Захчин

2010 оны хүн амын тооллогоор 32845 хүн бүртгэгджээ. Ховд аймгийн Алтай, Манхан, Зэрэг, Үенч сумуудад зонхилон суудаг. Захчингууд нь XYII зууны эхний хагаст Зүүнгарын хаант улсын хил дагуу Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их жултас, Бага жултас, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг хамгаалж байжээ. Ойрадыг манжаас хамгаалахын тулд Торгууд, Дөрвөд, Өөлдөөс сайн эрсийг шилж гэр бүлээр нь зах нутагт шилжүүлэн суулгаснаас үүдэн Захчин ястан бий болсон бөгөөд 30 гаруй яс овгоос бүрэлдсэн байна.


Ойрадууд манжид эзлэгдсэний дараа Халхын Засагт хан аймгийн гүн Цэдэнжавын харьяанд хэсэг захирагдаж байсныг 1756 онд нэгэн хошуу, 4 сум болгон зохион байгуулж зайсан язгууртай Мамудыг хошуу захирагч болгожээ. Дараа нь манж нар зайсан Мамудыг барьж, 2000 орчим хүн ардын нэлээдийг устгаж, үлдсэнийг нь тараагаад Улиастайн манж амбаны мэдэлд захируулан Ховдын баруун урдуур суулгажээ.


1778 онд Мамуд зайсангийн албат 30 гаруй өрхийг таслан сум байгуулан Жамцангийн хүү Мэндэшид захируулан эцгийнх нь гүнгийн зэргийг залгамжлуулжээ. Тэр үеэс Захчин гүнгийн хошуу гэж нэрлэгдэх болсон байна. Богд хаант Монгол улсын үед Захчин хошууд нь дөрвөдийн Үнэн зоригт хан аймагт харъяалагдаж, умард хэсгийг нь шилийнхэн, өмнөд хэсгийг нь говийнхон гэлцэх болжээ. Захчингууд онцгой содон гэхийг “тонжоо” гэж ярьдаг бөгөөд нэлээд наргианч, шооч ард түмэн ажээ.


Эр, эм ялгалгүй “халбан” хэмээх малгай өмсөх ба баруун аймгийн эмэгтэйчүүдийн нэгэн адил дээлийн гадуур цагаан зах зүүдэг. Ардаа оноотой, дэргэр мөр бүхий ууж өмсөнө. Бий биелэгийг захчингуудын хурууны бүжгийн хөдөлгөөнөөс үүсэлтэй гэх бөгөөд улмаар арван хурууны хөдөлгөөн, бугуй, тохой, мөр, нурууны биелгээ болж өргөжин монголчуудын амьдрал ахуй, ёс заншлын илэрхийлэл болж хөгжсөөр үндэсний уламжлалт бүжгийн төрөл болжээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах