Дармакирти

 

Дармакирти /Чойдог/ нь өмнөд Энэтхэгийн бярман гэр бүлд төржээ. Тэдний гэр бүл Брахмад шүтлэгтэй учир Бурханы шашинд огт итгэдэггүй байсан боловч Дармакирти Бурханы шашинд орж, Дигнагийн шавь Прамансамуккаяа судрыг судалсан ба анхны судалгаагаар Ишварасенагийн тайлбарыг ойлгож, хоёр дахь удаадаа Дигнагийн үзэл санааг ухаж мэдсэн бол гурав дахь уншилтаар Дигнагийн онол нь бүрэн гүйцэт биш болохыг олж мэджээ. Тэрээр сүүлдээ Хиндуйстүүдтэй ном хаялцахаар буддист бус эрдэмтний дүрээр явах хоорондоо Брахманы гүн ухааныг судалжээ. Улмаар хааны дэмжлэгийг олсон төдийгүй түүний бичсэн алдарт Праманавартикагийн утга агуулга нь маш гүн учир тухайн үедээ хүмүүст ойлгогдохгүй бэрхшээл байжээ. Праманавартикад итгэдэггүй лам нар тэр судрыг нохойн сүүлнээс хөөж явуулжээ. Үүнийг мэдсэн Дармакирти “Тэр яахав, тэр нохойн олон хот, тосгоноор явна, тэр хирээр миний ном олон газар тархана” гэж суужээ. Хожим түүний шавь Дэвандрабуддхи Праманавартика сударт хоёр ч удаа тайлбар бичсэн боловч багшид нь таалагдсангүй. Харин гурав дахь тайлбар нь арай чамай зөвшөөрөгджээ.

Цаг мөч өнгөрөх тутам түүний сургаал өндөр үнэлэгдэх болж зөвхөн буддистуудаар үл барам Хиндуй, Жайны шашинтнууд ч бишрэн хүндлэх болжээ. Логикын талаар бичсэн бүтээлийг нь Европ, Америкийн эрдэмтэд өнөө хир сонирхон судалсаар байна. Шарын шашны чойрын таван ботид Праманавартика Бурханы шашны логикын гол ном болдог.