Дацан

Бурханы зураг зурах, шашны хэрэгсэл хийх, уламжлалт анагаах ухаан,  буддын гүн ухаан, зурхай зэрэг чиглэлээр төрөлжүүлэн лам нарыг бэлтгэн сургалт явуулдаг ба  хурал ном ч хурж болдог. Дотроо хэдэн төрөлд хуваагдана. Үүнд: Цанидын, жүдийн, чойрын, манба, зурхайн дацан гэх мэт.

Жүдийн дацан:Тарнийн ёсонд суралцах сургууль ба жүд гэдэг нь буддын шашинд томоохон байр суурь нөлөө бүхий нууц тарнийн ухаан юм. Бүх ном бясалгалаа үүр шөнөөр уншдаг, бурхан багшийн сургаалийг өвөрмөц урсгалаар шүтүүлдэг зэрэг шашны салбарт заавал байх ёстой зүйлүүд байдаг ажээ. 1937 онд Монголд хэлмэгдүүлэлт эхлэхэд хамгийн түрүүнд жүд дацанг шатааж лам нарыг нь даруй устгасан гэдэг. Шарын шашны нууц тарнийн уг салбар 1739 онд анх байгуулагджээ.  Судлах ном нь, үйлийн үндэс, явдлын үндэс, йогийн үндэс буюу бясалгал, тэгшгүйн үндэс буюу бие сэтгэхүй хоёрын зэрэг удирдлагын үндсийг судална. Үйлийн үндэс, явдлын үндэс хоёрыг эхний үе шатандаа суралцдаг.

Дүйнхорын дацан: Цаг хугацааг захирагч Дүйнхор бурханыг шүтээнээ болгосон, зурхайн ухаанд сургадаг сүмийг хэлнэ.

Цанидын дацан: Буддын шашны бага сургууль юм. Цанид гэдэг нь Ганжуурын агуулгыг эрэмбэ дараагаар нь тайлсан номыг хэлдэг. Гурван сав ертөнцийг судалдаг. Тухайлбал, сударын ёсон, винайн ёсон, илт номын сан аливадариа буюу гүн ухааныг судална. Эхний хоёрт бүх лам суралцана,  гурав дахийг нь төрөлжиж суралцдаг.

Чойрын дацан: Буддын шашны гүн ухааныг судалдаг сургуулийг хэлнэ. Гандан сүмийг 1803 онд чойрын дацан болгож байжээ.