Монголын Ардчилсан Хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг нь Монголын боловсролын салбарын томоохон зүтгэлтэн Санжаасүрэнгийн 2 дахь хүү болон 1962 оны 4 дүгээр сарын 20-нд төржээ. Эцэг Санжаасүрэн нь МУИС-ын декан, Боловсролын Яамны орлогч сайд байсан бол эх Доржпалам нь хүний их эмч байжээ. Доржпаламыг “Сэрэлт” киноны эмчийн дүрээр нь Монголын ард түмэн андахгүй мэдэх бөгөөд монголчуудын дунд “шар Дамдинсүрэн” гэж алдаршсан А.Симуковын охин юм. А.Симуков Монголын анхны газрын зургийг үйлдсэн монгол судлаач эрдэмтэн хүн байжээ. С.Зориг нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсөж, Москвагийн Улсын Их Сургуулийн философийн ангийг дүүргэжээ. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн нийслэлийн хороонд зааварлагч, МУИС-д багш, 1990 онд Парламентийн бүлгийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажиллаж, 1992-1998 онд УИХ-ын гишүүн, “Оюунтүлхүүр” сангийн хүндэт Ерөнхийлөгч, Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч, Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Сүхбаатарын талбай дээр өрнөсөн ардчиллын төлөөх бүх л цуглаануудыг удирдан зохион байгуулж, иргэдийг ардчилсан хөдөлгөөнд уриалан дуудсан юм. С.Зоригийн удирдсан ардчилсан жагсаал цуглааны үр дүнд 1990 оны 3 дугаар сард эрх барьж байсан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч шинэ түүх эхэлсэн билээ. 1990 оны 6 дугаар сард Улсын Бага Хуралд сонгогдож Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг батлах ажилд оролцжээ.
Ц.Элбэгдоржийн ахалсан Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байх үе буюу 1998 оны 6 дугаар сард “Сэргээн босголт” банкийг хувийн “Голомт” банктай нэгтгэх шийдвэр гаргасан гэдэг шалтгаанаар сөрөг хүчин болох МАХН-аас сонгогдсон гишүүд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж санасандаа хүрчээ.
Эрх баригч Ардчилсан Холбоо Эвслээс дараагийн Ерөнхий сайдыг томилуулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди янз бүрийн шалтгаанаар буцааж байсан тэр үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр 4 сар ажиллажээ. Эл хугацаанд буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч монголын ард түмнийг цочроосон юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цуглаж эмгэнэл гашуудлаа илэрхийлж, энэ бол “улс төрийн зорилготой аллага байсан” хэмээн тодорхойлсон бөгөөд тухайн үед С.Зоригийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох гэж байсан хэмээх яриа нэлээд гарсан юм. Түүний аллагад олон хүнийг сэжиглэн мөрдсөн ч одоог хүртэл нотолж чадаагүй билээ. С.Зоригийн хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”, “Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай” гэсэн үгс өнөөг хүртэл монголчуудын зүрх сэтгэлд хоногшин үлджээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах