Лам хуврагууд болон сүсэгтэн олон өөрсдийн шүтэн биширдэг бурхан шүтээндээ зоог өргөж буй идээг балин гэдэг. Эл хүндэтгэлтэй идээг бүтэн жил бурханд өргөсөн ч огт мууддаггүй ажээ. Учир нь үүнийг усаар бус шар тосоор зуурч хийдэг. Балингаа бурхандаа тавих нь өдөр бүр зоог барьж байгаа утгыг илэрхийлдэг. Чамин болгож чимэглэх нь сайхан идээ өргөж байна гэсэн утгатай. Чимэглэлийг удаан буцалгасан тосоор хийдэг бөгөөд тун нарийн хийцтэй, өнгө будагтай байдаг. Балинг бурханд өргөл болгож хийхээс гадна газрын эзэнд зориулан хийдэг. Гурвалжин босоо, цац хэлбэртэйгээр хийж нар сар, чандмань эрдэнийн дүрсээр дээд талыг чимэглэнэ. Чимгийг шар тосоор, их биеийг замбай гурилаар хийдэг. Газар лусын эздэд зориулсан балингийн эргэн тойронд “нөхөр” болгож олон жижиг балин суулгадаг боловч тоо нь адилгүй. Махагал бурханд зориулсан балин 62 нөхөртэй байх жишээтэй. Мах цусны балин гэж байх бөгөөд хүний биеийн гол гол эрхтнүүд бөөр, зүрх, сарвуу, тавхайг дүрслэн хүрэн өнгөөр будаж хивэг шиг бүдүүн ширхэгтэй гурилаар хийдэг.