Дөрвөд

2010 оны хүн амын тооллогоор 72403 хүн бүртгэгджээ. Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Сагил, Өлгий, Өмнөговь, Ховд сум, Ховд аймгийн Дөргөн суманд дөрвөд ард түмэн суудаг. Мөн Увс аймгийн Наранбулаг, Завхан, Тариалан, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд баяд, сартуул, хотон, хасаг нартай хамт аж төрөхөөс гадна социализмын үед хэрэгжүүлсэн атар газар эзэмших, аж үйлдвэр, сургууль соёлын нөлөөгөөр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн тархан суурьшжээ.


Монголчуудын дээд өвөг болох Дува сохор ноёны дөрвөн хүү Доной, Догшин, Эрх, Эмнэг нар эцгийгээ нас барсны дараа Добу мэргэнийг авга ахаа гэж үзэхгүйгээр албатаа аван салж нүүн Дөрвөд овогтон болсон бөгөөд монголчууд цэргийн жагсаалд дөрвөлдөг байснаас үүдэн дөрвөд нэр үүссэн хэмээн домоглох нь ч бий. Добу мэргэний удам бол Чингис хаан бөгөөд дөрвөд боржигон хоёр бол маргаангүй Монгол угсаатнууд юм. Х зууны үед тэдгээр 4 хөвгүүний албатууд Енисей, Эрчис мөрний хавиар, XII зууны үед Халхгол, Байгаль нуур хавиар нутаглаж, 1206 онд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтан төвийн болон баруун жигүүрийн түмэнд захирагджээ. XYI зууны эхэн үеэс Ойрадын гол дөрвөн аймгийн тоонд орж Алтай уулын хавиар нутаглаж, дотроо их бага дөрвөд, баруун зүүн дөрвөд хэмээн хуваагджээ. XYII зуунд Дөрвөн Ойрадын дөрвөдийн нэг хэсэг нь Гүүш хаан хэмээх Төрбайх ноёны удирдлаган доор Хөх нуур руу нүүн одсоныг эдүгээ “сог Монгол” буюу Хөх нуурын Дээд монголчууд гэдэг. Харин их, бага дөрвөдүүд нь Далай тайшийн удирдлага доор баруун зүг нүүдэллэн баруун Сибирь, Или, Урал мөрнийг гатлан Ижил мөрний хөвөөнд очин нутаглахдаа Халимаг монголчууд нэр авч Орос улсын бүрэлдэхүүнд оржээ. Үлдсэн дөрвөдүүд нь Увс нуур, Хархираа уул, Хар-Ус нуурын хавьд нутаглан суужээ. Эдүгээ Увс нуурын баруун талаар дөрвөдүүд, зүүн талаар баядууд амьдардаг. Харин одоо ч хятадын Хар мөрөн мужийн өөртөө засах хошуунд дөрвөд ястан бөөнөөрөө орших бөгөөд XI зуунд Енисей мөрнөөс Халх гол, Байгал нуур руу ирсэн дөрвөдүүд хожим баруун тийш нүүдэллэх үед тасран үлдсэн дөрвөдүүд хэмээн үздэг. 1753 онд Монгод үлдсэн 2000 гаруй дөрвөдийн дотроос Цэрэн тэргүүтэй ноёд өөрийн хаан Даваачид дургүйцэн албат нараа авч Манжид дагаар орсон тул тэдэнд тусгай газар заан нутаглуулан Дөрвөд далай ханы аймаг болгож, дараа нь 3 хошуу болгон Сайн заяатын чуулганд багтаан захируулжээ.


Дөрвөд хувцас нь монголчуудын хувцасны түүхийн түрүү үеийг агуулсаар иржээ. Дөрвөдүүд цагаан нэхийгээр оёсон өдөр тутмын дээлээ  “дэвэл”,  өнгө татаж оёсноо “үч” гэдэг. Эрчүүд болон нөхөрт гараагүй охидын өмсдөг зуны дээлийг “лавшиг” хэмээнэ. Нөхөрт гараагүй нь дан дээл, нөхөрт гарсан нь дээлэн дээрээ ууж буюу цэгдэг өмсдөг. Цэгдэг нь хатуу дэргэр босоо мөртэй, ардаа оноотой байдаг. Дөрвөдүүд малгайг “махлай” гэх бөгөөд орой нь дөрвөлжин байдаг. Дөрвөн Ойрадын нэг байсан тул түүнийгээ дурсан дөрвөн өнцөгт орой бүхий малгай хэрэглэх болсон гэх ажээ. Зундаа эрчүүд нь эсгий цагаан тоорцог өмсдөг бол эмэгтэйчүүд нь хөх торгон гадартай дөрөв эсвэл зургаан талт тоорцог өмсөнө. Орой дээрээ улаан цацагтай байх агаад нөхөрт гараагүй бүсгүйчүүдийн гоёл болно. Өвлийн цагт бүх насны хүмүүс өмсдөг малгай бол “дуулха” бөгөөд  малгайн ар шил нь дээлийн зах давсан урт, хар дотортой, цагаан хурганы арьсаар үслэж, хөх ногоон өнгийн эдээр гадарласан байдаг. Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гос, канчин хэмээх 4 янзын гутал хэрэглэж иржээ.

Хос тасам эмжээртэй дөрвөд дэвэл: Дөрвөд эрчүүд цагаан нэхий “дэвэл”-ээ өдөр тутам өмсдөг. Дэвэл нь хэвтээ захтай, зах энгэр өргөн нарийн хос тасам эмжээртэй ажээ. Дэвэлийн захыг тойруулан эмжсэнийг “цалам” хэмээн нэрлэх ба энгэрийн цалам эмжээрт гурвалжин догол “зүрх” гарган оёдогоороо Ойрадын бусад ястнаас ялгардаг. Түүнчлэн дэвэлийн ташаанд үзүүр гаргасан оноотой. Дэвэл, лавшигийг бүслэхдээ даавуун бүснийхээ хоёр үзүүрийг тохой орчим урт унжуулан нугалж хоёр ташаанд хавчуулж бүсэлдэг уламжлалтай. Энэ уламжлал Ойрадуудад нийтлэг дэлгэрчээ. Дөрвөд эрчүүүд бусад ястны адил баруун талдаа хэт, бэл, хөөрөгний даалин, аяганы уут зүүж өдөр тутамдаа ашиглан, гоёдог байжээ.

Өсгий хоншоор нь үл ялгарах госон гутал: Дөрвөд хувцасны төрөлд “махлай” малгай, “госон” гутал зүй ёсоор багтана. Түүнчлэн эрчүүд нь хэрэмний сүүл хадаж гоёсон эсгий тоорцог, “төгрөг” хэмээх зуны малгай өмсдөг байсан бол өвлийн улиралд эрэгтэй, эмэгтэй, хүүхэд залуус гэж ялгалгүй цөм “дуулха” хэмээх урт шилтэй, улаан өнгийн тав, утсан цацагтай малгай өмсөж байжээ. Дөрвөд эрчүүд “хасаг овууз”, "лоовууз", “халбан”, "тови", "бичлээ", "сээтгэр", "луутай дэржин", "бүрхүүл", "боолгос" зэрэг малгайг өмсдөг байсан түүхтэй. Түрий, толгойг нь үргэлжээр эсгэсэн, өргөн ширэн ултай, өсгий хоншоор нь адилхан хэлбэртэй, боомны танаастай гутлыг ойрадууд “дөрвөд госон” хэмээн нэрлэж, өргөн хэрэглэдэг. Дөрвөд госонг өвлийн улиралд эсгий оймстой өмсдөг ажээ. Дөрвөд госоны өсгий, хоншоор ижил учраас мөрийг нь хараад хаашаа явсныг мэдэх боломжгүй. Ойрад домогт “дайн дажны үед хаашаа явснаа мэдэгдүүлэхгүйн тулд гутлынхаа хоншоор, өсгийг адилхан хийж дайснаа төөрөгдүүлэн дайжсан түүхтэй” хэмээн өгүүлжээ.

Дөрвөд эмэгтэйн нударгатай дэвэл ба гоёл: Дөрвөд эхнэрүүд “авгай дэвэл”,  “цэгдэг” хэмээх ууж өмсөнө. Авгай дэвэл буюу өвөл өмсдөг нэхий, хөдсөн дээл нь өргөн суга, ханцуйтай, нугалсан хэвтээ зах, бүсэлхий хүртэл эгц буусан шулуун энгэртэй. Энгэр нь бүсэлхийнээс баруун тал руу тэгш өнцгөөр эргэн дотор “омог” үүсгэн доош чиглэн гадаад хормойг дагасан байдаг. Авгай дээлийн ханцуйн үзүүрийг хуньж жижиг нударга залгадаг ажээ. Дэвэлийн энгэрт 4-5, ташуу энгэр болон суганд тус бүр нэг товчтой шилбэ хаддаг заншилтай. Дэвэлийн хэвтээ захны угаар хуниас гарган том цагаан, давхар зах хаддаг нь ойрад эхнэрийнхтэй ижил юм. Энэ нь Алтай таван богдын ноён оргилыг дүрсэлж, эхийн сүү, ариун сэтгэл, цагаан идээг бэлгэддэг ажээ. Дулааны улиралд дөрвөд эхнэрүүд ойрад эхнэр шиг авгай тэрлэгийг цэгдэгний хамт өмсдөг байжээ. Өргөн мөр, лав ухсан сугатай, цээж хормой нь залгаастай, хойноо бүсэлхийнээс эхэлсэн тууш оноотой уужтай төстэй өмсгөлийг цэгдэг гэдэг. Цэгдэгийн энгэр нь товчгүй задгай байдаг. Шинэ бэр хуримын ёслолын үед “халбан (халван)” гэгч ёслолын малгай өмсдөг байжээ. Харин настай авгай нар ёслолд тав, сампин бүхий бөмбөгөр оройтой урт утсан цацагтай, хурганы арьс болон ангийн үнэт үсээр хүрээлсэн “тойруул” өмсдөг байжээ. Дөрвөд эхнэр үсээ хоёр сүлжиж гэзэгний гэр зүүдэг. Чихний гэдэс орчимд үсний сүлжээнд мөнгөн зоос болон голдоо шүрэн шигтгээтэй мөнгөн тээг оруулж гэрээ тогтоодог. Гэзэгний гэрийг хар өнгийн эдээр дугуйлан хийж, дээд доод хэсгийг нь хоргой торгоор хослуулан эмжээд  үзүүрт нь мөнгөн чимэгтэй хар утсан цацаг бүхий “тохиг” зүүдэг. Мөн эхнэрүүд мөнгөн утсан холбоос бүхий хорол, хэвтээ өлзий хээ, хонхон унжлагатай мөнгөн утсан “сийк” ээмгээр гоёдог байна.

Боодогтой сэвгэр: Дөрвөдүүд нөхөрт гараагүй бүсгүйг “сэвгэр” гэдэг. Тэдний өмсдөг тэрлэгийг “лавшиг” гэнэ. Дөрвөдүүд охид, хөвгүүдээ 17-18 нас хүрэхэд нь гэзэг үс тавьдаг заншилтай байв. Хөвгүүдийн үсний үзүүрт “ширээсэн” буюу “залгаа”, охидын үсэнд “боодог” хэмээх чимэглэл зүүж өгдөг. “Боодог” нь хар мяндсан утсаар гөрж сүлжээд үзүүрт нь цацаг гаргасан гоёл юм. Залуус хуруундаа мөнгөн бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ “төдөг” хэмээх дан мөнгөн гархи зүүнэ. Сэвгэрүүд дээлийнхээ энгэр, ташаанд “кэтэч”, “сүүвч” хэмээх долоон цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамал жижиг хавтага (сав) зүүж гоёдог байжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах