1895 оны 2 дугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Чойбалсан хотод малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлжээ. Түүний эцэг Жамц нь Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байсан бөгөөд нутаг усныхан, хошуу тамгын газраас элдвээр гадуурхаж байсан учраас эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад нь орхин явсан байна. Хүүгээ төрсний дараа эргэн ирж хүүдээ Дугар гэдэг нэр хайрлаад эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад эргэж ирж амжилгүй нас барж, Дугар хүү хоёр ч айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн гэртээ буцаж иржээ. 7 настайдаа төвд ном үзэж, 13 настайдаа Санбэйсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн Чойбалсан хэмээх нэртэй болсон боловч 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээ рүү очилгүйгээр найз Гэндэн-Яринпэлийн хамтаар Их Хүрээнд ирж хар бор ажил хийн амьдрах болжээ. 17 настайдаа Гадаад яамнаас байгуулсан Орос, монгол хэл бичгийн сургуульд орж суралцан, жилийн дараа сурлага сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Оросын Эрхүү хотод бусад 8 хүүхдийн хамт суралцаад буцаж ирснийхээ дараа “Цахилгаан мэдээний түр сургууль” дүүргэжээ.
Оросод болж буй үйл явдлыг өөрийн нүдээр үзэж харсан туршлага, Хүрээнд эргэж ирээд Бодоотой дотно нөхөрлөсөн зэрэг нь түүний цаашдын хувь заяанд эргэлт авчирч, 23 насандаа Хүрээнд байгуулагдсан Консулын бүлгийн гишүүн болж хувьсгалын хэрэгт идэвхтэй оролцжээ. 1921 онд Ардын журамт цэргийн дэд жанжин болж Монголд бүгсэн Оросын цагаан цэргийн үлдэгдлийг дарах ажилд гавъяа байгуулсан учраас Зөвлөлт засгаас Сүхбаатар, Магсаржав нарын хамт Улаан тугийн одонгоор шагнагджээ. 1921 оны 8 дугаар сард МХЗЭ-ийг үүсгэлцэж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдов. 1922-1931 онд Бодоогийн хэрэгт холбогдон намын орлогч гишүүн болж албан тушаал буурч, ЗХУ-д цэргийн сургуульд явсан боловч өвчний учир буцаж иржээ. 1924-1928 он хүртэл Бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын даргаар ажиллаж “Феодалын хөрөнгө хураах төв комисс”-ыг толгойлсон байна. 1930 онд “барууны үзэлтэн” нэр зүүж, Оросын цагаан цэрэгт хүчин зүтгэж байсан Мэнгэт залан гэгчид өршөөл үзүүлж оргуулсан хэмээн буруутгагдаж ажлаасаа халагдан хэсэг хугацаанд хаягджээ.
1931 онд Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн албанд гарч ирээд 1934 онд Москвад 1 жил орчим амьдраад ирсэн боловч тэнд чухам юу хийж байсан нь тун бүрхэг үлдсэн байна. Нутагтаа буцаж ирснийх нь дараа 1935 оны 3 дугаар сард ЗХУ-аас суудлын 20 автомашин бэлгэнд ирж, удалгүй Сталины шууд оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогджээ. Эл үеэс эхлэн тасралтгүй дэвшсэн бөгөөд Сталин ба түүний гар хөл бологчдын бодлого төлөвлөгөөг Монголд үг дуугүй биелүүлж хэрэгжүүлэх итгэлт хүн нь болж хувирсан байна. 1936 онд Дотоод яамны сайдыг хавсран гүйцэтгэж эрх мэдэл нь улам л тэлсээр, эцэст нь улсын Засгийн газрын тэргүүн болж, Сталины зааварчилгаар 30 гаруй мянган хүнийг хилс хэргээр хэлмэгдүүлжээ. Чойбалсангийн тэргүүлсэн “Онцгой бүрэн эрхт комисс” нь Дотоод яамнаас оруулсан нэрсийн жагсаалтаар асуудлыг шийдэж зөвхөн нэг удаагийн хурлаар 128-130 хүнд ял оноодог байв. Эдгээр хүмүүс хэргийн бүрдэлгүй, өмгөөлөгчгүйгээр тус онцгой комиссоор хэрэг нь шийдэгддэг байсан бөгөөд 1939-1940 онд “японы тагнуул” хувьсгалын эсэргүү хэмээх хилс хэрэгт 28451 хүн баривчлагдсаны 73 хувь нь буудуулсан байна. Буудуулсан хүмүүсийн 36 хувь нь нам төрийн албан хаагчид байжээ. Эл зориудын устгал аллага бүхий хэлмэгдүүлэлтэнд айл өрх бүр өртсөн бөгөөд энэ тухай яруу найрагч Д.Банзрагч “... Хөрст газар хөрвөж байхад ч ийм гарз байгаагүй, хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайрч байгаагүй...” хэмээн халаглан бичиж байжээ. Улмаар нам төрийн бүх эрх мэдэл түүний гарт төвлөрсөн бөгөөд нэг мэдэхэд Ардын хувьсгалыг анхлан байгуулалцсан журмын нөхдөөс нь нэг нь ч үлдэлгүй бүгд хэлмэгдсэн байжээ.
1939 онд Халхгол орчимд болсон тулалдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийг Х.Чойбалсан командалж, 4 сар гаруй үргэлжилсэн эл байлдаан Монгол Зөвлөлтийн цэргийн ялалтаар өндөрлөв. Эл ялалт нь “японы тагнуул” нэрийн доор явуулсан их хэлмэгдүүлэлтийг зөвтгөх шалтгаан болж, Чойбалсанг тахин шүтэх бас нэгэн шалтгааныг төрүүлжээ. Х.Чойбалсан хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 онд хамт амьдарчээ. Эхнэр Бортолгойн хүсэлтээр гэр бүлээ цуцлуулж түүний танилцуулсан Б.Гүндэгмаа хэмээх эмэгтэйтэй насан туршдаа амьдарч Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой болсон байна.
Чойбалсан 1939 оны 9 дүгээр сард Москвад очиж уулзалт хийснээр Улаанбаатар хотод төмөр зам тавих, мах комбинат байгуулах, цементийн үйлдвэр барихад туслахаар болжээ. Үүний дараахан Монгол улсын хоёр дахь Үндсэн хуулийг баталжээ. Улсын сайн малчдын зөвлөлгөөнийг хийж малын тоо толгойн ашиг шимийг нэмэгдүүлэх, уламжлалт аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн “Улсын сайн малчин” цол бий болгож, өөрөө биечлэн хөдөө орон нутгаар явж газар дээр нь одон медаль, бараа таваараар шагнаж байв. Энэ нь Сталин монголын малыг 200 сая тоо толгойд хүргэх лоозон дэвшүүлсэн, Зөвлөлтийн тусламжийн хариуд жилд 40 мянган тонн ноос, ноолуур бэлтгэж өгөх болсонтой холбоотой ажээ. Улс орон даяар “Ноос бол алт” хэмээх компанит ажлыг өрнүүлж байтал дэлхийн II дайн эхэлж, Монгол улс ЗХУ-д туслахаар дайнд татагдан орж, “бүхнийг фронтод” уриатайгаар ажиллаж амьдарч эхлэв.
Дайныг ялалтанд хүргэсэн ЗХУ, АНУ, Их Британий удирдагч нарын уулзалт дээр ЗХУ-ын гаргасан саналын дагуу “Гадаад Монголын статусыг хэвээр байлгах”-ыг хүлээн зөвшөөрснөөр Монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрч, Сталины шахалтаар Хятад улс ч зөвшөөрөх болжээ. 1945 оны 7 дугаар сарын эхээр Чойбалсанг Сталин Москвад урьж уулзахдаа албан ёсоор Засгийн газрын хэмжээнд 2 улсын төрийн далбааг мандуулан хүндэт харуул жагсан хүлээн авчээ. 1945 оны 8 дугаар сарын 8-нд ЗХУ, мөн сарын 10-нд БНМАУ Японд дайн зарлаж дэлхийн II дайны төгсгөлийг хийхээр болж, хойд хятадын зарим муж, Өвөрмонголын нутгийг чөлөөлжээ.
1945 оны 9 дүгээр сард Хятадын саналын дагуу бүх монголчууд “БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө” санал хураалт явуулж 100 хувь санал өгснөөр Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Х.Чойбалсанг Монголыг удирдаж байх хугацаанд 1939, 1945 оны хоёр дайнд оролцож ялалт байгуулсан, тусгаар тогтнолыг хятадаар бүрэн зөвшөөрүүлсэн зэрэг нь түүнийг тахин шүтэх үзлийг дэвэргэжээ. 1945 онд түүний 50 насны ойгоор бараг бүх зохиолч яруу найрагч нар түүнийг магтан дуулсан шүлэг яруу найраг бичиж, түүнийг “шалгарсан жолоодогч” хэмээн өргөмжилжээ.
Чойбалсанг төр барьж байх хугацаанд Налайхын нүүрсний уурхай, төв цахилгаан станц, аж үйлдвэрийн комбинатыг өргөтгөх, Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр, зарим уул уурхайн үйлдвэрүүд байгуулагдаж, Наушка-УБ-ын чиглэлд өргөн төмөр зам ашиглалтанд орж, морин өртөөг халж, авто өртөөг байгуулж, монгол бичгийг халж, кирилл үсгийг нэвтрүүлж, анхны 10 жилийн сургууль байгуулж, 1942 онд МУИС-ийг байгуулж, бүх хүмүүсийг бичиг үсэгтэн болгох эхлэлийг тавьсан байна. Тэрбээр “Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсч байгуулагдсан товч түүх”, “Монгол ардын үндэсний хувьсгалт цэргийн агуу хөгжлийн товч зам”, “Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх” гэх мэт зохиол бичиж, илтгэл өгүүллэгүүд нь 4 ботиор хэвлэгджээ. Гандан хийдийн хурал мөргөлийг сэргээж, 1949 онд сонгуулийн бүх нийтийн, шууд, тэгш бөгөөд саналаа нууцаар хураах шинэ систем тогтоож, 1951 онд Ардын Их Хурлын анхны сонгуулийг явуулжээ.
Сталины мэндэлсэн 70 жилийн ойн баяр дээр Европ Азийн орнуудын нам төрийн тэргүүн нар биечлэн очиж баяр хүргэхэд Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. Сталины зүгээс Монголыг холбооны улс болгохоор хэд хэд удаа зүтгэсэн боловч Чойбалсан түүнийг эсэргүүцжээ. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан алгадсан гэдэг. Маршал Х.Чойбалсанг ЗХУ-д эмчилнэ гэдэг нэрээр дуудаж аваачаад 1952 оны 1 дүгээр сарын 26-нд мэс засалд оруулсан боловч тэр өдрийнхөө орой нь нас барсан юм.
МУИС-ийн өмнө байдаг Маршал Х.Чойбалсангийн хөшөөг уран барималч Л.Махвалын эх загвараар түүний дурсгалд зориулан 1946 онд босгосон бөгөөд түүнийг “нүгэл буяныг хослуулан хураасан удирдагч” хэмээн судлаачид үздэг.
Эх сурвалж: Монгол орны лавлах