Дигнага

 

Дигнага (Чоглан) нь бярман гэр бүлд төрсөн боловч Бага хөлгөний Ватсипутрияа салбарын сахил хүртсэн лам юм. Тэрээр хожим Васубандуд шавь орж Вижнанавадын Их хөлгөний сургаалийг судлах болжээ. Үүний зэрэгцээ Дигнага логикоор судалгаа хийж түүний хуучин баримтлал болох Няаяа-д шүүмжлэлтэй хандаж, улмаар зарим өөрчлөлт оруулсан. Үүний үрээр түүний логикын гол баримтлалыг буддист болон бусад хиндуйст шашинтнууд хүртэл дагах хандлага гарчээ. Тэрээр учир шалтгааны ухаанаар Прамансамуккаяа, Наяамукха зэрэг хэд хэдэн бүтээл туурвижээ. Энэ хоёр бүтээлээ туурвиж байх үедээ нэг биш удаа орхих шахсан боловч Манзушрийн зоригжуулснаар хичээнгүйлэн дуусгасан. Васувандугийн шавь болох учир Билэг Барамидын судрын мөн чанарыг Вижнанавадын үзлийн үүднээс задлан шинжлэх, мэдлэгийн тухай Вижнанавадын онолыг судлахтай холбогдсон хэд хэдэн ном бичжээ. Учир зүйн ухаан судлах Дигнагийн сургууль сүүлдээ Наландагийн хийдэд залгамжлагчтай болсны нэг нь Дармакирти ажээ. Дармакирти нь Дигнагийн өөрийнх нь шавь нарын нэг байлаа.