Мандухай 1448 онд Түмэд аймгийн Энхүд овогтон Цоросбай Төмөр хэмээх хүний охин болон мэндэлжээ. Айлын ганц охин байсан тул эрх танхи өсөж, ааваараа монгол бичиг заалган уншиж бичиж сурсны дээр морь унаж, нум сум харваж чаддаг байжээ. Тухайн үед Монголыг захирч байсан Мандуул хаан удам залгах үр хүүхэдгүй байсан тул 40 нас өнгөрсөн хойноо 17 настай Мандухайг 1465 онд бага хатнаа болгон авчээ. Тэрбээр гоо үзэмж төгс, төрөлхийн цэцэн цэлмэг ухаантай байсан тул хүмүүс түүнийг “Мандухай сэцэн хатан” хэмээн өргөмжилжээ. XIY-XY зуун дамнан Их Монгол улсын задрал эрчтэй явагдаж, Алтан ургийн ноёрхол бүдгэрч, хаан суудал хоосорсон хүнд хэцүү цагт цэцэн цэлмэг ухаанаар Монголын төрийг дахин сэргээж чадсан нь Мандухай сэцэн хатны түүхэн гавъяа юм. Мандухайг энэ хорвоод мэндэлж байх тэр үед “Их Монгол улсыг Алтан ургийнхан удирдаж чадахгүй хагалган буталж байна” гэх үзэл газар авч, улмаар Эсэн хааны үед Алтан ургийн хүмүүсийг хоморголон устгаж байжээ. Мандухай сэцэн хатан Их Монгол улсын төрийг их хааны удам Алтан ургийнхан л захирч чадна, өөр хэн ч нэгтгэж чадахгүй хэмээн үзэж амь биеэ зориулж, тасарч байсан Алтан ургийг сэлбэн, төр улсыг төвхнүүлсэн юм. Тэрбээр Чингис хааны сургаал, хууль цаазыг ягштал баримталдаг нэгэн байжээ.
1467 онд Мандуул хаан нас барж, хаан суудал эзэнгүй болоход ноёдын хооронд самуун дэгдэж, хаант төр хямрахаас сэргийлэн Мандухай хатан эртний уламжлалыг барин шинэ хааныг тодруулан залах хүртэл гурван жилийн турш төр улсыг удирджээ. Тэрбээр Алтан ургийн сүүлчийн удам, эцэг эхээс өнчрөн хоцорсон Батмөнхийг олж аван хаан ширээнд залаад, өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, задран унаж байсан Монгол улсыг нэгтгэн хожим түүнд хүлээлгэн өгчээ.
Батмөнх нь Мандуул хааны удам Баянмөнх жононгийн ганц хүү бөгөөд Шихэр тайху хатнаас мэндэлжээ. Ойрад Монголын Исмэл тайш Зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж яваад алагджээ. Исмэл тайш Шихэр хатныг нь өөрийн болгож, хүү Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг ядуу хүнд өгчээ. Батмөнх хоол унд муутай байснаас бэтэг өвчин тусаж хүндэрснийг Тангадын Төмөрхадаг гэдэг хүн олж мэдээд, Багайгаас гуйгаад бүтэхгүй болохоор нь булаан авч, өөрийн эхнэр Саахайгаар асруулж, есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин эдгэрчээ. Үүний дараа Төмөрхадаг Батмөнхийг Мандухай сэцэн хатанд хүргэж өгөх үед Мандухай хатанд Хасарын хойч, Хорчины Өнөболд ван элч илгээж “Галыг чинь цахиж, нутгийг чинь зааж өгсү” хэмээжээ. Мандухай энэ талаар Алагчигуд овгийн Сатай болон Санхай өрлөгийн эхнэр Жихайгаас асууж саналыг нь сонсоод Сатайн саналаар Өнөболдын эхнэр болбол Монголын хаан төр хямрахыг санаад өөрийн хайр сэтгэлийг хойш тавьж, Жихай эхнэрийн зөвлөгөөг даган Батмөнхийг эрийн цээнд хүртэл хүлээхээр шийджээ. Тийнхүү 1470 оны цагаан бар жил Батмөнхийг бүх Монголын хаан ширээнд өргөмжлөн “улсаа хурааж яв” хэмээн “Даян хаан” цол өргөмжилж, төр барих чадвартай болоогүй балчир байсан хэдий ч Батмөнх Даян хааны хатан нь болжээ.
22 настай Мандухай 7 настай Батмөнхийг дагуулан Ордос дахь Чингис хааны найман цагаан гэрийн өмнө очиж, хаан хатны сүлдэнд цацал өргөн тангарагийн шүлэг хэлж 7 хөвгүүн, 1 охин заяахыг хүсэн залбирч, үймээн самуун дэгдээж амар заяа үзүүлэхгүй байсан Дөрвөн Ойрадын цэргийг Тасбүрд хэмээх газар 1471 онд тосч байлджээ.
1473 онд Мандухай төрийн хэргийг 10 настай Батмөнхөд шилжүүлэн өгснөө зарлажээ. 1482 оны хар бар жилд 34 настай Мандухай, 19 настай Батмөнх Даян хаан хоёрын дундаас ихэр хоёр хүү төрж Төрболд, Улсболд хэмээх нэр хайрлажээ. 1484 оны хөх луу жил Төрөлт гүнж, Барсболд жонон хоёр ихэрлэж төржээ. 1487 онд улаагчин хонин жилд Арсболдыг төрүүлжээ. 1490 онд Дөрвөн Ойрадын төрийг самууруулах үйлдэл хурцадсан тул Мандухай сэцэн хөл хүнд байсан боловч Дөрвөн Ойрадыг дахин дайлаар мордож нэгмөсөн хурааж ирээд дайны талбарт Алчиболд, Очирболд хэмээх дахин ихэр хоёр хөвгүүн төрүүлжээ. Түүний дараа дахин 1 хөвгүүн төрүүлж Арболд хэмээжээ. Ийнхүү мөрөөдлөө биелүүлэх мэт их хааны ордны өмнө залбирч хүсэж байсанчлан яг 7 хөвгүүн, 1 охин заяажээ. Хөвгүүдийн дундаас Улсболд хүү Баруун гурван түмэнд алагдаж, үлдсэн 6 хөвгүүн нь Урианхайн түмэн, Цахар түмэн, Халх түмэн, Ордос түмэн, Түмэд түмэн, Юншөөбү түмний ноён болж, Барсболд хүү нь их ухаалаг байсан учраас хаан ор залгах жонон болжээ.
100 гаруй жилийн турш үргэлжилсэн монгол ноёдын зөрчил тэмцлийг хатан Мандухай хамаг хүч, оюун бодлоороо зогсоож, Зүүн, Баруун түмэн, Ойрадын нэлээд хэсгийг эв зүйгээр нэгтгэж, заримыг цэрэглэн хөдөлж эзлэн авч хатуу хууль цааз гаргасан юм.
Мин улсыг цэрэглэн довтолж Цагаан хэрмийн цаана гаргаад энхийн гэрээ байгуулжээ. Ийнхүү Мин улсыг дарж, Ойрадыг номхруулж, Монголын олон овог аймгийг нэгтгэсэн тул 1505 онд Хэрлэн мөрний хөвөөнд Даян хаанд зориулан найр хийж цаашид төр улсаа засах дархан эрхийг өгч, дахин төрийн хэрэгт оролцохгүйгээ тунхаглажээ.
Мандухай сэцэн хатны гавъяагаар Батмөнх Даян хаан бүх Монгол улсыг 40 жилийн турш захирч зургаан түмэн ардыг амар амгалан амьдруулсан билээ. Мандухай хатныг 1526 онд 78 насандаа таалал төгссөн хэмээн үздэг боловч энэ талаар тодорхой баримт байдаггүй байна. 1989 онд түүний гавъяаг мөнхжүүлэхийн тулд “Мандухай сэцэн хатан” хэмээх кино бүтээжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах