Монгол Улс - Ардчилсан хувьсгал

1986 оноос ЗСБНХУ-д өөрчлөн байгуулалт өрнөж, 1989 оны эцсээр Прагад тайван хувьсгал явагдаж, хоёр Герман Берлины ханыг нураан, Бухарестэд төрийн өндөрлөгүүдээ цаазлах гэх мэт төв ба зүүн Европыг донсолгосон улс төрийн шинэчлэлтийн үр дүн Монгол оронд ч нөлөөлсөн юм. УБИС-ийн оюутнууд “Цагийн толь” сонин гаргаж, МҮЭСТО-нд улс төр сонирхогчдын “Орчлон”, улс төрийн “Шинэ үе” бүлгэм, “Залуу эдийн засагчдын клуб” зэрэг байгууллагууд бий болсноос гадна 1989 оны 11 дүгээр сарын сүүлчээр хуралдсан Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөлгөөнд оролцогсод нийгмийн байдлыг хурцаар шүүмжлэн шинэчлэлтийн үйлсийн төлөө шинэ байгууллага Монголын Ардчилсан Холбоог байгуулахаа зарлажээ.  Монгол улсад өөрчлөлт шинэтгэлийн үзэл санаа, үйл явц улам гүнзгийрсээр 1989 оны намар сүү тээврийн автобаазын жолооч нар цалин нэмэх шаардлага тавьж хоёр өдөр ажилд гараагүй бөгөөд энэ нь анхны ажил хаялт байлаа. Сонин хэвлэлээр хуучин тогтолцооны арга барилыг шүүмжилж, оюутан залуучууд ухуулах хуудас гаргаж, байгаль орчныг хамгаалах асуудлаар оюутны цуглаан болж, янз бүрийн эвсэл холбоод байгуулагдан ардчилсан хөдөлгөөний хурал цуглаанд нэгдэн нийгмийн хуучин тогтолцоо, хөгжлийн түвшин, урьд өмнө нь бүтээн байгуулсан бүх зүйлийг шүүмжилж эхэлжээ. 

1989 оны 12 дугаар сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн эл өдөр Залуучуудын соёлын төвийн үүдэнд цөөн хэдэн хүн оролцсон даруухан цуглаан болж Монголын Ардчилсан Холбоог байгуулснаа албан ёсоор зарлаж, дараа нь тус цуглаан Сүхбаатарын талбайд шилжин олон зуун залуучуудын жагсаал болон хувирсан байлаа. Жагсагчдын дотор тухайн үеийн эрх баригч сэхээтнүүдийн өөрсдийнх нь үр хүүхдүүд буюу 20-30 насны өндөр боловсрол мэдлэгтэй залуучууд байсан учраас тухайн үеийн засгийн газар, аюулаас хамгаалах байгууллага тараах гэж хүч хэрэглээгүй юм. Маргааш нь буюу 12 дугаар сарын 11,12-нд МАХН-ын XIX их хурлын YII бүгд хуралдаан дээр эрх баригч албан тушаалтнууд жагсагч залуусын хүсээд буй өөрчлөлт шинэчлэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлж байжээ. Монголын Ардчилсан Холбооны удирдагчид 1989 оны 12 дугаар сарын 17-нд өөрсдийн шаардлагаа төрийн эрх баригчдад өргөн барихад эрх баригчид шаардлагыг хүлээж аваад өөрчлөлт шинэчлэлийг 5 жилийн хугацаанд аажуу тайван хийхийг санал болгосон боловч залуу хувьсгалчид удаан хугацаагаар унжирч сунжирсан шинэчлэл хийхийг зөвшөөрөөгүй юм. Эл хөдөлгөөний удирдагч нь Санжаасүрэнгийн Зориг хэмээх залуу байсан бөгөөд Монголд бага дунд боловсрол эзэмшээд, Москвагийн их сургуульд суралцаж байхдаа коммунист дарангуйллыг эцэс болгохыг уриалсан оюутны бүлэгт элсэж байжээ.

1985 онд төгсөж ирээд МУИС-ийн нийгмийн ухааны факультетэд багшаар ажиллаж байхдаа “Шинэ үе” хэмээх бүлэг байгуулж, өөрийн гэрт уулзалт зохион байгуулдаг байжээ. 1988 онд “Залуу эдийн засагчдын клуб” байгуулагдсан бөгөөд түүний удирдагчид нь Зөвлөлтөд сургууль төгссөн эдийн засагч Мэндсайханы Энхсайхан, Даваадоржийн Ганболд нар байжээ. Эдгээр улс төрийн тэмцлийн явцад Монголын Ногоонтны Хөдөлгөөн, Монголын Сүсэгтний Холбоо, Монголын Малчин Тариачны Холбоо, Монголын Ажилчны Нэгдсэн Холбоо үүсэн байгуулагдаж, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл хурлаа хийж Монголын Ардчилсан Сэтгүүлчдийн Холбоо болон өөрчлөгджээ.

Монголын Ардчилсан Холбооныхон долоо хоног бүрийн Ням гаригийг алгасалгүй жагсаал цуглаан зохион байгуулж, Эрдэнэтийн үйлдвэрийн ажилчдаас эхлэн хөдөө орон нутгийн малчин тариаланчид гэх мэт олон мянган дэмжигчид тэмцэлд нэгдэн, 1921 онд гарч байсан “Шинэ толь” сэтгүүл хэвлэгдэн гарч, “Ардчилал” хэмээх цоо шинэ сонин хүмүүст хүрч, “Хонх” хамтлагийн дуу хоолой түгэж, улс орон даяар хамарсан хөдөлгөөн болж өрнөсөн юм.

1990 оны 1 дүгээр сарын 21-нд шинэчлэлийг түргэтгэхийг шаардсан том цуглаан зохион байгуулагдсан бөгөөд 12-р сарын 10-наас эхлэн эл өдрийг хүртэл ганц сарын хугацаанд Монголын Ардчилсан Холбоо хэрхэн хүрээгээ тэлж өргөжсөнийг харуулжээ. Цуглаанд нийслэл хот төдийгүй жижиг хотууд, хөдөө орон нутгаас төлөөлөгчид ирж оролцон, жүжигчин Сосорбарам Чингис хаанаа магтан дуулсан нь Чингис хааны нэрийг хэлэхээс айдаг цаг үе аль хэдийнээ өнгөрснийг илтгэж, ЗХУ-аас Монголд хэрхэн нөлөөлж байсныг нэлээд ширүүн шүүмжилж эхэлсэн юм. 

1990 оны 2 дугаар сарын 16-нд Д.Ганболдын санаачилгаар Монголын Үндэсний Дэвшлийн Нам байгуулагдсаны дараа 2 өдрийн хойно 18-нд Монголын Ардчилсан Холбооны анхдугаар их хурал  хуралдаж, тус хурлаас Монголын Ардчилсан Намыг байгуулж даргаар нь Э.Бат-Үүлийг сонгожээ. МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийг 35, тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгон баталжээ. Ардчилсан хөдөлгөөний тэмцэл 1990 оны 3 дугаар сард оргилдоо хүрч 7-ны өдөр Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж Улс Төрийн Товчоог огцрохыг шаардсан нь Монголд анх гарсан үзэгдэл байсан учраас хүмүүс хирдхийн цочирдож байсан юм. МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх 1990 оны 3 дугаар сарын 29-ний өдөр МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон тухай мэдэгдэл хийснээр улс төрийн өлсгөлөн зогссон юм.

Хуучин төрийн эрх барих дээд байгууллага болох Ардын Их Хурлын сонгууль болж 420 гишүүнтэйгээр байгуулагдан тэндээс 53 гишүүнтэй байнгын ажиллагаатай Улсын Бага Хурлыг сонгож, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбат, Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэнг тус тус сонгожээ. МАХН дахин эрх баригч болсон боловч шинээр томилогдсон Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг бүрдүүлэхдээ өөр намуудаас оролцуулж Эвслийн засгийн газар болгосон юм. Шинээр байгуулагдсан Улсын Бага Хурал нь Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн. Энэ хооронд Монгол оронд ажиллаж амьдарч байсан Зөвлөлтийн мэргэжилтэн, Зөвлөлтийн цэргийн ангиуд нутаг буцаж, Зөвлөлт Холбоот Улсаас нийлүүлдэг зарим хангамжууд бүгд зогсож, Монгол улс өөрийнхөө хүчээр урагшлан хөгжих хүнд хэцүү цаг мөч ирж, эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой анхны шийдвэрийг 1991 оны 1 дүгээр сарын 15-нд гаргасан билээ. “Эдийн засгийн зах зээлийн зохицуулалтанд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” гэсэн Засгийн газрын тогтоол байсан бөгөөд эл шийдвэр удалгүй орон даяар “20 дугаар тогтоол” хэмээн яригдаж өнөөг хүртэл байнга шүүмжлэгдэж ирсэн юм. Тогтоол гарснаар үйлдвэрлэлийн зардалд гол нөлөөтэй бензин, түлш, нүүрс цахилгааны үнэ 1.74-1.95 дахин нэмэгдсэн нь нийт улс орны хэмжээний үйлдвэрлэл үйлчилгээний зардлыг тэр чинээгээр нэмэгдүүлжээ. Олон нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл алдагдалд орж, 1991 оны улсын төсвийн алдагдал 2.8 тэрбум төгрөгт хүрч анхны тооцооноос 6.6 дахин нэмэгдсэн байлаа. Мөнгөний ханш 2 дахин буурч, нэг шөнийн дотор юмны үнэ 2 дахин нэмэгдэж, хүмүүс анх удаа 1 төгрөг 40 мөнгөний талхыг 2 төгрөг 80 мөнгөөр авч, автобусанд нэг төгрөг төлж зорчих болжээ.

1991 оны 5 дугаар сард “БНМАУ-ын өмч хувьчлах тухай хууль” батлагдан, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай Улсын Их Хурал болон Засгийн газрын хоёр ч тогтоол мөн оны 6, 7 дугаар сард гарчээ. 1991 онд Засгийн газар болон аймаг, хотын гүйцэтгэх захиргаадад өмч хувьчлалын комиссууд, мөн Хөрөнгийн бирж хэмээх байгууллага бий болж, төрийн өмчид үлдэх болон төрийн өмч давамгайлсан үйлдвэрийн газрын жагсаалтуудыг гаргажээ. Төрийн өмчид төмөр зам, иргэний агаарын тээврийн байгууллага, ой ангийн аж ахуй, малын тэжээлийн фонд, мал эмнэлгийн шинжилгээний байгууллагууд, эмийн үйлдвэр, үрийн нөөц, аймаг хотын ус сувгийн газар, автозам, улсын геологийн фонд, алт олборлох уурхай зэрэг 20 орчим төрлийн салбар байгууллагуудыг үлдээхээр тогтоожээ. Төрийн өмч давамгайлсан байдлаар хувь оролцох газруудад цахилгаан станц, нүүрсний уурхай, хар ба өнгөт металлын уурхай, боловсруулах үйлдвэрүүд, холбооны байгууллага, зарим хүнсний үйлдвэр, сайн үүлдэр угсааны малын үржлийн аж ахуй, фермүүд зэрэг 40 гаруй үйлдвэр аж ахуйн газруудыг хамруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

1992 оны 1 дүгээр сарын 13-нд Монгол улсын шинэ Үндсэн хуулийг эцэслэн баталж, БНМАУ гэдэг нэрийг Монгол Улс гэж нэрлэхээр тогтжээ. Энэ цагаас эхлэн төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага УИХ-ыг 1992, 1996, 2000, 2004, 2008 онд тус тус чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр сонгон бүрдүүлжээ. Шинэ Монгол улсын эдийн засгийн шинэчлэлийн гол бодлого нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих явдал байсан бөгөөд эл хугацаанд үнэ чөлөөлөх, өмч хувьчлах, банкны тогтолцоог шинэчлэн өөрчлөх, эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн юм.

Монголын хөрөнгийн бирж 1993 онд 700 хүнтэй, 29 брокерын пүүстэй байсан бөгөөд тус биржийн шугамаар 1992 оны 2 дугаар сараас эхлэн 1992 оны 11 дүгээр сар хүртэл 170 шахам үйлдвэр, аж ахуйн газар хувьчлагдаж, 1992 оны эцэс гэхэд нийт малын 70.2 хувь нь амины мал болсон байжээ. Монгол улсад үнэт цаасны хууль батлагдан 1995 оны 8 дугаар сараас үнэт цаасны 2 дахь зах зээлийг нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд 1995 оны байдлаар 440 гаруй хувьцаат компани хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалж байсан мэдээ бий. Хувийн сектор нь 1995 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэсэн байна.

1996 онд байгуулагдсан шинэ Засгийн газар Төрийн Өмчийн Хороог байгуулж төрийн өмчийн тооллого явуулж, төрийн болон орон нутгийн өмчийн тухай тусгай хуулийг 1999 онд батлуулж, эл хуулиар төрийн өмчөөс Нийслэлийн өмчид 120 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 555 үйлдвэр аж ахуйн газрыг шилжүүлжээ. Үнэ чөлөөлөх бодлогыг буруу явуулснаас инфляцийн түвшин 1992 онд 325 хувьд хүрсэн хэмээн монголын эдийн засагчид дүгнэж байсан бөгөөд 1998 оны эцсийн байдлаар барааны үнэ, үйлчилгээний тариф 84 дахин нэмэгдэж, хүн ардын аж амьдралыг ихээхэн доройтуулсан нь хамгийн сөрөг үр дагавар байсан юм. 1991 оноос Төв банк, арилжааны банк гэсэн хоёр шатлалтай тогтолцоонд шилжиж, 1994 оны 4 дүгээр сард “Банкны тухай хууль”, 1993 онд Монгол банкны дүрмийг шинэчлэн баталсан. 1995 он гэхэд арилжааны 13 банктай байсан бол 2011 оны жилийн эцэс гэхэд Монгол банкнаас гадна арилжааны 18 банк бий болж, Ард, Анод, Монгол шуудан, Монгол бизнес, ХОТШ банкууд дампуурах буюу татан буугдсан байна.

1990 оны сүүлчээр албан татварын хууль батлагдсан боловч уг хуулийг тааруухан болсон гэж үзээд 1992 оны 12 дугаар сард дахин татварын багц хуулиудыг баталжээ. Үүнд: “Монгол улсын татварын ерөнхий хууль”, “Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль”, “Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”, “Монгол улсын хүн амын орлогын албан татварын хууль”, “Монгол улсын худалдааны албан татварын хууль” гэсэн таван янзын хууль батлагдсан юм. Бас “нэмүү өртгийн татвар” хэмээх нэгэн шинэ төрлийн албан татвар бий болжээ.

1990-2000 оны хооронд Монгол, Хятад, ОХУ болон бусад хуучин социалист системийн орныг дамнасан ганзагын наймаа цэцэглэн хөгжиж, хувийн хэвшлийн худалдааны байгууллага, үйлчилгээний газрууд хэдэн зуугаараа байгуулагдан, банк санхүүгийн шинэ маягийн тогтолцоо үүсэн бий болж улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулсаар иржээ. Орон сууцны хувьчлал 1997 оноос, газрын хувьчлал 2003 оноос хэрэгжиж, уул уурхайн салбар 1997 оноос амжилттай хөгжиж эхэлсэн бөгөөд Канад, ОХУ, БНХАУ, Герман, Франц  гэх мэт олон орны хөрөнгө оруулалтаар хамтарсан компаниуд бий болж Монгол оронд хүнд үйлдвэрүүд хүчирхэгжин хөгжиж эхлээд байна. Социалист нийгмийн үед экспортын 50 хувийг хонины аж ахуй дангаараа хариуцдаг байсан бол өнөө үед экспортын 85 хувийг уул уурхайн салбар дагнан хариуцаж байгаа нь сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол орны нийгэм эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байгаа бодит жишээ билээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

 

The Post-Communist Period (1990-present)

By the 1980’s Mongolia had become a totally transformed society. Its population had mushroomed to over two million and was also heavily urbanized, not just the capital but the new industrial centers of Darhan and Erdenet north of Ulaanbaatar and Choibalsan in eastern Dornod aimag. The level of education had also grown, in rural areas as well as urban centers, creating a growing intelligentsia. Interestingly, the dramatic crackdown on pro-democracy demonstrators in Beijing’s Tiananmen Square in 1989 barely caused a ripple in Mongolia. Instead, change came from the West and when perestroika was introduced in the Soviet Union, the ripples swept into Mongolia. Batmonh’s new communist leadership had tried unsuccessfully to implement economic change, but a new generation of Mongolians –mostly educated in the Union Soviet and Eastern Europe – demanded similar changes. Thankfully, the central role of the secret police and army had also diminished.

In contrast to other communist states of the time, Mongolia’s democratic revolution was remarkably peacefully and began with a series of popular demonstrations in late 1989 and early 1990. In a heady time frequently recalled by Mongolians today, mass demonstrations filled Ulaanbaatar’s Suhbaatar Square demanding an end to one-party rule and free elections. Opposition parties were formed and hunger strikes called.

By March 1990, the Politburo of the long-ruling Mongolian Revolution People’s Party (MPRP) resigned and massive constitutional and legislative reforms were implemented. After re-registering itself, the MPRP was joined by five new democratic parties. In Mongolia’s first free election in July 1990, the former Communist Party won a majority but agreed to share both the presidency and the government leadership with the opposition. A new constitution was drafted declaring Mongolia a parliamentary democracy with an elected president  exercising limited powers, guarantees of individual and property rights and freedoms, the separation of powers and a single 76-seat national assembly called the State Great Khural, elected every four years. For most of the times since, the MPRP-with its strong rural base- has controlled government.

Mongolian’s embrace of democracy has produced unprecedented freedoms-but also frequently acrimonies debates on the range of political, social and economic issues. And the excitement of those early days soon gave way to a downright tortuous and painful transition as the heavily subsidized and command-led Soviet-Style economy gave way to one based on the free market. The painful year severe shortages, rationing and unemployment between1990 and 1992 are still vividly recalled. Mongolians have survived much, and their resilience is now moulded by rediscovery of their traditional culture- and its long gloriously agonizing history.

Resource: Carl Robinson "Mongolia Nomad Empire of Eternal Blue Sky"