1885 онд Манзушир хутагтын шавь Дэндэвийн отог буюу одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төржээ. Их Хүрээн дэх монгол хэл бичгийн сургуульд суралцаж, түүний дараа Шавийн яаманд бичээч хийж байгаад Хаант Оросын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж, Оросын залуу дипломатуудтай ойр холбоотой болсон байна. Бодоо монгол, төвд, манж, хятад хэл бичгийн боловсролтой сэхээтэн хүн байсан учраас Харбин дахь “Монголын сонин бичиг” сонины Нийслэл хүрээн дэх төлөөлөгч, “Шинэ толь”, “Нийслэл хүрээний сонин бичиг”-ийн сурвалжлагч, хянагч редактораар ажиллаж байхдаа “Болд илд Бо” гэдэг уран бүтээлийн нэрээр хэд хэдэн өгүүлэл, шүлэг зэргийг бичжээ. Хүрээнд байсан Улаан Оросыг дэмжигч хүмүүстэй ойр дотно нөхөрлөж большевизмын талаар сонсож мэдээд “Хүрээний Оросын хувьсгалт нууц хороо” гэдэг бүлгэмийн гишүүн болж явжээ.
1919 онд Бодоо “Консулын дэнжийн нууц бүлгэм”-ийг байгуулж Чойбалсан, лам Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамъян, лам Лосол, Жигмэддорж нарыг элсүүлжээ. Эл үед Гаалийн хорооны гишүүн Данзангийн байгуулсан “Зүүн хүрээний бүлгэм”-д Цэргийн яамны түшмэл Догсом, Дугаржав, хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгч Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов нарын хүмүүс нэгдсэн байв. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж ард түмний дунд харийн дарангуйллыг эсэргүүцсэн ухуулах хуудсууд гарган, Нийслэл Хүрээн дэх хятадын цэргийн хүч, цэргийн ангийн байрлал зэргийг судлан, томоохон ноёдын үзэл бодлыг тандан судлах ажлыг явуулжээ.
1920 оны 6 дугаар сарын 25-нд Данзангийн гэрт болсон хурлаас Монгол Ардын Нам хэмээх нэртэй болсон боловч зохион байгуулалтын асуудал хэлэлцээгүй байна. Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр явах төлөөлөгчдийн нэрийг шодож тогтсоноор 7 дугаар сард Данзан, Чойбалсан нар Оросын зүг эхэлж хөдлөн араас нь Бодоо, Чагдаржав нар замд гарчээ. Эл хооронд Зөвлөлт Оросоос тусламж гуйх бичигт Богд хааны тамгыг даруулах ажлыг зохион байгуулж Сүхбаатар, Лосол, Догсом нар 7 дугаар сарын эцсээр Орос руу явжээ. Тусламж гуйх бичигт Монгол Ардын Намын тамга чухал уу, Богд хааны тамга чухал уу хэмээн хэсэг зуур санал зөрөлдсөн тухай мэдээ ч байдаг.
Бодоо Монгол Ардын Намын тамгыг анх Соёмбо тэмдэг бүхийгээр өөрөө сийлжээ. 1920 оны 8 дугаар сард Эрхүү хотод Зөвлөлтийн төлөөлөгчидтэй уулзан, тэндээс Данзан, Лосол, Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэж, Бодоо, Догсом нар Нийслэл Хүрээ рүү буцжээ. 1920 оны эцсээр Барон Унгерн фон Штернбергийн удирдсан Оросын Цагаан армийн цэрэг Монголд орж ирэн 1921 оны 2 дугаар сард гамин цэргийг цохиж Нийслэл Хүрээг эзэлжээ. Эл үед Бодоо Барон Унгерний цэрэгт элсэн орсон бөгөөд түүний гол зорилго нь монголын хүчийг ашиглан Зөвлөлт Оростой тэмцэх явдал байсныг олж мэджээ. 1921 оны 3 дугаар сарын 1-нд Дээд Шивээд хуралдсан хурлаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж зохион байгуулалтын асуудал хэлэлцэн даргаар нь Данзанг, түр засгийн газрын Ерөнхий сайдаар Чагдаржав, Гадаад хэргийн сайдаар Бодоог, Бүх цэргийн жанжнаар Сүхбаатар нарыг томилжээ.
1921 оны 3 дугаар сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын журамт цэрэг хятадын гамин цэргийн хэд дахин давуу хүчийг цохиж Хиагт хотыг эзэлж, 1921 оны 4 дүгээр сарын 16-нд Бодоо Чагдаржавын оронд Ерөнхий сайд болжээ. 5 дугаар сарын эцсээр Барон Унгерн Нийслэл Хүрээнээс хойд зүг хөдөлж Зөвлөлт Орос руу гарсны дараа 7 дугаар сарын 6-нд Ардын журамт цэрэг Нийслэл Хүрээнд орж ирсэн бөгөөд 11-ний өдөр Хэмжээт цаазат Монгол улс, Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглаж Бодоо үг хэлжээ.
Ардын засгийг эмхлэн байгуулах ажлын голлох үүргийг гүйцэтгэж, төр засгийн бодлогыг боловсруулж, гадаад улс орнуудад Монгол улсын тусгаар тогтнолын тухай зарлан мэдэгдэх тунхаг бичиг үйлдэж Ерөнхий сайд ба Гадаад хэргийн сайд Д.Бодоо хэмээн гарын үсэг зуржээ. Зөвлөлт Орос улстай найрамдлын гэрээ байгуулах төлөөлөгчөөр ажилласан байна. 1921 оны намар Данзан намын даргаасаа чөлөөлөгдөн Сангийн сайдаар ажиллах болсноор Бодоо Ерөнхий сайд ба намын даргын ажлыг 1921 оны 11 дүгээр сарын 22 хүртэл гүйцэтгэжээ. Данзан, Бодоотой эв түнжин муутай, үргэлж зөрчилддөг байсан бөгөөд Бодоог Америк, Хятад зэрэг улсуудтай сүлбэлдсэн, хувьсгалын үйл хэргийн эсрэг бодлого явуулсан хэмээн буруутгахад Бодоо “эрүүл мэнд муу” хэмээн шалтаг зааж бүх албан тушаалаасаа огцрох хүсэлт гарган улс төрийн амьдралаас холдсон ч түүнийг тагнан мөрдөж, дараагаар нь байцааж, улмаар 1922 оны 8 дугаар сарын 31-нд “эх орноосоо урвасан” хэмээх ял тулган Дотоод яамны сайд асан Да лам Пунцагдорж, Түр Засгийн газрын ерөнхий сайд асан Д.Чагдаржавын хамт хэлмэгдүүлэн цаазалжээ. Бодоогийн дараа Жалханз хутагт Содномын Дамдинбазар Ерөнхий сайд болсон боловч тун удалгүй нас баржээ.
1989 он хүртэл Бодоо “эх орноосоо урвагч, хувьсгалын эсэргүү” нэр зүүгээстэй явж ирсэн бөгөөд 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Догсомын Бодоод тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгож нэр төрийг нь цагаатгажээ. Д.Бодоогийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор түүний төрсөн нутаг болох Төв аймгийн Зуунмод хотын цэцэрлэгт хүрээлэнд хөшөөг нь байгуулж “Монгол улсын төрийн зүтгэлтэн, эх оронч, зохиолч, нийтлэлч Догсомын Бодоо” хэмээн мөнхжүүлжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах