Тахил

Бурхан багш, бодьсадва нарыг баясгах зүйл бол тахил юм. Бурхан шүтээнээ дээдлэн хүндэлж өмнө нь тахилын ширээ засна. Ус, сүү, идээ будаа тэргүүтнийг том жижиг цөгц тавганд хийж тавих буюу зул өргөх зэрэг нь тахил болно. Таван тахил гэдэгт сэрүүн ус, үзэсгэлэн төгөлдөр цэцэг, анхилуун үнэрт хүж, харанхуйг гийгүүлэгч зул, зуун амтат шим төгс идээ будаа тэргүүтэн орно. Тахилын гурван шүтээнд анхдагч шүтээн буюу бурхадын хөрөг дүрс, зарлиг шүтээн буюу бурханы сургаалууд, сэтгэл шүтээн буюу санваартан хутагт нарын сэтгэлийг агуулагч суварга багтдаг. Тахил өргөж буй цөгц хоорондох зайнд учир бий. Хоорондоо холдвол багшаасаа хөндийрөх, амсар нь нийлвэл ухаан сэхээ бүдгэрэх уршигтай хэмээдэг байна. Тахилыг “Умаа хум, умаа хум, умаа хум” гэж гурван удаа хэлж адисладаг. Эл тарнийг хоол унд идэхийн өмнө гурван удаа хэлж унших аваас хүртэж буй хоол унд нь дээдийн дээд рашаан болон хувирч шим тэжээлтэй болно гэж үздэг.