Дарьганга

2010 оны хүн амын тооллогоор 27412 хэмээн бүртгэгджээ. Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ, Уулбаян, Халзан суманд суудаг. Дарьганга хожим үүсч буй болсон угсаатны бүлэг юм. Манжийн эрхшээлийн үед албан журмаар Манжийн хаанд өдий төдий мал сүргийг бэлэг болгон өгсний улмаас “их сүрэг” бий болжээ. 1690 оны үед манж нар үүнийгээ баруун ба зүүн гарын адуучин, баруун ба зүүн гарын тэмээчин, хоньчин гэх мэтээр 5 гар болгон хуваагаад нийтэд нь өсөж үржиж байхын бэлгэдэл болгон “төмөр сүрэг” хэмээн нэрлэсэн байна. Тэрхүү сүргээ хариулж маллуулах зорилгоор Цахар, Халх, Өөлд хүмүүсийг тусгай нэг хошуу болгож “сүрэгчин” гэж нэрлэжээ.


Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны дунд суулгасан нь одоогийн Дарь овоо, Ганга нуурын нутаг юм. Ийнхүү нутаглаж байсан газрынхаа нэрийг агуулсан Дарьганга угсаа үүсчээ. Төмөр сүргийн ихэнх нь адуу байсан учир газар газрын сайн эрс “хаяагаа хадрахгүй, харснаа авахгүй” хэмээн энд тэндээс цуглан ирсэн “төмөр сүрэг”-ээс сорчлон авч туудаг байсан учир Дарьгангын хошууг “сайн эрсийн хөлд дарагдсан газар” гэдэг байжээ. Шилийн сайн эрсийг төрийн бодлогод бас ашигладаг байжээ. Тухайлбал, 1895-1908 он хүртэл 1350 орчим манж, хятадын худалдаачид ямар нэг хэмжээгээр шилийн сайн эрсийн гарт өртсөн бөгөөд тэдний зөөж явсан хар тамхи, шилийн сайн эрсийн гарт орж үгүй болсноос гадна зарим манж, хятадууд ор сураггүй алга болсон тохиолдлууд нэлээд гарчээ. Дарьгангын сүрэгчин хүмүүс олон жилийн турш холилдон сууснаар, өөр бусад хэсгийн хүмүүсээс ялгагдах өөрийн соёл, хувцас хунар, гоёл чимэглэл, найр хуримын ёс дэг зэрэг соёлын өвөрмөц ялгааг бий болгосон учир нэг ястан гэж үзэх болжээ. Хэл ярианы хувьд Халх монголоос бараг ялгагдахгүй ажээ. Дарьгангын сүрэгчид нь Манж Чин улсын үед Жанчхүүгийн Гусай амбанд захирагдан “Дарьгангын таван гар” нэртэй засаг захиргааны нэгжид харъяалагдаж байгаад 1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод яаманд, 1921 онд Ардын засгийн Дотоод яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын хошууг 18 сумтайгаар байгуулж захиргааг Их булаг гэдэг газар төвлөрүүлжээ. 1929 онд Хэнтий уулын аймагт, 1931 онд Дорнод аймагт, 1942 онд Жавхлант шарга буюу Сүхбаатар аймагт харъяалуулжээ.


Монголын гар урлалд Дарьгангачуудын оруулсан хувь нэмэр бол мөнгөн урлал юм. Манжийн үед “сүрэгчин” хүмүүсийн ажлын хөлсөнд нь цалин цагаан мөнгийг өгдөг байснаас эл нутагт мөнгө хэмээх металл элбэг болжээ. Тэрхүү мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэл хийж эхэлсэн бөгөөд хэлбэр хийц нь хаана ч давтагдахгүй юм.

1800-1970 оныг хүртэл олон алдарт дархчуул тодорсон бөгөөд тэдгээр хүмүүс Дарьганга хийцийг бий болгон хөгжүүлжээ. Тэдний урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганы хээ угалз нь дан болоод давхар сүлжээ, хаж, хөдөлгөөнт луу, цэцэг навч, эрвээхэйг ухаж сийлбэрлэн тод гаргасан байдаг онцлогтой. Дарьганга эрчүүд дээлээ мөнгөн эдлэлээр чимж, эмэгтэйчүүд нь хүндэтгэлийн хувцас өмсдөг. Дарьганга эхнэрийн дээл алаг ханцуйтай байдаг бөгөөд энэ нь өвөрлөгч хошууны цахар эмэгтэйчүүдийнхтэй ижил юм.


Дарьганга эрчүүд яс, мөнгөөр чимсэн ташуураар гоёдог: Дарьгангачууд зуны улиралд тэрлэг, дан дээл, ууж өмсөж, хавар, намар, өвөл нь хөвөнтэй, хурган, сэнсэн, үзүүрсэг, зувцаа /цувцаа/, нэхий дээл, хүрэм, хамжаар буюу хантааз өмсдөг байв. Дарьганга эрчүдийн хувцас, гоёл нь ерөнхийдөө цэцгэн том дугуй хээ бүхий хөх цэнхэр торгон тэрлэг, дөрвөн чихт тоорцог, улаан хүрэн булгиаран гутал, шар торгон бүс, хөх өнгийн аяганы уут, шүрэн чимэглэл бүхий хэт, бэл, хуйтай, хутга байжээ. Тэд “дарьганга хийц” хэмээн Монголд төдийгүй Азид алдаршсан мөнгөн эмээл, хазаар, суман хулсан яргай гэх сайн модоор хийж яс, мөнгө зэргээр чимсэн модны ташуур эдэлж гангалж байжээ.


"Сүргийн хүүхэн шүрэнд, халхын хүүхэн гаансанд”:  Дарьганга эхнэрүүд нь халх бүсгүйчүүдийнхтэй төстэй ч түнтгэр мөргүй дээл, ууж өмсдөг байв. Дарьганга бүсгүйчүүд ихэвчлэн шүрэн чимэглэл хэрэглэж байсан нь “Сүргийн хүүхэн шүрэнд, халхын хүүхэн гаансанд” гэсэн ам дамжсан үгээс таамаглаж болно. Дарьганга эхнэрийн толгой өмсгөлийг “татуур” гэнэ. Татуур нь хоёр талын шанаанаас үргэлжилсэн гурван шүрэн сагалдрага, магнай дээрээ ханалж хадсан сувдан тор, хоёр талаасаа унжуулж дороо шүр, оюу, номин эрдэнэ бүхий бөнжигнүүртэй олон сувдан унжуургатай гоёл юм. Тэдний үс гэзэгний хавчаар нь ч шүрээр баялаг.


Эх сурвалж: Монгол орны лавлах