Бурхан багш, бурхан
багшийн хоёр шавь, долоон бандида, Ловон Бадамжунай, Сажа бандида Гунгаажалцан,
Богд Зонхов, Жибзундарнат, Далай лам, Богд гэгээн, Банчин-Эрдэнэ, Гармава
ламтнууд, Зава Дамдин гэх мэт аливаа урсгал номлолыг үндэслэгч, шалгарсан
гарамгай эрдэмтэд нь адис жанлавын дээдийг хайрладаг лама нар юм. Эдгээр лама
нарын сургаал номлолыг жирийн хүмүүст хүргэх, дэлгэрүүлэх үйл хийгч нарыг
хувраг буюу лам гэх ажээ. Лам нарт зэрэг дэв, ажил үүрэг гэж буй.
Аграмба: Судрын ёсыг дуусгаад тарнийн ёсыг сурсан ламд олгодог цол.
Бандида: Санскрит хэлээр бол “их багш, номын ухаантан” гэсэн үг. Монголд Халхын Зая бандида, Ойрдын Зая бандида хэмээх их багш нар үе улиран амьдарч байв.
Бичигч: Хийдийн түүх, хутагт хувилгаан, өндөр зэрэг дэвтэй лам нарын тухай бичиж түүх болгон үлдээх үүрэгтэй лам.
Бурханч:
Сүм хийдэд бурхадын хөргийг бүтээдэг ламыг хэлнэ.
Гавж: Буддын лам нарын ур чадварыг шалгасан “арван бэрх” хэмээх шалгалт бүхий давааг нэг бүрчлэн давж гарсан ламд олгодог цол. Эл цолыг авсан лам цанидын гурван ухааныг эзэмшсэнээ лам нарын өмнө баталж ном хаялцаж гэвш болох ёстой ажээ. Гавж цолтон лам нь сүм хийдээс дураараа гарч явж болдоггүй байна.
Гоч: Сүмийн уламжлалт зан үйл, өдөр тутмын хурлын хөгжмийн зэмсгийг хариуцна.
Гүртэмбэ: Зураг урлал, дархан мужааны сийлбэрт авъяастай лам хүн бөгөөд тусгай үед сүмд ирж хэрэгтэй зүйлсийг нь урлаж хийж өгдөг.
Гэсгүй: Өдөр тутмын хурал номын дэг ёсыг хариуцна. Өөрөөр хэлбэл, лам нарын сахилга бат, ёс суртахууны үүргийг хариуцдаг бөгөөд бага гэсгүйг “гэсг” гэнэ. Тухайн сүмийн дотор үүдний зүүн талд нь их гэсгүй, баруун талд нь бага гэсгүй ламын суудлыг засдаг.
Донир: Сүм хийдийн нарийн бичгийн дарга буюу хамба ламын туслах ламыг хэлнэ. Бичиг цаас зохиох, мэдээ дамжуулах үүрэгтэй. Толгой дээрээ хүрэн өнгийн жинс зүүж явдаг.
Дуганч: Сүм дуганд хурал ном хурах, манз цавын бэлтгэл хийдэг ламыг хэлнэ.
Дэнч: Сүм хийдийн нярав лам бөгөөд сүм хийдийн эд хэрэглэлийг хариуцаж, өдөр тутмын зарлага орлогыг тооцон бүртгэх нягтлан бодохын үүргийг ч давхар гүйцэтгэнэ.
Засаг: Жас буюу дэнч ламын туслах бөгөөд нярав лам гэж ойлгож болно. Ловон: Хурлын дэг ёсыг баримталж удирддаг ламыг хэлнэ.
Лхаарамба: Төвдийн Лхас хотод сурсан эрдмээ хамгаалж ном хаялцсан ламыг хэлнэ.
Мэдээч: Өглөө бүр “буяны шат” өгсөж лавай үлээж лам нарыг хуралд урин дууддаг.
Номч: Сүм хийдэд байх судруудыг уншиж судлан бусад лам нарт тайлбарладаг сударч лам юм.
Равжамба: Тодорхой салбараар мэргэшин Төвдөд дамжаанд суусан лам.
Ренбүчэ: Төвд үг бөгөөд монголоор орчуулбал “эрдэнэ” гэсэн утгатай. Бурхан багшийг төлөөлөн ирж байгаа шашны томоохон зүтгэлтнийг нэрлэдэг байна. Ажа гэгээн Ренбүчэ, Бакула Ренбүчэ, Гүридава Ренбүчэ гэх мэт хүмүүсийг монголчууд мэднэ.
Тахилч: Сүм дуганы бурхан тахилыг хамгаалж арчлах үүрэгтэй лам.
Унзад: Хурал ном хурах ая данг эрхэлж, ном уншлагыг оройлдог. Хоолой сайтай лам байх бөгөөд том хийдүүдэд их, бага унзад гэж байдаг.
Хамба: Сүм хийдийн тэргүүн бөгөөд тухайн хийдийн бүх үйл ажиллагааг түүний зөвшөөрлөөр явуулдаг. Богд гэгээн томилдог байсан. Одоо бол лам нарын зэрэг дэвийг харгалзаж, гэлэн ламаар хамба ламыг сонгодог.
Цорж: Хийдийн ном сургах асуудлыг эрхэлдэг ба тэргүүн хамба эзгүй үед орлодог.
Ширээт: Зөвхөн хурал номыг хариуцдаг лам юм.
Эх сурвалж: Монгол орны лавлах