Васубанду

 

 

Васубанду (төвдөөр Игнэн) нь Асангагийн дүү бөгөөд бага насандаа шашин номын мөр хөөжээ. Тэрбээр эхлээд Бага хөлгөний ёсны судар номыг судалсан боловч бүрэн таалагдаагүй учир тус Бага хөлгөний өөр нэг салбар болох “Судартаны сургааль”-ийг судалж улмаар алдарт Абхидхармакоша судрыг туурвижээ. Учир шалтгааныг олох явдлыг онц чухалд үздэг нь Бурхан багшийн сургаалд хандах Асангагийн үзлийн гол онцлог нь болно. Тэр анхандаа Бага хөлгөний зарчмын үүднээс Бурхан багшийн сургаалтай таарахгүй байна гэж Их хөлгөнийг шүүмжилж байв. Гэвч Асангагийн нөлөөгөөр хуучин үзлээ орхиж буруугаа хүлээжээ.

Тэр сүүлдээ Их хөлгөний ёсонд орж цаашдаа ахынхаа Майдараас уламжилж авсан Вижнянавадын сургаалийг хөгжүүлж олон судруудад тайлбар хийсэн юм. Монголчууд “Майдарын таван боть”, “Асангагийн долоон боть”, “Васубандугийн найман боть”, эдгээрээс бүрдсэн хорин боть номыг Вижнанавадын гол сэдвүүд гэж үзэх тул ихэд бишэрч хүндэтгэж ирсэн. Шарын шашинд үздэг таван боть “чойрын хичээл”-ийн дотор Абхидхармакоша багтана. Энэ нь Их хөлгөний ёсонд орохын өмнөх судлах ёстой зүйл болохоос гадна түүнийг судалснаар Бага хөлгөний онолыг онолын талаар батлах бэлтгэл болж өгдөг. Өөрөөр хэлбэл Бага хөлгөнөөс эхлэн Их хөлгөнд орох бэлтгэл болгодог.