Халх

2010 оны хүн амын тооллогоор 2168141 хүн халх гэж тоологджээ. Монгол улсын хүн амын 82.4 хувийг эзэлдэг. “Халх” нь XIY зууны хоёрдугаар хагас XY зууны эхэнд Батмөнх Даян хаан Монголын төрийг барьж байх үед Зүүн Монголын зургаан түмний нэгийг Халх түмэн гэж тэмдэглэсэн бөгөөд тухайн үед Халхыг “Аглагийн арван хоёр хүрээ халх”, “Арван хоёр отог халх” гэж нэрлэдэг байжээ. Эл үед Халх түмэн нь Цахар, Урианхайтай нийлэн Зүүн гурван түмэн гэгдэж их хаанд захирагддаг байв. Нутаг нь одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр бөгөөд хожим Цахар түмэн зүүн зүг нүүдэллэж, Урианхай түмэн бослого гаргасны улмаас сарнин бутарчээ. Батмөнх Даян хаан отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжид Халх түмнийг өөрийн гал голомт нутгийн хамт үлдээснээр “Халх орон”, “Халх түмэн”, “Халх улс” хэмээх товлосон нэр үүссэн байна.


Халх нь Гэрсэнзийн (1513-1549) нэртэй салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, 1549 онд Гэрсэнз бие барсны дараа түүний их хатан Хатунгай, ууган хөвгүүн Ашихайд Үнэгэд, Жалайр, дэд хөвгүүн Ноён-тойд Бэсүд, Элжигин, гуравдугаар хөвгүүн Онохуйд Горлос, Хэргүүд, дөрөвдүгээр хөвгүүн Аминдуралд хүрээ хороо, Цоохор, тавдугаар хөвгүүн Дарьд Хүхүйд, Хатигин, зургадугаар хөвгүүн Далданд Тангуд, Сартуул, долдугаар хөвгүүн Саму Бумад ганц Урианхан отгийг өмчлүүлэн хувиарласнаас Халх долоон хошууны үүсгэвэр тавигджээ.

XYI зууны эцэс XYII зууны туршид үргэлжилсэн Халхын гурван хант улсын хоорондын болон Ойрадтай хийсэн дайн самуун, ялангуяа, 1655-1888 оны хооронд Түшээт хан, Засагт хан аймаг болон Ойрадын хооронд болсон дайн самуун нь халх түмний түүхэнд хүнд үе байсан юм. Дайны хөл үймээнээр Халхын долоон хошуудаас олон зуун мянган өрх айлууд дүрвэн Өвөрмонгол, Орос, Хөх нуур, Алтай (Галдан бошигтын харъяанд) зэрэг нутаг руу нүүдэллэсэн ба зөвхөн 1700 оны эхээр уван цуван төрөлх орон нутаг, отог, хошуундаа зарим нь эргэж ирсэн ажээ.


1691 онд Халх нь Манж Чин улсад дагаар ороход засаг захиргааны зохион байгуулалт өөрчлөгдөж дөрвөн аймаг, 86 засаг хошуу, шавийн тавд хуваагдан аймаг, хошуудыг алтан ургийн Гэрсэнзийн удмын засаг ноёд үе залгамжлан захирч байжээ. 1911 онд Богд хаант Монгол улс тусгаар тогтнолоо зарлан нийт Монгол туургатанд даган нэгдэхийг уриалсан байна. Эл уриалгыг Өвөрмонголын 49 хошууны 36, Барга, Хөх нуур, Шинжааны монголчууд хүлээн авч Богд хаант Монгол улсад нэгдэхээ илэрхийлж байжээ. Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн харъяат барга хошууг, Шинжаанаас Сумъяа бээс 250 гаруй өрх айлыг дагуулан ирж Богд хаант Монгол улсад дагаар орсон байна. Гэвч Орос, Хятадын ашиг сонирхлоос болж эл үйл явц зогсож, улмаар 1915 оны гурван улсын гэрээгээр Монгол улсад “автономит” эрх олгосноор монголчуудын нэгдэн нийлэх гэсэн удаан хугацааны хүсэл эрмэлзлэлийг тасалдуулсан байна.


Халх эрэгтэйчүүд баруун гар руугаа товчилдог, дөрвөлжин тавиу энгэртэй, босоо захтай, хөх цэнхэр өнгийн дотор бүхий нударгатай, өргөн урт ханцуйтай, арын хормой урд хормойноос элбэг дээл өмсдөг. Халх эрэгтэйн үндсэн өмсгөл нь дээл, хүрэм, хантааз, бүс, гутал, малгай, чихэвч, цамц, өмд зэрэг юм. Тоорцог, лоовууз, хар хилэн, юүдэн зэрэг малгайнуудыг өмсдөг.


Халхчууд охиныг нь гуйж, сүй тавих үеэс эхнэр хүний иж бүрэн хувцас, гоёл чимэглэлийг бэлтгэн хуримын өдөр нь эхнэр хүн болгодог заншилтай. Эхнэр хүний дээлийн ханцуй урт нарийн, дэргэр мөртэй байдаг. Дээлэн дээр ууж өмсөх бөгөөд гоёлын, ажлын гэсэн хоёр янз байна. Өдөр тутам өмсдөгийг нь цээж ууж, гоёлд өмсдөгийг нь урт ууж гэнэ. Нөхөрт гарахаар үсээ дэрэвгэр болгон засаж, үзүүр хэсгийг үсний гэр туйванд хийнэ. Туйвны дээд хэсэгт цалин цагаан мөнгөөр хээ угалз бүтээн шүр сувд хатган тоноглодог.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах