1635 оны 9 дүгээр сарын 25-нд одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл хэмээх газарт Түшээт хан Гомбодоржийн хүү болон мэндэлжээ. Гурван настайдаа “Манзуширийн нэрийг үнэнээр өгүүлэхүй” хэмээх номыг цээжээр уншиж, дөрөвтэйдөө хэн ч заагаагүй атал энэтхэг, төвдөөр ном уншиж эхэлжээ. Таван настайдаа Халхын Анхдугаар Богдод өргөмжлөгдөн “Өндөр гэгээн” хэмээн ард олноо хүндлэгджээ. 15 нас хүрээд Төвдийг зорин Банчинбогд Чойжилжалцанд бараалхан шавь орж, шашны их таван ухааныг заалгаад хоёр жилийн дараа Банчинбогд, Далай лам нараас Монголд шарын шашныг дэлгэрүүлэх үүрэг авч буцаж ирсэн гэдэг.
Өндөр гэгээн Занабазар нь Монгол үндэсний уран баримлын сургуулийг үндэслэн байгуулагч бөгөөд хүний дүрээр заларсан бурхадыг бүтээж амилуулсан юм. Очирдара, Майдар, Цагаан дара эх, Язгуурын таван бурхан, Бодь суварга, Жанрайсиг бурхан гээд олон бурхадын баримлыг бүтээж дэлхийн хэмжээнд үнэлэгджээ. Тэрбээр Төвдийн бурхан бүтээх урлагийн тигийг баримталж, баруун мутарынх нь алгыг дээш харуулан өвдөг дээр нь тавиад, нөгөөг нь унжуулсан байдалтайгаар урладаг нь зүүн мутар доор, баруун мутар дээр байрлах арга билэг хоёрын нэгдлийг илэрхийлжээ. Баримлыг бүтээхдээ ямар ч залгаасгүйгээр цутгаж хийдэг арга нь урлаг судлаачдын анхаарлыг татсаар ирсэн юм. Ихэвчлэн зэсээр цутгаж, алтаар бүрж амилуулдаг нь түүний бүтээлүүд хосгүй үнэт болохыг илэрхийлдэг. Амьд сэрүүн мэт дүрсэлж, хүмүүний биеийн болон сэтгэлийн гоо сайхныг харуулсан байдаг. Өндөр гэгээн Занабазарын бүтээл хэд хэдэн таних тэмдэгтэй байх бөгөөд нэгд цулаар цутгадаг, хоёрт эргэн тойрон бадаар чимэглэдэг, гуравт ригнаан буюу титэм өмсгөл нь бүтэн байдаг. Гандантэгчэнлин хийдэд Өндөр гэгээний “долоон нандин” гэх өөрийн мутраар урласан шүтээнүүд бий.
Өндөр гэгээн Занабазар хэл шинжлэлийн эрдэмтэн хүн байжээ. 1686 онд төвд, энэтхэгийн ланз үсгэнд тулгуурлан Соёмбо үсгийн цагаан толгойг зохиосноос хойш 90 гаруй жил хэрэглэгджээ. Соёмбо үсгийн хамгийн эхний толгой үсэг нь “Өөрөө тодорсон гэгээн” гэдэг утгатай бөгөөд Монгол үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл болон өнөөг хүртэл уламжлагдан хүндлэгдэж ирсэн билээ. Занабазар зураач хүн байсан бөгөөд өөрийнхөө хөргийг, эх Ханджамцын хөргөөс эхлээд хэд хэдэн бүтээлийг зурж, баримал болгон бүтээх бурхадынхаа тиг зургийг өөрөө дүрслэн зурж үлдээсэн байдаг.
Тэрбээр уран барилгын архитекторч хүн байжээ. Байгуулсан сүм хийдийн орчин тойрон нь өвөрмөц, сүрдэм сайхан байгальтай байдаг. 17 настайдаа Төвхөний хийдийг 19 настайдаа Хэнтийн нуруунд Их хүрээг, 67 настайдаа Зүүн хүрээг тус тус үүсгэн байгуулжээ. Хийдэд байрлах сүм дуганууд хэрхэн ямар байрлалтай байхыг өөрөө тунгаадаг байсан бөгөөд эхлээд бүтээлийн сүмийг бариулж түүнээс салбарлан бусад сүмийг бариулдаг нь онцлог юм.
Өндөр гэгээн Занабазар багш, гүн ухаанч, ая зохиогч хүн байжээ. Судар, тарни хоёрыг хослуулсан хоёр зохиол бичсэн бөгөөд түүний нэг нь дэлхий нийтийн хүн ард эв найрамдалтай амьдрах утга санааг илэрхийлсэн “Жанлавцогзол” ном, нөгөө нь буддын шашны гүн ухааны “Маанийг бүтээх арга” хэмээх зохиол юм. Занабазар сүм хийдийн хурал номын уншлага, дагаж мөрдөх зан үйлийг зохион удирдаж, хурал ном хурах ая данг өөр хаана ч давтагдахгүй өвөрмөц аялгуутайгаар зохиожээ. 1944 онд Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагааг сэргээх үед түүний зохиосон ая дангаар хурал номоо сэргээж байжээ. Эдүгээ цагаан сарын шинийн 14-нд бүх сүм хийдүүд “хуучин ном” хэмээн хурж Занабазарын зохиосон аялгуугаар хурал номоо уншдаг байна. Учир нь Өндөр гэгээн Занабазар 1726 онд 91 насандаа Бээжингийн Шар сүмд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-нд нирваан дүр үзүүлжээ. Эл өдөр Өндөр гэгээний зохиосон Жанлавцогзол номоос эхлээд түүний бүхий л ном тарнийг тасралтгүй уншиж иржээ. Түүнээс гадна монгол ардын уртын дууны аянаас эх аван зохиосон Норов Бадам маанийг өөрийнх нь зохиосноор Их Хүрээний их унзад шинийн 14-ний өдөр 2 цаг орчим тасралтгүй аялгуулан уншдаг байжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах