Монгол угсаатан, түүний бүрэлдэхүүн

Аливаа угсаатан түүхийн болон нийгмийн хөгжлийн олон зуун жилийн явцад бүрэлдэн бий болдог билээ. Угсаатны нийтлэг нь гарал, хэл, соёл, зан заншил, аж ахуй, нутаг дэвсгэр гэх мэт нийтлэг зүйлүүдээр тодорхойлогддог. Монголчууд өөрсдийн гарал үүслийг дээд тэнгэртэй холбож ирсэн бөгөөд ингэж үзэх нь их эрт үеэс улбаатай. Нийгэм түүхийн хөгжлийн явцад тэргүүлэх овог аймгууд бий болж бусад овог аймгийг ноёлон захирах болсноос тэдгээр аймгуудын тэргүүлэгч, толгойлогчын удам гарвалыг хан цагаан ястай, тайж угсаатай хэмээн нэрлэж болжээ.


Тайж гэдэг нь “тэнгэр угсааны” гэсэн утгатай нанхиад үг бөгөөд XIY-XYI зууны үед монгол хэлэнд өргөн хэрэглэх болжээ. Тайж нарыг 5 хэсэгт хуваах бөгөөд эдгээрт, Боржигон тайж нар Бодончарын үүсгэсэн Алтан урагаас гаралтай бөгөөд дотор нь төрөл тайж, харъяат тайж хэмээн хоёр хуваана. Төрөл тайж гэдэг нь Чингис хааны шууд удмын тайж нар, харъяат тайж гэдэг нь Чингис хааны дүү Хавт Хасар, Бөх Бэлгүтэй, Отчигон ноён нарын үр хойчис юм. Цорос тайж нар Бөртэ чонын 12 дугаар үеийн ач Дува сохороос төрсөн Доной, Догшин, Эмнэг, Эрх хэмээх 4 хөвгүүний нэг Донойн удмаас үүсчээ. Хойд тайж нар XII-XIII зууны үед нэг түмэн ойрадыг захирч явсан Хутуга бэхи ноёны үр хойч юм. Урианхай тайж нар Чингис хааны есөн өрлөгийн нэг Зэлмэгийн үр хойчоос үүсчээ. Торгууд тайж нар Хэрэйдийн ван хан Тоорилын үр удам явсаар торгууд тайж нарын өвөг дээдэс болсон аж.


Эдүгээ монголчууд Монгол Улс, БНХАУ-ын Өвөрмонгол, Юннань, Хөх нуур, Шинжаан, ОХУ-ын Буриад, Халимагт, АНУ, Францад оршин суудаг. Түүнчлэн өөрсдийгөө монгол гаралтай хэмээн үздэг хазар монголчууд Афганистан улсад байдаг ажээ. Дэлхий дээр монгол гарвалтай нийт 10 сая орчим хүн байдаг.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах