Шадар ван Чингүнжав одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт 1710 онд Дүүрэгч вангийн хошууны захирагч Банди бэйлийн хүү болон мэндэлжээ. Чингүнжав Зүүнгарын хаант улсыг дарах аянд дайчлагдан Манжийн цэрэгтэй хамт хөдөлсөн боловч элэг нэгт ахан дүүсээ алж хядахаас татгалзан мянган цэрэгтэйгээр Манжийн албыг хаян Амарсанаа вантай санаа нэгдэн Халхын нутагт зорин ирж, Манжийн эсрэг бослого гарган эсэргүүцэн тэмцжээ. Хойдын ван Амарсанаа, Хотогойдын шадар ван Чингүнжав, Хорчины ван эфү Сэвдэнбалжир нар урьдаас тохирсон ёсоор Манжийн эсрэг тэмцлээ 1755 онд эхэлж, монголын ард түмний 3 жилийн эх оронч тэмцлийг өрнүүлсэн юм. Бослого гарсан шалтгаан бол манж нар Зүүнгарын хаант улсыг бүрэн эзлэхийн тулд халхчуудыг зовоон ард түмэнд маш их татварын дарамт үзүүлж, Чингис хааны Алтан ургийн ноёдыг цаазаар авсан явдалд ихээхэн дургүйцжээ.
Чингүнжав Манжийн хаанд “Чи Чингис хааны Алтан ургийн язгуураас яллах эрх байхгүй, би үхэхээс айхгүй” хэмээн заалдсан байдаг. 1756 онд Чингүнжавын цэрэг Хиагт, Их Хүрээнд байсан манж цэргийг довтолж, намар нь Их Хүрээнд чуулган хийхээр тогтжээ. Эл бослогыг Халх түмэн, II Богд, Түшээт хан Янпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар, Сайн ноён Дэчинжав, гүн Дамиран зэрэг нөлөө бүхий хүмүүс дэмжиж цэрэг, хоол хүнс, унаа хөсөг, зэр зэвсэг зэргээр хангаж байжээ. Хүчээ авсан бослогыг Манжийн хаан дарахын тулд гол удирдагчийн хүчийг салган ганцаардуулах бодлого явуулж, Амарсанааг гэнэдүүлэн барьснаас хойш 6 сарын дараа Хөвсгөлийн Ханхаас 20 км наана болсон тулалдаанд Чингүнжав баригджээ. Үнэн хэрэгтээ цэргийн хүчээр ялагдсан бус түүний дэргэд шадарлаж байсан Азар зайран, Баян зайсан, Барамсэд тайж, Сүндэв лам нарын хуйвалдаан, эл хэрэгт оролцсон Хөвсгөл нутагт сууж байсан Түмэдийн тэргүүн тайш Ламжав, бэйл Цомцогжав, хошууны залан занги Чой, хиа Намхай нар урван тэрсэлж манжийн буухиа цэрэгт замчлан зааж өгснөөс болж баригдсан байна.
1757 оны 1 дүгээр сарын 17-нд 80 гаруй настай эмэг эх, 22 настай охин дүү, өөрийн охин, өргөмөл хөвгүүн нарын хамт баригджээ. Дараа нь Их Хүрээний ойролцоо сууж байсан эхнэр, ууган болон удаах, отгон хүү, нялх гурван охин зэргийг нь баривчлан гинжилж Бээжинд аваачжээ. Чингүнжавыг оросууд барихаар Манжийн хаантай үгсэн хуйвалдаж байсан тухай баримт Орос болон Бээжингийн архиваас хүртэл олдсон байна.
Чингүнжавыг 1757 оны 3 дугаар сард Бээжинд хоёр хүүгийн хамт цаазлахаас өмнө нүдэн дээр нь гэр бүлийн бусад гишүүдийг хороосон байна. 5 настай Бари хүүг нь амьд үлдээсэн боловч 2 жилийн дараа учир битүүлгээр нас баржээ. Чингүнжавыг 81 улайсгасан зоосны нүхээр махыг цувуулан гарч ирсэн махыг нь огтолж тамлан алсан гэдэг. Цогцсыг нь манжийн хааны ордны баруун хаалга орчимд хаяж хүмүүсээр гишгүүлэн доромжилжээ. Чингүнжавын шадар цэргүүдийн нэг нь нууцаар дагаж Бээжинд ирсэн ба ийнхүү харамсалтайгаар алагдсаны дараа эрхий хурууг нь авч төрсөн нутагт нь авчирч оршуулсан ажээ. Эдүгээ түүний дурсгалыг хүндэтгэн Хөвсгөл аймгийн Арбулаг суманд хөшөөг нь босгож, Жанхас толгойг “Ван толгой” гэж нэрийдэх болжээ. Чингүнжав эрх чөлөөний төлөө эцсийн мөч хүртэл тэмцэж, манжийн хааныг сандарган өөрийнхөө эсрэг 10 гаруй зарлигийг гаргуулж, эл тэмцлийнхээ төлөө үр удмаараа хядуулсан юм. Тэдний бослогыг дэмжиж байсан II Богдыг хөл хорин, хараа хяналтанд байлгаж байгаад бослого дарагдсаны дараа 37-хон настай Богдод Жанжаа хутагтаар дамжуулан хор уулган алж, Засагт хан, Түшээт хан нар учир битүүлгээр нас барсан байна.
Чингүнжавын тухай домог яриа, дуу зөвхөн Хөвсгөл нутагт төдийгүй Ховдын мянгад, Завхан, Сэлэнгийн буриадуудын дунд өргөн тархаж, Хөлөн буйрын монголчуудын дунд ч дурсагдсаар байдаг билээ. Ховд аймгийн мянгадууд, Хөвсгөл аймгийн Арбулаг, Төмөрбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уул сумынхан саяхныг хүртэл хар даалимбаар хаалганыхаа эсгийг бүрж, хөх даалимбаар хаяавчаа хийдэг байсан нь эрэлхэг баатар хүү Чингүнжав эргэж ирэхдээ эх нутаг элгэн саднаа таниг гэсэн утга бэлгэдэлтэй гэнэ. Чингүнжавын Их хар тугийг Хотогойдын нутагт, Бага хар тугийг Хотогойдоос салж нүүсэн мянгадууд тахидаг байсан аман яриа бий. Хотогойд дотор 70 орчим үндсэн болон үржвэр овог байсны дотор Тугчин овог гэж байсан бөгөөд Эрдэнэдүүрэгч вангийн хошуунд нутаглан Шадар ван Чингүнжавын тугийг хадгалж хамгаалан, түүнийг тахих үйлийг хийдэг байжээ.
Чингүнжав нь Хотогойдыг захирч байсан Чингис хааны Алтан ургийн Боржигон овгийн хиад ястны хүн юм. Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжийн ууган хүү Ашихай дархан хунтайж, түүний удам нь Халхын Шолой сэцэн Убаши хунтайж, түүний үр хойч Бүүвэйл бэйлийн ач хүү нь Чингүнжав ажээ. Тухайн үед хэн ямар аймгийг захирч байснаар нь нэрлэдэг байсан учраас Жалайрын Гэрсэнз, Халхын Абтай, Хотогойдын Чингүнжав гэх мэтээр алдаршин үлджээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах