байжээ. Тэр хоёр заяасан үргүй учир Бурханд ихэд залбирч өргөл өгч, тахилга арвин хийсний эцэст үр заяаж өвөр дээр унах мэт түргэн мэндэлсэн нь нэгэн сайн заяат хүү байлаа. Тэр хүүд “өвөр дээр төрөгч” гэсэн нэр өгч, бас Моголжибу буюу “Моголын хөвгүүн” гэсэн хоёр нэр өгчээ. Тэрээр хожим хойно их эрдэмтэн болж сүүлдээ багш болжээ. Энэ хоёр эрдэмтэн аль аль нь арван найман эрдмийн дээд эзэд болж шавь нарынх нь тоо олон зууд хүрчээ.
Шарибу, Моголжибу хоёр лам болсон нь бас өвөрмөц аж. Тэр хоёрын шавь нар нь хоорондоо уулзахдаа багшийнхаа тухай ярьдаг байж. Шавь нь дуулсанаа багшдаа ярина. Тийм замаар хоёр багш бие биенээ мэдэх болсон хэдий ч эцгүүдийн зөвшөөрөлгүйгээр уулзаж болохгүй байж. Гэтэл Зүгхан Шинбу хааных нэг их хурим найр хийж түүнд ханхүү Мажигваг оролцуулах болж. Энэ тухай дуулсан Дүзин бодохдоо Зүгхан Шинбу хаан нас барахаар ханхүү Мажигва хаан ширээг залгамжилна. Миний хүү тэр хааны багш ламтан нь болох завшаан ч таарч юуны магад гэж хүү Моголжибуг уг найранд явуулжээ.
Брамсай Каржил ч хүү Шарибугаа уг найранд бас очуулж гэнэ. Найр наадам нээгдэж наадамчин олон дуу хуур болж наргин цэнгэж, хүн зон хөл хөдөлгөөн өрнүүлж байв. Харин тэд наадамд үл оролцох хоёр зочныг ихэд гайхаж нэг бол тэд хэлгүй дүлий эсвэл их мэргэн ухаантан байх гэж бодож байжээ. Энэ үед нөгөө хоёр хоорондоо номын хэлээр ойлголцож бие биенийхээ хэн болохыг мэдэж танилцжээ. Тэгээд энэ явдлаас хойш өөр өөрсдийн ааваас зөвшөөрөл авч лам болохоор тохиролцов. Ийм саналыг Шарибу түрүүлэн гаргаж түүний саналыг эцэг нь ч төдөлгүй зөвшөөрсөн бол харин Моголжибугийн эцэг хүүгийнхээ хүсэлтийг гурван удаа няцаахдаа “Хүү минь гэр орондоо байгаад мөргөл, тахилга үйлдэж болно, түүнээс биш даяанч байдлаар амьдрах юм бол хүнд бэрхийг нь даахгүй” гэж хоригложээ. Гэвч хүү нэг бол лам болно үгүй бол амь насаа хөнөөнө гэж зургаан хоног хоол унд идэхгүй айлгахад эцэг эх нь арга буюу лам болохыг зөвшөөрчээ.
Тэр хоёр одоо дээд зэргийн брамсай удмаа бодож амар хялбар лам болохгүй, урьдаар сорилт судалгаа хийнэ гэж шийдээд тэрс номын зургаан тахилга, санваартны дэг жаян зэргийг ээлжлэн асууж лавласанд ихэнхи нь таалагдсангүй. Харин хамгийн сүүлчийн багш Яндагжалбасан дээр очиход тэрээр ид бясалгал үйлдэж байсан тул хэсэг хүлээж дуусахаар нь урьдын ижил асуултаа сорилтын журмаар тавихад түүний өгсөн хариулт ихэд таалагдаж улмаар түүнээс сахил хүртэж лам болжээ. Тэр хоёр эрдэмтэй залуу Яндагжалбасанд ихэд тоогдсон учир тэрээр таван зуу гаруй шавь нараа Шарибу, Моголжибу хоёрт хувааж өгчээ.
Нэгэн өдөр багшийнх нь бие чилээрхэхэд Шарибу багшаа асарч, Моголжибу эм тан залахаар оджээ. Гэтэл багш нь гэнэт ганцаараа инээв гэнэ. Учрыг нь асуувал түүний хариулсан нь: Сингала улсын хаан Сэрдэг нас эцэслэхэд түүний хатан нь уй гашууд автаж гол руу харайж ороод нас барлаа. Гэр бүлийн холбоо нь аз жаргал бус золгүй явдал авчирлаа. Тэгээд л инээд хүрэв гэж хариулав. Шарибу багшдаа хандаж: “Багштан та шашны мөнхийн рашаан олж авсан сураг байна. Түүнээсээ хуваалцана уу?” гэхэд багш нь: Би ч гэсэн шашны мөнхийн рашаан олно гэж лам болсон, гэтэл одоо болтол олж эс чадав. Харин мэрэг төлөгчдийн айлдсанаар бол Капилавасту хотод Шакиа омгийн хүү төрж лам болбол тэрээр гэгээрэлд хүрч мөнхийн рашаан хүртэнэ. Хэрэв та хоёр тэр ламын сургаалийг дагавал ашиг ихтэй бөгөөд улмаар “мөнхийн рашааныг нээх болно” гэжээ.
Моголжибу үүнийг сонсоод “мөнхийн рашаан”-ыг билгүүн ухаант Шарибу түрүүлж олоод өөртэй нь хуваалцах эсэхэд эргэлзэх учир түүнтэй ярилцаж хуваалцана гэдэг үгийг дуулжээ. Үүнээс хойш төдий удалгүй Яндагжалбасан нас эцэслэжээ.
Энэ үед Бурхан багш Асважит (төвдөөр Татхул) гэдэг шавьтай болоод цаашдаа Шарибу, Моголжибу хоёрыг шавь болгох цаг болсон гэж үзэж байв. Агуу их Асважит Бурхан багшийн хэлсэн ёсоор жанчаа өмсч бумбаа бариад хотоор өглөг цуглуулах ажилдаа гарчээ. Тэгтэл ингэж яваа Шарибутай тааралдана. Шарибу Асважитыг ихэд хүндэтгэж түүний эрдмийг шагшин магтаж багш нь хэн болох, ямар сургаал баримталдаг, хэнээс номын адис хүртсэн зэргийг нь асуувал тэрээр Шакиагийн мэргэн багшийн шавь бөгөөд багш нь хоёр хязгаарыг тэвчиж, бурхан номын бясалгал их үйлдээд хойт насны зам мөрийг ариусгах үйлсэд зам мөрөө зориулахаар лам болсон гэж гэнэ. Тэрээр цааш нь хэлэхдээ эх болсон зургаан зүйл хамаг амьтан нь энэ ертөнцөд лай хийгээд зовлонт байдалтай нэгэнт холбогдсон учир хойд насандаа ч гэсэн зовж зүдрэх болно гэж багш минь сургадаг. Харин төрөх, өтлөх, өвдөх, үхэх энэ арга замын тухай сургаал байдаг нь Бурхан багшийн өөрийнх нь амьдралын туршлага дээр тулгуурладаг юм гэжээ.
Дөрвөн чухал үнэнийг тунгаан ойлгоод сансрын хүрднээс “ангижрах” ёсыг эрж болох үнэнхүү хүсэлд автагдаж даруй сайн багштайгаа уулзаж Бурхан багшаас сахил хүртэж санваартан болно гэж Шарибу шийджээ. Шарибу тэндээс явж Моголжибутайгаа уулзан зөвшилцөөд өөрсдийгөө дэмжигч шавь нараа дагуулан Бурхан багш руу очихоор гарчээ. Тэр үед энэ тухай Бурхан багшийн эсрэг үзэлтэн шулмас хэмээгч түйтгэр сонсож мэдээд хэрэв Шарибу, Моголжибу хоёр Бурханы шашинд орвол түүний талын Анга, Магадха нарт муу болно гэж бодоод Шарибу, Моголжибу нарын замд саад учруулахыг завдлаа. Ийм зорилгоор шулмас дүрээ өөрчилж Буддагийн шавь Асважит болж хувираад Шарибу, Моголжибу нарыг угтан уулзаж: Би урьд нь та нарыг сорих журмаар хуурамч зам заасан юм. Тэр хуурамч зам ямар ч утгагүй. Тэдгээрийн тайлбарласан учир шалтгаан, шүтэн барилдлагын зөв буруу нь үнэн байдалд нийцэхгүй. Та нар таван мэдрэхүйнхээ хүчинд л итгэ, тийм хаа ч байхгүй юмыг Шакиагийн хүү зөвхөн өөрийгөө л бодож тийнхүү айлдсан байна. Тийм өөдгүй сургаалд үнэмшиж бүү буруудацгаа гэх мэтээр ятгаж үймүүлэв. Гэсэн ч Шарибу, Моголжибу нар түүнийг Асважит биш гэж үзээд шулмасын ятгалганд оролгүй: Чи арслангийн баг өмсөөд муурны үгээр ярьж байгаа учир бидний санаа бодлыг үймүүлж чадахгүй гэж хариулжээ.
Энэ нь бусад олон тэнгэрийн сайшаал дэмжлэгийг хүлээсэн учир шулмас ялагдаж зайлсан боловч сүүлд нь Бурхан багшид бараалхах зам дээр их нүх ухаж хорлох гээд бас дийлсэнгүй. Тэр бүгд эсэн мэнд Бурхан багшид бараалхаж улмаар шавь нь болж Бурхан багшийн олон шавь нараас авъяас чадвараараа тодорч Билэгтний дээд Шарибу, шидтэний дээд Моголжибу хэмээн алдаршжээ.