Амарбаясгалант хийдийн баруун хойд толгой дээр Жарун хашор хэмээх “нүдтэй суварга” бий. Жарун хашор гэдэг нь “ам алдсан нь” гэдэг утгатай ажээ. Домогт өгүүлснээр, цаст Түвдийн оронд өгөөмөр сэтгэлт нэгэн ядуу эмгэн дөрвөн хүүгийн хамт амьдардаг бөгөөд насны эцэст буян хурааж суварга босгохоор шийджээ. Тэгээд Түвдийн хаанд бараалхан зөвшөөрөл хүсч газар зааж өгөхийг гуйж гэнэ. Харин хаантан “энэ ядуу эмгэн юугаараа суварга барив” гэж бодоод “тэг тэг, хаа дуртай газраа барь” хэмээжээ. Эмгэн дөрвөн хүүгийн хүчээр заан, илжиг хоёр хөлөглөн шороо чулуу зөөсөөр ажил нь нэлээд урагшилсанд нутгийн ноёдууд дургүйцэж “ядуу эмэгтэй суварга бүтээх нь язгууртан ихэс дээдэс бидний нэр төрд халтай үйл явдал” гээд хаандаа бараалхан эмгэний суварга босгохыг нь болиулж өгөхийг хүссэн айлтгал өргөж гэнэ. Тэгтэл хаантан “нэгэнт би зөвшөөрч тэг тэг гээд ам алдсан учир түүнээсээ буцахгүй, хаан хүн нэг зарлигтай байдаг юм” хэмээн хариулжээ. Эл явдлаас үүдэн суваргыг “ам алдсан нь” буюу Жарун хашор гэж нэрлэсэн гэнэ. Мөргөж залбирахаар ирсэн хүн суварганы хананд буй нүд рүү ширтэн харж нүгэл хилэнцээ ариусган тарни маань хэлэх учиртай гэнэ.