2010 оны хүн амын тооллогоор 21558 хүн бүртгэгджээ. Дархадууд Хөвсгөл аймгийн хойд хязгаар болох Улаан тайга, Соёны нуруу, Хөвсгөл нуур орчмын нутаг буюу Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх сумдын нутгаар амьдардаг, монголын уламжлалт бөө мөргөлийн ёс заншлыг хадгалж үлдсэн өвөрмөц ястан юм. Дархад бол Монгол нутгийн умард хэсэгт байсан ойн иргэдийн залгамж бөгөөд Монгол, Түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлджээ. Дархад ястны бүрэлдэхүүнд нийт 32 овог байх бөгөөд Монгол угсааны хар дархад, ухаа дархад, шарнууд, барнууд, чонод гэх мэт 16 овог байгаагаас хар дархад нь халх хамниганы холимог гаралтай юм. Дархад ястан нь Монгол овог голлосон түрэг угсааны холимог гаралтай ажээ.
555 онд Түрэгийн гурав дахь хаан Кигинь Тагна-Соёны хавиар нутаглаж байсан олон овог аймгуудыг эзлэн авснаар Дархад тэдний харъяанд орсон бөгөөд ерөнхийд нь “ойн иргэд” гэж нэрлэж байв. Ойн аймгууд нь Байгал нуураас Хөвсгөл нуур хүртэлх ой тайгаар нутаглаж, ан гөрөө хийж, урцанд амьдарч, цаа буга маллаж, сарлаг үхэр өсгөн амьдардаг байжээ.
1206 он гэхэд Хүлэг Боорчийг баруун гарын, Мухулайг зүүн гарын захирагч байхад Дархад аймаг нь бусад овог аймгуудтай холилдон нэг хэсэг нь Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, нөгөө хэсэг нь Сэлэнгэ мөрнөөс зүүн тийш Онон мөрөн хүртэлх нутагт тархан сууж нэгдсэн Монгол улсын баруун, зүүн түмдэд захирагдаж хэдэн жил болжээ. 1270 оноос Хубилай хааны зарлигаар Чингис хааны өмсөж байсан цамц, барьж байсан өргөө гэрийг Ордос нутагт үүрд онголон хадгалах болж түүний мөнхийн харуулд Баруун, Зүүн түмнээс 500 өрх айл нүүлгэсэн нь шар дархад болон шарнууд, урианхай, мянгад овгийн хүмүүс байжээ. Баруун, Зүүн түмний дархадууд Ордос руу шилжин нүүхэд Ар Монголд цөөн тооны дархадууд үлдсэн нь одоогийн Хөвсгөлийн баруун нутгаар тархаж үлдсэн хар дархадууд юм.
Ойрад монголчууд Соёны нуруунаас бууж Алтай орчмоор нутаглан мал аж ахуй эрхлэх болсон үед XYI зууны сүүлчээс Халх, Ойрадын дайн дэгдэж Галдан бошигтод эзлэгдсэн боловч удалгүй Манжийн харъяанд оржээ. 1688 онд Засагт хан аймгийн ноён Гэлэг өөрийн харъяат дархад хүмүүсээс Өндөр гэгээн Занабазарт шавь болгон өгснөөр хар дархад нь Хараа, Ерөө голын сав орчимд нутаглаж хутагтад үслэг ангийн арьсаар алба залгуулдаг дархлагдсан шавь нар нь болжээ. Улмаар бусад яс овгууд тэднийг дагалдан шавийн бүрэлдэхүүнд орсноор тэднийг нийтэд нь дархад шавь нар гэх болжээ. Ийнхүү Хөвсгөлийн урианхайн хязгаарт дархад шавь үүссэнээс хойш эл нутгийн Дүүрэгч вангийн хошууны урианхай отог, дархад шавь нарын хооронд газар ус бэлчээрийн зөрчил гарсан боловч дархадууд зундаа Шишгэдийн сав газраар, өвөлдөө Агар, Бэлтэс, Алтарга, Мөрөн зэрэг газруудаар нутаглан урагш хойш 200-300 км нүүдэллэн амьдрах болжээ. Гэвч дархадуудын амьдрал алба гувчуур, өргөл барьцын улмаас доройтсоны зэрэгцээ тэднийг зөвхөн тусгай бичигтэйгээр нутгаас гадагш гарч явж болох тухай хууль гарган барьж байсан тул бусад ястнаас тусгаарлагдан түгжигдмэл байдалтай болсон байв. Учир нь Дархадын хотгорт бөө мөргөл хүчтэй хэвээр байсан тул манж нар болон монгол ноёдын болгоомжлолыг төрүүлж тийнхүү тусгаарлахад хүргэжээ. Буддын шашин хүчтэй дэлгэрч эхлэхэд монгол даяар байсан бөө нарыг алж устгах хатуу тэмцэл өрнүүлсэн боловч хүч нь хүрэхгүй байсан учраас дархад бөө мөргөлийн зарим шинж чанарыг авч монголчуудад тохирсон буддын шашинг хөгжүүлжээ. Сүм хийд байгуулагдан буддын шарын урсгал хүчээ авч байсан ч бөглүү хязгаарын урианхайн отогт хамрагдаж байсан дархадууд бөө мөргөлөө авч үлдэхэд дөхөм болжээ.
Дархад дээлийн алаг энгэр нь буриадтай төстэй юм. Дархадууд монгол хэлтэй боловч өвөрмөц аялгуутай, үгсийн санд нь эртний монгол үг нэлээд байдаг. Дархад ардын дууны ая нь богиновтор ганган, үг нь оновчтой, цэцэн цэлмэг байдаг бөгөөд 700 орчим дархад дуу байдаг байна. Хөг аялгуунд нь Хөвсгөлийн уулс, Шишгэдийн хотгорын байгалийн үзэсгэлэнт байдал нэвт шингэсэн байдаг ажээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах