Энэтхэгийн бурханы шашны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, гурван гол ёсыг үүсгэн Бурхан багшийн үйл хэргийг нэр төртэй залгамжилж цаглашгүй гавъяа байгуулсан алдарт зургаан эрдэмтэн байдгийг “ертөнцийн зургаан чимэг” гэж бишрэн дээдэлдэг. Тэдгээрт Их хөлгөний төв үзлийг үндэслэн хөгжүүлэгч Нагаржуна, түүний залгамжлагч Аръяадэва, Вижнянявада үзлийг үндэслэгч Асанга, түүний залгамжлагч Васубанду, логик буюу учир шалтгааны ухааныг хөгжүүлэгч Дигнага, түүний залгамжлагч Дармакирти нар орно. Өөрөөр хэлбэл гурван их багш, гурван сайн шавийг “зургаан чимэг” гэж хожим нь нэрлэцгээжээ. Эдгээр зургаан эрдэмтний бүтээл туурвилууд хожим Төвд, Монголын шашны хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн билээ. Зургаан чимэг дээр Гунапрабха, Сахъяапрабха нар нэмэгдсэнээр найм болно. Сүүлийн хоёр хуварга нь шашин номын ёс жаягийг мөрдөн зохицуулах, судар ном судлан дэлгэрүүлэх, өглөг өгөх талаар нэрд гарсан учир “хоёр дээд” хэмээн алдаршжээ. Нагаржунагаас Сахъяапрабха хүртэл хугацаа нь Энэтхэгийн хөгжлийн чухал үе болох Кушан ба Гуптын хаант улсын үе юм. Эдгээр найман эрдэмтний сургаалийг Төвд, Монголын эрдэмтэн мэргэд судлан тайлбарлахын зэрэгцээ хөргийг нь бурханчлан бүтээж тахил, шүтээндээ залж ирсэн юм.
Эх сурвалж: Төвдийн Буддист урлаг – ном