Зул өргөх

Зулыг эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд өргөдөг. Хамаг амьтныг өөрийн эх мэт санаж өрөвдөн, зовсон зүдэрсэн муу заяаны амьтад үтэр түргэн зовлонгоосоо хагацаж төгс гэгээрэл, сайн зам мөрд орох болтугай гэж ерөөл тавин үүсгэнэ. Гэр орондоо зул асаах нь нарийн утга учиртай. Гэрийн муу энергийг зайлуулахын тулд зул асаахын зэрэгцээ бурханы мэлмийг гэрэлтүүлж байна гэдэг утгыг ч бас агуулдаг. Хүнд 108 төрлийн ад донг шингээж оруулах муу үүд хаалга байдаг бөгөөд үүнийг хаахын тулд 108 зул өргөдөг ажээ. Тосоо цөгцөнд хийхдээ хэт дүүргэлгүйгээр, дундуур байхааргүй хийнэ. Зул өргөхдөө өөрийн амьсгалыг оруулахгүй бөгөөд зулыг өргөхдөө үнэн сэтгэлээсээ сүслэх хэрэгтэй. Зулыг ад донгийн хорлолыг устгаж шатаахын тулд өргөдөг. Буддын шашинд нас барсан хүний сүнс дараа төрөлдөө очиж хүн болохын тулд маш хүнд хэцүү бартаатай, харанхуй замаар явдаг бөгөөд зул өргөж замыг нь гэрэлтүүлэх аваас тэдгээр сүнснүүд хойд төрөлдөө саадгүй очиж хүн төрлөө олдог хэмээн буддын шашинд номлосон байдаг. Нас барсан хүний сүнс нь долоон долоон 49 барсэрэд, жирсэрэд төрлийг аваад өнгө дүрс, үнэрээр хооллон эргэлдэж байдаг. Энэ үед сүнсийг янз бүрийн ад донгууд дагадаг. Тиймээс сүнсийг муу заяанд төрүүлэхгүйн тулд түүнийг дагалдан яваа ад донгуудыг зайлуулах хэрэгтэй гэдэг. Тэдгээрийг устгах хүч зулын шар тос болон малын бөөрний тосонд байдаг гэж үздэг. Байгаль амьтны гаралтай энэ тоснууд жинхэнэ буяны өргөл болдог учиртай ажээ. Зулыг ихэвчлэн үдшийн гялаан од гийх үеэр өргөдөг бөгөөд энэ үедээ тарни мэгзэм олон уншвал буян цаглашгүй хурааж, энэ ба хойд төрөлдөө аж амьдрал дээшилж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн нигууртай гэж үздэг. Мөн зул өргөхөд гэрлийнх нь нөлөөгөөр орчин тойрны эд юмс эмх замбараатай хөдөлгөөний урсгалд ордог байна.

Буддын шашинд Бурхан багшийн их дүйчин өдөр билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог. Эл их дүйчин өдөр гэдэг нь бурхан багш эхийн хэвлийд бүрэлдэж бий болсон, төгс гэгээрсэн, насан эцэслэсэн гэх гурван өдөр давхацдаг гэж үздэг байна. Энэ өдөр мацаг барих, зул өргөх, хүүхэд нохой хооллох, хурал ном хурах зэрэг үйлүүдийг үйлддэг.

Эх сурвалж: Монгол орны лавлах