Маанийн зургаан үсэг

Ум ма ни бад мэ хум хэмээх энэхүү зургаан үсэг нь бүх бурхадын нинжин сэтгэлийн илэрхийлэл болсон Жанрайсиг бурханы зүрхэн тарни юм. Номын шим болсон эдгээр зургаан үсэг 84 мянган номын охь шимийг хураасан, язгуурын таван бурхан, нууц тарнийн бурхад бүхний эрдэм, шид бүтээлийн үндэс суурь ажээ. Ум-тарнийн толгой, Ма ни-чандмань эрдэнэ, Бад мэ-лянхуа цэцэг, Хум-очирт тааллын үр ба “намайг авралдаа багтаагтун” гэсэн айлтгал үг ажээ. Бүрэн монголчилж хэлбэл “Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч та намайг аврагтүн” гэж байгаа ажээ. Жанрайсиг бурхан нь баруун мутартаа чандмань эрдэнэ, зүүн мутартаа лянхуа цэцэг барьсан байдаг учир чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч гэж бас нэрлэдэг. Маанийн зургаан үсэгт эл тарнийг ном ёсоор нь уншвал хэмжээлшгүй ач тустай.

Нэгдүгээрт, билиг бирамидын номыг төгсгөж болно. Ум-аар өглөг бирамид, ма-гаар шагшаабад буюу ёс суртахууны бирамид, ни-гээр тэсвэр тэвчээрийн бирамид, бад-аар хичээл зүтгэлийн бирамид, мэ-гээр даяаны бирамид, хум-аар билгийн чанадад хүрэх бирамидыг олж болно.

Хоёрдугаарт, Зургаан шид бүтээлийг олж болно. Ум-аар дээдийн шид, Ма-гаар нийтийн шид бүтээл, Ни-гээр өвчин, ад донг арилгах шид бүтээл, Бад-аар нас буян хишгийг арвижуулах шид бүтээл, Мэ-гээр эд хөрөнгө, эд зүйлийг эрхэндээ хураах шид бүтээл, Хум-аар саад тотгор, хорлолуудыг тасдах шид бүтээлүүдийг олно.

Гуравдугаарт, Зовлонгийн зургаан үндсийг арилгаж болно. Ум-аар мунхагийг, Ма-гаар уур хилэнг, Ни-гээр харам сэтгэлийг, Бад-аар шунал тачаалыг, Мэ-гээр атаархлыг, Хум-аар бардам онгироо занг тус тус арилгаж болдог.

Дөрөвдүгээрт, Жанрайсиг бурханы зургаан эрдмийг олох боломжтой. Ум-аар Жанрайсиг бурханы лагшинг, Ма-гаар Жанрайсиг бурханы зарлигийг, Ни-гээр Жанрайсиг бурханы тааллыг, Бад-аар Жанрайсиг бурханы эрдмийг, Мэ-гээр Жанрайсиг бурханы үйлсийг, Хум-аар Жанрайсиг бурханы зохиолуудыг олдог байна.

Тавдугаарт, Бурханы хутагт хүрэх зургаан мөрийн эрдмүүдийг олох боломжтой ажээ. Ум-аар чуулган мөрийн эрдмийг, Ма-гаар найруулга мөрийн эрдмийг, Ни-гаар харахуй мөрийн эрдмийг, Бад-аар бясалгахуй мөрийн эрдмийг, Мэ-гээр үл суралцах мөрийн эрдмийг, Хум-аар бүхнийг мэдэгч бурханы хутагийн эрдмийг олдог байна.

Тус тарнийг тоолон уншихдаа Жанрайсиг бурханыг бодон бясалгаж, дотоод сэтгэлээ анхааран чагнаж, өөр бусад зүйлд сатааралгүй уншвал дээрх эрдмүүдийг олох ач тустай ажээ.


Эх сурвалж: Монгол орны лавлах