Аръяадэва

Аръяадэва нь (төвдөөр Пагва лха) нь Нагаржунагаас арай хожуу Сингала (одоогийн Шри-Ланк) нутагт мэндэлжээ. Тэрээр лянхуа цэцэгнээс төрсөн бөгөөд түүнийг Сингалын эзэн хаан өргөн авч хүмүүжүүлсэн байна. Нагаржунад шавь ороод удалгүй түүний шилдэг шавь нь болж тодорчээ. Аръяадэва нь ялангуяа ном хаялцахад гоц мэргэшсэн бөгөөд буддист бус олон тооны хүмүүстэй ном хаялцан ялж тэднийг Бурханы шашинд оруулж байжээ. Нэгэн удаа төв Энэтхэгийн Наланда хийдийг бусад шашныхан буруушаан нүд үзүүрлэх болсонд тус хийдийн лам нар аргагүйн эрхэнд Нагаржунад хандан тус дэмжлэг эржээ. Энэ үед өмнөд Энэтхэгийн Срипарвада ууланд сууж байсан Нагаржуна Аръяадэваг дуудаж Наланда руу явуулжээ. Аръяадэва тэнд очиж тэрсүүдийг номхотгосон байна. Аръяадэвагийн амьдрал дайсан ихтэй, хүнд хэцүү байсан боловч тэрээр Нагаржуна багшийнхаа сургаалийг хөгжүүлж, олон боть ном бичсэн юм.