Нагаржуна

Нагаржуна нь (төвдөөр Лүдэв) нь МЭ II зууны орчимд амьдарч байжээ. Тэр үед умард Энэтхэгт Кушаны эзэнт гүрэн тогтнож, Каниша хаан ихэд алдаршиж байв. Харин өмнөд Энэтхэгт Андхарын эзэнт улс тогтсон байв. Нагаржуна өмнөд Энэтхэгийн бярман гэр бүлд төржээ. Түүний эцэг үр хүүхэдгүй учир нэг зуун бярман ламаар гүрэм хийлгэж жасаа уншуулсны дараа заяасан үр нь Нагаржуна байжээ. Хэдий тийм боловч бага залуу насандаа нас эцэслэх тавилантай байсан учир Бурханы шашинд орж, бие сэтгэлээ зориулан бясалгал үйлдсэний хүчинд урт наслах болсноор барахгүй үйлс явдлыг нь Амитаба бурхан даажээ.  

Тэрээр хожим ид шидийн хүчээр Лусын хааны ордонд бараалхаж шашны ном айлдаад тэндээс Билэг барамидын судрыг залж иржээ. Тус судрын дэлгэрэнгүй, хураангуй хоёр ботийн утгыг тодруулах үүднээс Мадъямика карика (Үндсэн билгийг шүлэглэсэн нь) гэдэг зохиолоо бичжээ. Энэ үүднээс мадъяамика буюу төв үзлийн сургаалийн эх үүсвэр гарсан түүхтэй. Тэрээр бас улс орноо Буддизмын зарчмын дагуу захирч байхыг хүсч Анкраны хаанд Ратнавали судрыг бэлэглэв. Мөн Аръяа сургуулийг үүсгэсэн гэх бөгөөд урт удаан амьдарсан гэдэг. Нагаржунаг дүрслэхдээ зөөлөн дэвсгэрт хагас завилгаагаар оршсон, хоёр мутар нь зүрх орчимд ном номлох чагж хийсэн, баруунд лусаас залсан бумба, зүүнд давхар судар байх ба тэргүүнийх нь оройн үс орчимд долоон могой цогнойсон байдалтай орших ажээ