1895 онд Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт төржээ. Бага насандаа адуу мал хариулж өсчээ. 1922 онд нутагт нь Эвлэлийн үүр байгуулагдахад гишүүнээр нь элсэж, 1923 онд МАХН-ын гишүүнээр элсэж, 1924 онд Эвлэлийн үүрийн даргаар ажиллаж Улсын анхдугаар Их Хуралд сонгогдон анхны Үндсэн хуулийг батлалцжээ. Тэрбээр хуралд идэвхтэй оролцож хамгийн их асуулт асуусан байна. Тус хурлаас Улсын Бага Хурлын гишүүдийг сонгож, даргыг нь томилох болоход тухайн хурлыг удирдаж байсан Хичээнгүй сайд Б.Цэрэндорж түүнийг санал болгосноор П.Гэндэн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдож, 1928 он хүртэл эл албыг хашжээ. 1928 оноос МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, 1932 онд Монгол улсын Ерөнхий сайд болжээ. 1936 онд бүх албан тушаалаас нь огцруулан ЗХУ-д сувилуулах нэрийдлээр авч яваад, 1937 оны 7 дугаар сарын 10-нд “эх орноосоо урвасан” хэмээх хилс хэрэгт ял тулган баривчилж, 1937 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ЗХУ-д цаазалжээ.
1934-1936 оны хооронд П.Гэндэн Оросын удирдагч Сталинтай 4 удаа уулзсан бөгөөд уулзалт бүр ширүүн маргаантай болдог байсан тухай тэмдэглэгдэн үлджээ. Улмаар Гэндэн сайд Сталиныг алгадсан, гаансыг нь авч чулуудсан зэрэг яриа өнөөг хүртэл яригдсаар байдаг. П.Гэндэн сайд “намын онцгой эрхийг хязгаарлаж төрт ёсыг бэхжүүлэх, ардын хувийн аж ахуйтныг дэмжин баяжуулах” гэсэн үзлээр үйл хэргээ явуулахыг хичээдэг байжээ.
1962 онд П.Гэндэнгийн нэр төрийг цагаатгасан хэдий ч 1990 он хүртэл түүний тухай хэвлэл мэдээллээр дурдахыг хориглосон байна. 1993 онд П.Гэндэнгийн охин Цэрэндулам аавынхаа амьдарч байсан байшинд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг нээжээ. Байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр барьж, П.Гэндэн 1937 он хүртэл амьдарч байжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах