2010 оны хүн амын тооллогоор 2989 барга ястан бүртгэгдсэн. Эртний Монгол удмын аймгуудын нэг нь баргачууд юм. Дундад эртний түүхэн сурвалжуудын мэдээгээр Баргын уг язгуур нь Байгал нуурын Баргажин түхэм, Хөлөнбуйрын орчмоор бусад монгол хэлтэн аймгуудтай айл зэргэлдээ нутаглаж байжээ. Судлаачид Тан улсын үед Ба-еэ-гу хэмээх нэгэн хүчирхэг аймаг байсан нь Барга аймаг мөн хэмээн үздэг.
Судлаачдын тэмдэглэснээр баргууд XI-XII зууны үед Байгал нуурын зүүн эргийн Баргужин төхөм хэмээх газраар нутаглаж байсан бөгөөд МНТ-нд: “Хори түмэдийн газар Ариг уснаа Хорилардай мэргэний Баргужин гуа-гаас төрсөн Алун-гуа охин” гэжээ. Алунгуа нь Чингис хааны арван нэгдүгээр үеийн дээд өвөг Добу мэргэний эхнэр юм. Рашид-Ад Дин Сэлэнгэ мөрний хавиар нутагладаг ардыг Баргууд, Баргужин гэж нэрлэдэг хэмээн дурдсан байдаг бөгөөд Монголын түүхэнд Баргуд, Хори, Тулас аймаг нь хоорондоо ойр төстэй ба Сэлэнгийн зүүн этгээдийн Баргужин түхүмд хамт байжээ.
XIII зууны эхээр Монгол угсааны олон аймаг нэгдэх үед Байгал орчмоор нутаглаж байсан нүүдэлчин аймгууд 1207 онд Их Монгол Улсын харъяанд, дараа нь Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн угсааныхны мэдэлд орж, 1368 онд Юан улс мөхсөний дараа шинээр үүссэн Дөрвөн Ойрадын холбоонд Барга аймаг орж байжээ. XY зууны үед Ойрадууд баруун зүг нүүдэллэхэд Барга, Буриад аймгууд Батмөнх Даян хааны харьяат зургаан түмэн монголын Зүүн гурван түмний нэг Урианхай түмний бүрэлдэхүүнд багтаж, Сэлэнгэ, Байгал, Онон, Хөлөнбуйр, Хянганы нурууны хооронд нутаглаж байжээ. XYI зууны үед Урианхай түмэн хуваагдсанаар Барга, Буриад нь Халх түмний харьяалалд орж, улмаар Халхын Түшээт хан, Засагт ханы захиргаанд хамаарагдах болжээ. XYIII зууны эхээр зохиогдсон “Алтан хааны тууж” хэмээх зохиолд Алтан (1507-1522) хааны үед Юншөөбү, Түмэдийн дотор барга иргэн багтаж байсан тухай тодорхой тэмдэглэжээ.
Баргачууд түүхийн тодорхой хугацаанд Сэцэн хан аймгийн нутагт оршин сууж бэйс Жанчивдоржийн хошуунд харъяалагдаж байхдаа Галдан бошигтын эсрэг дайнд оролцож, улмаар Манжийн хаанд захиргаанд орохдоо Хөлөнбуйрын нутагт суурьшин нутаглах зарлиг хүлээжээ. Ийнхүү 1734 онд Хөлөнбуйрт нүүдэллэн очиж манж найман хошууны зохион байгуулалтанд орсон байна. Манж найман хошууны зохион байгуулалт гэдэг бол засаг захиргааны нэгж хошуу бөгөөд “цэрэгт барьдаг” тугийн өнгөөр нэрлэгдэнэ. Барга найман хошуу нь хөвөөт цагаан, хөвөөт хөх, хөвөөт улаан, гүл хөх, гүл цагаан, гүл шар, гүл улаан гэх нэртэй болсон байна.
Богд хаант Монгол улс байгуулагдахад 1912 онд Баргад Манж-Хятадын эсрэг бодлого гарч өөрсдийгөө Богд хаант Монгол улсын харъяат хэмээн зарласан байна. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр баргуудыг хятадын бүрэлдэхүүнд хэвээр үлдээжээ. Энэ үеэр барга, буриадууд дорнод хилээр Монгол нутаг руу уван цуван нүүдэллэж эхэлсэн билээ. 1945 онд нүүж ирсэн баргууд Дорнод аймгийн Хөлөнбуйрт суурьшсан ба хүний тоо 1000 орчим, малын тоо 89 мянга орчим байжээ. Баргачууд эдүгээ Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянцагаан, Завхан аймгийн Их-Уул, Ургамал, Сантмаргац, Сүхбаатар аймгийн Уулбаян, Баянтэрэм зэрэг сумдад аж төрж байна.
Барга эрчүүдийн дээл нь өргөн захтай, энгэр нь дугуйвтар бөгөөд тавиу өргөн, нударга бүхий урт ханцуйтай, хормой нь дугуйвтар өргөн, зах энгэр нь дан эмжээртэй байх нь нийтлэг. Дээлэн дээр суран ба даавуун бүс бүсэлдэг. Суран бүсийг адуу, үхрийн ширээр хийж, гадна талыг төмөрлөг эдлэлээр товруу гаргаж гоёдог уламжлалтай. Бүсний өнгө хул шар, улбар шардуу байх нь элбэг. Даавуун бүсийг эр хүн шөнө унтахдаа аман хүзүү (халх) зангиагаар зангидаж дэрнийхээ доод талд тавьдаг заншил нь салсныг эвлүүлэх, алив задгайг бэхлэн батжуулах бэлгэдлийн утгыг агуулдаг.
Нөхөрт гарсан барга эмэгтэй хүн түнтгэр ханцуйтай эхнэр дээл өмсөнө. Ханцуйнд хуниастай хоргойгоор нударга хийж гоёдог. Эхнэр дээл уужтай, ууж нь таван мөнгөн товчтой, уужны хажуу талд богос оёж хоргой туузаар чимэглэнэ. Уужны энгэр талыг өргөн хоргойгоор эмжиж, хоёр ташаанд нь оноо гаргадаггүй байна. Барга гутал нь буриад гуталтай төстэй, хамар нь шантгаргүй, гутлын зулагт тахир угалз, зуузай ба шагайд пүүз тавьж гоёх ба ирмэг улыг эсгий, даавуугаар ширж хөмөөр уллана. Бойтог гутлыг хонь, ямааны арьсаар зулаглаж оёно.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Элдээ мууз малгайтай барга эрчүүд: Барга ястангууд нь Дорнод, Сүхбаатар, Төв, Завхан аймгаар аж төрдөг. Баргуудын хувцас гоёл нь олон талаараа Монголчуудынхтай төстэй боловч өөрийн гэсэн өвөрмөц онцлог төрх хэв маягийг бүрдүүлэн уламжилж иржээ. Барга эрчүүдийн малгай хэд хэдэн төрөлтэй. Тэд “элдээ мууз” хэмээх сампин тав хадсан босоо өндөр оройтой, дөрвөн чихтэй, залаагүй үнэгэн болон хурган үстэй малгай, “маахууз” хэмээх нилээд эртний хэв маягтай, юүдэн шиг оройтой, үс хадсан малгайг өвлийн улиралд өмсөж байжээ. Харин зун нь эсгий малгай эсвэл цагаан өнгийн алчуур толгойдоо зангиддаг байжээ. Мөн буриад гуталтай төстэй, мөлгөр хоншоортой гутал өмсөж байв. Энэ гутлын зулагт угалз, зуузай болон шагайд пүүз хээ тавьж гоёдгоороо ялгагдна. Түүнчлэн Барга эрчүүд алт, мөнгөн бөгж зүүж, хэт хутга, бэл хөөрөгний сав даалин, хавтага, цагаан хашин гаанс хэрэглэдэг байжээ.
Барга эхнэрүүд үсний гэр хэрэглэдэггүй байжээ. Барга бүсгүйчүүд толгой, үс, ар өврийн болон мөрний гуу, ээмэг, бугуйвч, бөгжөөр гоёдог ба уужны хоёр ташаандаа алт мөнгөөр хийсэн хаан бугуйвч, хатай сүйх хэлбэртэй бэл, эргэн тойрон шүрэн шигтгээтэй хавчиг татуур хэмээх толгойн зүүлт зүүдэг байжээ. Хавчиг нь үс хавчихын зэрэгцээ нүүрний хажуугаар дугуйрах зориулалттай гоёл юм. Энэ үс засалт нь Барга эхнэрийг бусад ястнаас ялгаруулдаг. Үсний угаар хавчих эхний том хавчгийг “зантгар” гэдэг. Бусдыг нь нарийн савхан хавчиг гэх бөгөөд зөвхөн нэг талын үсэндээ 9-14 ширхэг хавчиг зүүдэг, хавчиг доошлох тусмаа богиносдог ба төгсгөлд нь туйв байх юм. Туйваар даруулаад үсний үзүүрийг гурав сүлжиж энгэр рүү урагш унжуулна. Барга эхнэрүүд бусад ястны эхнэр шиг үсний гэр хэрэглэдэггүй, үсний үзүүрээ ил байлгадаг онцлогтой.