Халх Монголын ялгуусан Эрдэнэ Зая бандида, дорно дахинд нэрд гарсан гүн ухаантан, түүхч, соён гэгээрүүлэгч Лувсанпэрэнлэй 1642 онд Сайн ноён хан аймгийн нутагт Мухар хужирт хэмээх газар эцэг Сунтар, эх Орхидайн хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Монголд буддын шашин ид хөгжиж байх үед Өндөр гэгээн Занабазарын хоёр их шавийн нэг нь болж байв. Шарын ёс, номын ёс, төрийн ёсыг холбосон олон дэвтэр бүхий сургаалиудыг зохиож, ард хүний гүйцэтгэх үүрэг, төр иргэний гүйцэтгэх үүрэг, хойд насны амьдралд хэрхэхийг заан сургажээ. Лувсанпэрэнлэй хэдийгээр эцэг эхийн шахалтаар буддын шашинд суралцсан боловч бурханы тиг бүтээх урлахуйн ухаанд суралцаж, наян зүйл цамын харайлт бүжгийг сурч, Махабандида хэмээх хэлмэрчээр орчуулга заалгахын хажуугаар анагаах ухааны “зачу” судрыг үзэж судас барих, эм тан найруулах эрдэмд мэргэжсэн байна. Ийнхүү Зая бандида нь төвд, монгол бичигт гаргуун, орчуулга хийх, шүлэг зохиох, бурхдын тиг зурах, цамын бүжиг дэглэх, буддын гүн ухаан, одон зурхай, эм эмнэлэг, яруу найргийн онол зэрэгт суралцсан эрдэм төгс хүн байжээ.
Зая бандида 17 насандаа “Богдын залбирал” хэмээх ном зохиож, 19 насандаа Төвдийг зорьж 20 орчим жил суухдаа эмнэлгийн ухааныг судалж, “Эмийн дөрвөн үндэс” хэмээх эрдмийг эзэмшиж, буддын гүн ухааны их, бага арван ухааныг болгоожээ. “Зая бандида” хэмээх номын гэгээн цолыг Y Далай лам Лувсанжамцаас хүртэж зарлиг бүхий шар өргөмжлөл, эрдэнийн тамга тэргүүтэн зэргийг хүлээн авчээ. Зая бандида 1679 онд нутагтаа эргэн ирж одоогийн Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Заяын дээд ба доод хүрээг байгуулж Халх, Өвөрлөгчийн олон хошуу нутагт залагдан сүсэгтэн олны итгэл бишрэлийг олжээ. Орчуулагч нар Зая бандида Лувсанпэрэнлэйн нэрийг төвдөөс монгол хэлнээ орчуулахдаа “лувсан” гэдгийг нь “сайн оюут” пэрэнлэй гэдгийг нь “үйлст” хэмээн орчуулаад “Сайн оюутын үйлс” хэмээн тэмдэглэжээ.
1670 онд “Утгын 35 чимгийн үлгэр хэмээх зохиолыг бичсэн бөгөөд 120 гаруй намтар зохиол багтжээ. 1675 онд Түшээт ханы шастир, “Гүн агуу их дээдийн номыг хүртсэний тэмдэглэл” хэмээх 4 боть бүтээлдээ Ганжуур, Данжуурыг бүтээсэн монгол, энэтхэг, төвдийн сэтгэгчдийн намтар түүхийг дэлгэрэнгүй мэдээлсэн байдаг нь үнэтэй эх сурвалж болсон юм. Зая бандидын намтар, зохиол бүтээлийг Энэтхэг, Хятад, Унгар, Орос, Япон, Англи, Герман зэрэг орны нэртэй төвдөч болон монголч эрдэмтэд судлан шинжилсээр байна.
Халхын Зая бандида Лувсанпэрэнлэйн хоёрдугаар дүр нь Лувсангэлэгнамжил 1717-1765 онд, гуравдугаар дүрийн Лувсанжигмэддорж 1766-1803 онд, дөрөвдүгээр дүрийн Лувсанжигмэднамжил 1804-1867 онд, тавдугаар дүрийн Лувсанчойживанчүг 1868-1904 онд, зургадугаар дүрийн Лувсантүвдэнчойжиням Жамбацэрэн 1904-1932 онд тус тус гэгээн өргөмжлөгдөж байжээ. Зургадугаар дүрийн Жамбацэрэнг 1930 онд хилс хэрэгт хэлмэгдүүлэн баривчилж гянданд хорьжээ. Нэг удаа шоронгийн хуяг гянданд түгжээд харуулдан зогсож байх үед “Зая гэгээн зах дээр жороо хар морь уначихсан явж байна” хэмээн олон хүн хэлжээ. Хуяг гянданг шалгаж үзтэл Зая гэгээн дотор нь байж байсан байна. Эл явдлаас хойш ард түмний дунд “Барьж болдоггүй Зая, байцааж болдоггүй Ма гүн” хэмээх яриа тархжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах