МЭ IV зуун буюу Гуптын эзэнт гүрний түрүү үед амьдарч байсан. Асанга (төвдөөр Тогмид) нь Васубандугийн ах юм. Ах дүү Асанга, Васубанду нар нь эхийнхээ залбирлаар Бурханы шашинд үнэнч зүтгэх лам нар болох заяатай мэндэлсэн гэдэг. Ах Асанга анхандаа Бага хөлгөний ёсонд орсон боловч түүний сургаал эс таалагдав. Иймд тэр үед ид газар авч эхэлсэн Майдарын сургаалыг даган түүний сургаалыг дэлгэрүүлэхэд хүчин зүтгэхээр шулуудан Шувуун хөл уулан дахь даяанчлалын үе эхэлжээ. Гэвч Майдар бурхан заларч ирэхгүй болохоор бясалгалаа багасгаж байтал нэгэн өдөр Майдар бурхан гэнэт заларч ирж гэнэ. Майдар бурхан ирээд Тушита тэнгэрийн орондоо аваачаад сургаал номоо айлтгажээ. Асангад номлосон номыг “Майдарын таван боть” гэж нэрлэх бөгөөд тэдгээр нь Монголын Вижнанавадагийн гол сэдэв болно.
“Бясалгал хийснээр гурван жил болсон хэдий боловч түүнд Майдар бурхан эс үзэгдсэн учир бясалгалаа орхихоор шийдэн буцахаар явж байтал нэгэн хүмүүн хадан асганы дор сав бариад сууж байгаатай нь тааралджээ. Тэгээд түүнээс Та энд юу хийж сууж байна вэ? гэж асууж гэнэ. Нөгөө хүн бороо орж, үер болж, ус нь энэ асгаар урсаж ирэхээр нь энэ тоссон савандаа борооны ус дүүргэж аваад явахыг хүлээж байна гэж хэлж гэнэ. Тэгэхээр нь Асанга түүнээс санаа авч хүн ийм уйгагүй байдаг юм байна. Бороо хэзээ орох билээ, үер болж ус урсаж иртэл өдий байтал энэ хүн ингэж суудаг, тэгэхээр би ч болоогүй юм байна гээд буцаж явж дахин даян бясалгалаа хийжээ. Тэгээд гурван жил болж, дараа нь дахин гурав, нийтдээ зургаан жил болж гэнэ. Тэгээд ч зүүдэнд шинж тэмдэг алга гэнэ. За тэгээд бясалгалаа орхиж буцаад явжээ. Тэгтэл нэг газар хоёр хүн чулууг утсаар хөрөөдөж байхтай тааралджээ. Яаж байгаа юм гэсэн чинь “чулуун дотор эрдэнэ байгаа юм, хөрөөдөж хуваагаад доторхи эрдэнийг нь авах гэж байгаа юм” гэж гэнэ. Түүнийг сонсоод Асанга миния бясалгал болоогүй юм байна. Ингээд буцаад явдаг хэрэг гэж эргэж бясалгал хийсэн газартаа очиж зургаан жил бясалгал хийсэн боловч үр дүнд хүрч Майдартай уулзаж чадсангүй гэдэг.
Тэгээд арга буюу буцахаар явж байтал өтөнд баригдсан нэгэн нохой үхэх гэж байгаатай тааралджээ. Өтийг нь арилгахгүй бол жингэр үхнэ, өтийг авахаар жингэр сэхэхээр байв. Тэгээд жингэр сэхээд явчихаар өт нь үхчих гээд байдаг. Өтийг алж нохойд тус хүргэх хэцүү, нохойг аварч өтийг хөнөөх хэцүү, ингээд бүр яалт ч үгүй ацан шалаанд оржээ. Тэгээд одоо яахав гэж бодсон чинь би өөрийн гуяа хагалж өтийг нь аваад гуяндаа хийхээр өт миний гуянаас идээд амьд явна, жингэр ч өтнөөс салж амрах юм байна гэсэн бодол төржээ. Өтийг нь авах гээд гараа явуултал өт хуруунд нь бяцарчих гээд авч болдоггүй. Тэгэхээр нь хэлээрээ авч бие рүүгээ хийх хэрэгтэй болж тонгойн долоох гэтэл өмнө нь буй нохой Майдар бурхан болж хувирчээ. Та яагаад намайг ингэж зовоов гэсэнд: Чи намайг гэж суусан өдрөөс чинь эхлээд би нэг ч агшин дэргэдээс чинь холдоогүй. Энэ хооронд чамд амьтныг өрөвдөх нигүүлсэхүй сэтгэл ерөөсөө төрсөнгүй. Харин дөнгөж сая төрсөн учир намайг ёсоор нь үзлээ гэж хэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл жингэрийг өрөвдсөн, өтийг ч өрөвдсөн учир энэ өрөвч сэтгэлээс нь Майдар бурхан буй болж Асангагийн хүслийг биелүүлжээ.